“Catwalk” хамтлагийн гишүүн, Загвар өмсөгч О.Пүрэвдулам: Би нүцгэн зураг авахуулж байгаагүй

Загвар өмсөгч бүсгүйчүүд “Catwalk” нэртэй хамтлаг жилийн өмнө байгуулсан. Тус хамтлагийнхан залуусын сонирхдог электро транс чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Тэд саяхан “Vanquish” хамтлагийн дуучин Дандийтай хамтран “Худалчхан” нэртэй дуугаа гаргасан юм. Ингээд хамтлагийн ахлагч загвар өмсөгч О.Пүрэвдуламтай ярилцсанаа хүргэе.
-Танай хамтлагийнхан бүгд “Шилмэл загварын ордон”-ы загвар өмсөгчид үү?
-Хамтлагийн гишүүн загвар өмсөгч Т.Туяамаа “Шилмэл загварын ордон”-ынхонтой гэрээтэй ажилладаг. Бусад нь өөр өөр загварын агентлагт харьяалагддаг. Манай хамтлаг анх дөрвөн гишүүнтэй байсан. Харин хэсэг хугацааны дараа нэг гишүүнд маань хувийн ажил гарснаар гурван хүний бүрэлдэхүүнтэй болсон. Бид хамгийн сүүлд хайрын баяраар поп чиглэлийн “Худалчхан” дуу гаргалаа. Энэ дуугаа “Vanquish” хамтлагийн дуучин Дандийтай хамтран хийсэн. Мөн “Гялбаа” сэтгүүлд зориулж хийсэн богино хэмжээний дуугаа дүрсжүүлсэн.
-Сүүлийн үед “Anymone”, “Extacy” зэрэг эмэгтэй хамтлаг байгуулагдаж байна. Танай хамтлаг тэднээс юугаараа ялгарах вэ?
-Биднийг хамтлагаа байгуулж байх үед электро, транс чиглэлээр дуулдаг хамтлаг байгаагүй. Залуусын дуртай, сонирхдог энэ чиглэлээр уран бүтээл хийх болсон нь бидний нэг давуу тал гэж бодож байна. Цоглог, хэмнэлттэй, доргио, шинэлэг хэлбэрээр дуу, дууныхаа клипийг хийх нь хамтлагийн зорилго. Мөн өмнө нь загвар өмсөгчдөөс бүрдсэн хамтлаг байгуулагдаж байгаагүй. Дээр нь нэмж хэлэхэд манай хамтлаг ямар нэг стильд баригдалгүй дуугаа хийнэ. Бид ганц электро транс гэлтгүй поп чиглэлээр уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаа.
-Хамтлагийнхны хувцаслалт шинэлэг харагддаг. Клипнийхээ хувцасны загварыг өөрсдөө гаргадаг уу?
-Бүгдээрээ ярилцаж байгаад ямар хувцас өмсөхөө шийддэг. Түүнээс хэн нэгнийг дуурайж хувцасладаггүй. Бидний клипэн дээрээ өмссөн зарим нэг хувцсыг энэ тэндхийн дуунаас санаа авсан гэж ярьж байсан. Үүнтэй санал нийлэхгүй байна. Шал өөр зүйлийг адилхан болгож харж байгаа нь сонирхолтой санагдсан. Бид дизайны чиглэлийн сургуулиудтай хамтран ажилладаг. Клипэн дээрээ аль болох шинэлэг загварыг харуулахыг эрмэлздэг.
-Загвар өмсөгчид яаж дуулж чаддаг юм бэ гэсэн зэмлэл сонсч байсан уу?
-Хамтлаг байгуулахдаа л иймэрүү яриа гарна гэдгийг мэдэж байсан. Тийм болохоор хүмүүсийн ярьдаг элдэв сөрөг мэдээллийг сонсохоор сэтгэлээр унаж санаа зовдоггүй. Бидний анхны уран бүтээлийг гарахад л сөрөг мэдээлэл гараад эхэлсэн. Зарим нь “Та нар загвараа үзүүлээд явж байхгүй юугаа хийгээд байгаа юм бэ” гэж ярьж байсан. Гэхдээ бид дуулж чадна гэж зориглосон болохоор санаа зовох зүйл байгаагүй.
Хамтлагийнхан маань бүгд л их бага хэмжээгээр дууны урлагтай холбогдсон туршлагатай. Бага байхдаа ямар нэг хэмжээгээр дуулж байсан. Манай аавын талынхан дуулдаг хүмүүс байдаг. Хамтлагийн гишүүн Т.Туяамаа төгөлдөр хуурч, ёочин тоглодог байсан. Э.Тунгалагтамир бүжиглэдэг, сургуульд байхдаа урлагийн үзлэгт ордог байсан.
Манай хамтлагийн гаргасан уран бүтээлийг үнэлж “Mongolian music video awards” наадмаас “Шилдэг электро хөгжмийн клип” шагнал олгосон. Наадамд анх удаа оролцож байгаа ч нэр хүндтэй шагнал хүртсэн нь бидэнд их урам зориг, хийж бүтээх хүсэл хайрласан.
-Хамтлаг байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд олны танил уран бүтээлчдээс сургамжийн үг сонссон байх?
-Өөрсдийнхөө хүрээний ах, эгч нараас үүнийгээ ингэж хий гээд зөвлөж байсан. Ялангуяа клипний зураг авалтаа ингэж хийвэл сонирхолтой харагдана гэх зэрэг зөвлөгөө өгдөг. Түүнээс илт зэмлэл сонсч байгаагүй.
-Таныг “Шилмэл загварын ордон”-д багшилдаг гэсэн. Үүнийхээ хажуугаар загварынхаа чиглэлээр ажиллаж байгаа юу?
-”Шилмэл загварын ордон”-д багшилж байсан. Тэр үед сурахын хажуугаар гэрээ хийсэн компанийн зураг авалтын ажил ихтэй байсан болохоор багшлахаа больсон. Дээрээс нь “Asian super model” тэмцээнд бэлтгэж байсан нь нөлөөлсөн байх. “Одоо “Монголын дизайнеруудын холбоо”-ны гэрээт загвар өмсөгч. Загварынхаа ажлыг ч орхигдуулахгүй гэрээгээр ажиллаад явж байгаа. Багшилж байх хугацаандаа шавь нараа ихэвчлэн фото чиглэлээр хөгжүүлсэн. Одоо миний шавь нараас сайн загвар өмсегч болсон цөөнгүй хүн бий. Ихэнх нь “Шилмэл загварын ордон”-д загвар өмсөгчөөр ажиллаж байна.
-Пластик хагалгаа хийлгэхийг юу гэж боддог вэ. Таныг хөхөө томруулсан гэх юм?
-Би хөх томруулах хагалгаа хийлгээгүй. Гэхдээ пластик хагалгаа хийлгэж байгаа хүмүүсийг буруу шаадаггүй. Олны танил хүмүүс олны өмнө гардаг гэдэг утгаараа хагалгаа хийлгэх тохиолдол гардаг. Хүн гоё сайхан харагдахын тулд яагаад гоо сайхны хагалгаа хийлгэж болохгүй гэж. Манайхан тэр хүн тэрийгээ засуулсан байна гэж ярьдаг.Би ийм дэл сул ярианд дургүй. Сүүлийн үед эрчүүд энэ тухай ярих болсон нь таалагдахгүй байгаа. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярих нь зохимжгүй юм шиг санагддаг.
-Магадгүй Танд гадаадаас ажлын санал ирж байсан байх. Ер нь загвар өмсөгчдийг харж байхад гадагшаа гарч ажиллах сонирхол их байдаг юм шиг санагдсан?
-Мэргэжлээ дээшлүүлэнгээ гадагшаа гарч загварын чиглэлээр ажиллах бодол байсан. “Asian super model” тэмцээнд явсны дараа тэнд загвар өмсөгчөөр ажиллах боломж өндөр байсан. Тухайн үед боловсролдоо илүү анхаарч байсан болохоор саналыг зөвшөөрөөгүй. Сүүлд Японд загварынхаа чиглэлээр ажиллах боломж гарсан ч эцсийн мөчид явж чадаагүй. Би МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд сурдаг. Энэ жил төгсөх болохоор хичээл ихтэй байгаа. Ер нь багаасаа энэ чиглэлээр сурна гэж боддог байсан. Тийм болохоор нэг мөрөөдлөө биелүүлж байна.
-Загвар өмсөгчийн хувьд энэ жилийн “Гоёл-2012″ наадмын ялагчийн талаархи сэтгэгдлийг тань сонсмоор байна. Энэ нэр хүндтэй шагналыг авах ёстой хүн нь  авсан гэж бодож байна уу?
-Загварын ертөнцийн хүнд хэцүү, амаргүйг мэдэх хүмүүсийн нэг нь тодорсон гэж бодож байна. М.Ундрах загвар өмсөхийн зэрэгцээ наадамд оролцож байгаа хүмүүсийн будалтыг хийдэг байсан багагүй туршлага хуримтлуулсан авьяаслаг бүсгүй. Тиймээс загварынхны дунд үеийнхэн түүнийг хүндэлдэг. Загвар өмсөгчийнхөө хувьд сайн моделийн тоонд зүй ёсоор орно. Яахав “Гоёл-2012″ наадмын дараа зарим хүмүүс сайн мэдэхгүйгээсээ болж янз бүрээр ярих тохиолдол гарсан. Ер нь загварынхаа хүрээний хувьд хүлээн зөвшөөргдсөн модель.
-Та нүцгэнээр зургаа авахуулж байсан уу?
-Нүцгэн зураг авахуулж байгаагүй. Өнгөрсөн оны сүүлээр “Үдшийн шивнээ” сэтгүүл дээр сваровски шигтгээтэй дотуур хувцас өмсөж зураг авахуулсан. Заримдаа өөрийгөө хуучинсаг үзэлтэй гэж боддог. Тийм болохоор энэ талаар хатуу байр суурьтай байдаг. Фото чиглэлээр илүү мэргэшсэн болохоор надад илүүтэй санап ирдэг. Цаашдаа ийм санал ирсэн ч татгалзсан хариу өгөх байх. Саяхан нэг тиймэрхүү киноны санал ирсэн. Мэдээж би үгүй гэж хэлсэн.
-Найз залуутай юу?
-Одоогоор гэр бүл зохиох бодолгүй байгаа. Гурван жил найз залуугүй явж байна. Би үнэнч, тууштай хүн болохоор түр зуурын үерхлийг хүсдэггүй. Боловсролдоо анхаарч сурахыг илүүд үздэг. Дээрээс нь хамтлагийнхаа уран бүтээлийн талаар хийх зүйл их байна. Эмээ маань намайг сайн хүмүүжүүлсэн нь нөлөөлдөг байх. Надад амьдрах ухааныг миний эмээ заасан. Аав, ээжээс минь илүү сургаал хайрласан даа. Эмээгийн минь сургаал миний амьдралын мөрдлөг болж байна.
-Загвар өмсөгчдийг энгэр султай гэж ярьдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хүмүүсийн амны зугаа болсон яриа л даа. Загварынхныг нийтэд нь хамруулж ярьдаг нь таалагддаггүй. Аливаа юмны муугаасаа сайн нь илүү байдаг гэдгийг санах хэрэггэй. Уулын мод урттай богинотой. Тэр олон дотор муу нь байлгүй яахав. Загвар өмсөгчдийг баян хүнтэй “явалдлаа” гэж ярьдаг. Гэхдээ заавал мөнге гэлтгүй хайр сэтгэлээрээ суусан байж болно биз дээ. Үүнээс гадна бас худлаа зүйлүүд байгаа л даа. Ингэж амьдарч байгаа хүмүүсийн харилцаа урт наслахгүй нь харагдаж байгаа байх. Гэхдээ ганцхан эмэгтэй хүнд буруу өгмөөргүй байна. Аль алинаар л болж байгаа.
-Хамтлагийнхнаа цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулахгүй юу?
-Cap шинийн дараа уянгын дуугаа гаргана. Клипнийхээ зураг авалтыг хэрхэн хийх талаар бодсон зүйл бий. Мөн энэ ондоо багтааж цомог гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Unen.mn”

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих