Монголын хил орчимд дахин хүчтэй газар хөдлөв

ОХУ-ын Кызыл хотоос зүүн тийш 93 км орчимд өчигдөр 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар “Reuters” агентлаг мэдээлэв. АНУ-ын Геологийн хүрээлэнгийн мэдээлснээр уг газар хөдлөлт ойролцоогоор 53 км-ийн гүнд болсон гэнэ. Энэ нь Сибирийн Тувагийн бүс нутаг буюу Монголын хилд тун ойрхон бөгөөд ийм хүчтэй газар хөдөлж буй хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь Сибирийн баруун өмнөд хэсэг буюу Монголын хилийн ойролцоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Харин тухайн үед газар хөдлөлт өчигдрийнхийг бодвол хөрсний өнгөц хэсэгт буюу 6.9 км гүнд болсон хэмээн АНУ-ын Геологийн хүрээлэн мэдээлж байв. Газар хөдлөлтийн цөм нь мөн Кызылээс зүүн тийш 94 км буюу өчигдрийн тэр цэгт болжээ. Хэдийгээр газар хөдлөлтөөс ямар нэгэн хохирол учраагүй ч уг бүсэд 1991 оноос хойш хамгийн хүчтэй газар хөдөлсөнд тооцогдож байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих