ФРАН ПИЛЧ: МОНГОЛ БОЛ АРДЧИЛЛЫН ЛАБОРАТОРИ БОЛЧИХООД БАЙГАА ОРОН

АНУ-ын Төрийн департаментын Үндэсний аюулгүй байдал, олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга, АНУ-ын Агаарын цэргийн академийн профессор, улс төр судлаач, доктор хатагтай Фран Пилч Фулбрайтын хөтөлбөрийн дагуу Монгол Улсад түр хугацаагаар ирээд байгаа юм. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд багшилж байна. Эрхэмсэг хатагтайтай ийн ярилцлаа.

-Сайн байна уу, Та. Юуны өмнө “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд тань баярласнаа илэрхийлье.

-Зүгээр ээ. Тантай ярилцах болсондоо би ч бас баяртай байна.

-Хатагтай Пилч! Монголын талаарх анхны сэтгэгдлээс тань ярилцлагаа эхлэвэл ямар вэ? Тухайлбал Таны төсөөлж байсан төсөөлөл зөрөөтэй байна уу?

-Нэг их зөрсөнгүй ээ. Монгол орныг “Маш гайхалтай” хэмээн товчхон тодорхойлж болж байна. Нэн ялангуяа хүүхдүүд надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Гэнэн томоогүй, цагаан цайлган, бас ямагт инээмсэглэх тэд үнэхээр хөөрхөн юм. Бүгд л надтай гар барихыг хүсэх нь өхөөрдөм байсан шүү. Би одоохондоо Улаанбаатараас гарч үзээгүй байна л даа. Гэхдээ танай нийслэл бол их тэсрэлттэй, эрч хүчтэй хот гэдэг нь шууд мэдрэгдсэн. Оюутнуудад су рал цах эрмэлзэл их байна. Анх ирэхэд л олон оюутан англи хэлээ сайжруулъя гэдэг үүд нээс надтай уулзсан шүү. Улаанбаатар байрандаа биш өдөр, өдрөөр урагшлан байгаа хот юм.

-Хүүхдүүдээс гадна гайхал тай санагдсан зүйл алга гэж үү?

-АНУ-аас ялгаатай хоёр зүйл байна. Нэгдүгээрт, энд маш хүйтэн юм. Гэхдээ дулаан хувцаслаж байгаа болохоор бас ч гэж гайгүй. Харин хамгийн хэцүү нь зам хөндлөн гарах явдал юм. Ганцаараа бол яагаад ч чадахгүй юм билээ. Иймээс бөөн монгол хүний дунд орж зам хөндлөн гарах аргад суралцаж байгаа. (инээв) Үзэж харах зүйлийн тухайд бол хүсэл их бий. Тухайлбал Монголын уран зургийн үзэсгэлэнг, бас гэр үзэж сонирхмоор байна. Мартсанаас монголчууд олон хэлээр ярьж чадаж байгаад гайхлаа.

-Хатагтай Пилч! Таныг өөрийнхөө хүслээр Монголд ирсэн гэж сонссон минь үнэн үү?

-Яг тийм. Яагаад гэвэл Монголын түүх маш сонирхолтой байдаг юм. Тун өвөрмөц орон. Эдүгээ хөгжиж буй ардчилсан орон гэдэг утгаараа ч тэр сонирхлыг минь их татсан. Фулбрайтын хөтөлбөрт хамрагдаж, Монголыг сонгоод энд ирээд байгаа минь маш азтай явдал.

-Яагаад азтай гэж…?

-Фулбрайтын хөтөлбөрт хамрагдсан олон хүн Монголыг сонгож өрсөлдсөн. Тэднээс шалгарсан минь эхний аз. Гэтэл эл хөтөлбөрийн дагуу тавигддаг бас нэг том шаардлага бол эрүүл мэндээр тэнцэх явдал байдаг юм. Энэ утгаараа есдүгээр сард эмчийн үзлэгээр ороход хөхний хавдартай гэсэн онош гарч, миний Монгол руу явах асуудалд эргэлзээ үүссэн. Харин мэс засал амжилттай болсноор би Монголд ирчихээд байгаагаа аз гэж байгаа юм.

-Үнэхээр аз юм аа. Та Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар тайлбарлаж өгөөч! Энэ хөтөл бөрт монголчуудыг яаж хамруулж болох вэ?

-Фулбрайт бол АНУ-ын эрдэмтдийг гадаадад су дал гаа хийлгэх, гадаадын эрдэмтдийг АНУ-д судалгаа хийлгэх боломжийг олгодог тэтгэлэгт хөтөлбөр юм. Хэрвээ та судлаач байгаад энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл болохгүй юм гэж үгүй. Хамгийн гол нь англи хэлээр сайн ярьж, бичдэг, бас эрүүл мэндээр тэнцэх нь чухал. Фулбрайтын тэтгэлэг авах хэцүү. Энэ бол судлаач хүнд хамгийн том боломж гэсэн үг. Харьж очсоныхоо дараа монголчуудад аль болох туслаж дэмжихийг хичээх болно оо. Тодорхойлолтыг нь гаргаж өгөх ч юм уу, бололцоотой бүхий л аргаар туслана аа.

-Та цэргийн хүн үү, энгийн хүн үү? Яагаад ингэж асууж байгааг минь ойлгож байгаа байх гэж найдаж байна?

-Агарын цэргийн академитай холбож асуулаа гэж ойлголоо. Энэ академид нис гэгч болох оюутнууд суралцдаг. Миний хувьд энгийн хүн. Энэ академиас өмнө “Rutgers university”-д багшилж байсан.

-Хатагтай Пилч! Та АНУын гадаад бодлогын асуудлаар хичээл заадаг, лекц уншдаг, энэ чиглэлээр сайн мэргэшсэн судлаач хүн. Энэ удаа ч гэсэн монгол оюутнуудад АНУ-ын гадаад бодлогын талаар лекц унших байх, тийм үү?

-Миний хичээлийн хөтөлб өрийн нэг хэсэг бол АНУын гадаад бодлогын асуудал байдаг.

-Тэгвэл АНУ-ын гадаад бодлогыг илт жанжлах, ноёрхох, бусдын хэрэгт “хошуу” дүрэх зарчмаар яв даг хэмээх шүүмжлэлийг та хүлээн зөвшөөрдөг үү. Монголд ийм үзэл бодолтой хүн надаас аваад олон бий?

-АНУ-ын Ерөнхийлөгч болгон өөр өөр бодол, бодлоготой байдаг. Б.Обамагийн тухайд олон туйлт гадаад бодлогыг голчилж, илүү хамтын ажиллагааны харилцаанд түшиглэдэг ерөнхийлөгч. Их ухаантай хүн. Одоо бол эдийн засаг сэргэж байна. Энэ нь юу юунаас ч чухал. АНУ ч гэсэн бусад улс орноос тусламж аваад буцаад тусалдаг болж байна. Энэ бол хамгийн сайн зарчим. Гэхдээ АНУ бол үргэлж гадаад орнуудад ардчиллыг хөгжүүлж, дэмжиж, энхтайван, тогтвортой байдлыг хангах, хамгаалахын төлөө гол үүрэг, ачааг нуруундаа үүрч явдаг улс.

-Таны судалгааны гол салбарын нэг нь геноцитийн асуудал байдаг юм билээ?

-Тийм ээ.

-Тэгвэл АНУ-аас Иракт хийсэн дайн ямар ч утга учиргүй, олон хүний аминд хүрсэн шүү дээ? Саддам Хусейны амь ч ялгаагүй. Иракаас ямар ч цөмийн болон бактерлогийн зэвсэг олдоогүй.

-Би санааг тань ойлгож байна. АНУ-д ч ялгаагүй энэ дайны талаар шүүмжлэгчид олон байдаг. АНУ-ын гадаад бодлогод таагүй ханддаг хүмүүс ч олон. Өнгөрсөн Засгийн газрын бодлогыг ийн шүүмжилж буй хүмүүсийг ойлгож болно оо. Дэлхийн амар амгалан, тайван тогтвортой байдлын төлөө улс болгон хувь нэмэр оруулах учиртай. Ингэх болно гэдэгт ч итгэдэг. Миний ойлголтоор дайн л болсон хойно сүйрэл дагуулдаг. Ирак руу дайрахдаа АНУ-ын засаг захиргаа өөрийн гэсэн бат итгэл үнэмшилтэй байсан болов уу. Аливаад АНУ ганцаараа гэх байр сууринаас хандах нь учир дутагдалтай. Миний хувийн бодлоор НҮБын Аюулгүйн зөвлөлийн гиш үүн орнууд хийгээд, олон улсын дэмжлэгийг авч байгаад Иракт дайн явуулсан бол зөв байх байлаа.

-Харамсалтай нь тэгээгүй…?

-Тийм ээ. Гэхдээ хаа нэг газар хүний эрх зөрчигдөж, тэнд хүчирхийлэл, дарангуйллын тогтолцоо тогтох нь сайн зүйл лавтайяа биш. Дэлхий дахинд миний, чиний гэх ялгаа улам арилж, бидний нийтлэг шинж улам тодорч байна. Бид америк, монгол гэхээсээ илүү дэлхийн хүмүүс.

-АНУ яагаад ингэж бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцоод байдаг юм бол оо. Энэ нь таны бодлоор зөв юм уу?

-Энэ бол миний судалгааны салбар биш. Улс орны тусгаар байдал гэдэг маш чухал. Гэвч тухайн орны засаг захиргаа ард түмнээ хүчирхийлээд байвал НҮБ-ын хүрээнд асуудлыг зайлшгүй зохицуулах учиртай болдог юм.

-Тэгвэл яагаад Иракийн тухайд НҮБ-ын шийдвэрийг огоорсон юм бэ?

-Маргаантай асуудлыг нэг энэ л дээ. Есдүгээр сарын 11-ний халдлага АНУ-д асар цочрол өгсөн юм. Иракийн дайн бол үүнээс үүдсэн төлөвлөөгүй үйл ажиллагааны гэм гэж би хувьдаа боддог юм шүү.

-Та Монголд ирснээр манай улстөрчидтэй ер нь уулзав уу? Уулзах уу?

-Хэнтэй ч уулзаж амжаагүй байна. Би эмэгтэйчүүд, жендерийн асуудлаар судалгаа хийхээр ирсэн. Тэр тусмаа дайн, мөргөлдөөнтэй бүс нутагт эмэгтэйчүүд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар судалгаа хийж, ном бичсэн. Тиймээс Монголд эмэг тэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлээр судалгаа хийдэг хүмүүстэй уулзах бодолтой байна.

-Манай оронд дайн байлдаан, үндэстэн ястны хооронд зөрчил мөргөлдөөн гардаггүй шүү дээ.

-Бурхны авралаар тийм юм даа.

-Улс төрийн чиглэлээр ямар нэгэн судалгааг хийхгүй гэсэн үг үү?

-Мэдээж Монгол Улсын зүгээс олон улсын хамтын нийгэмлэгийн тавцанд ямар бодлого явуулж байгааг сонирхож байна. Дэлхий монголчуудаас суралцах зүйл их ажиглагддаг.

-Тухайлбал…?

-Та нар хоёр их гүрний дунд оршдог. Энэ бол тийм амар байршил биш. Нөлөөлөлд амархан өртдөг гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Яг үнэндээ Монгол бол ардчиллын лаборатори болоод байгаа улс. Тиймээс Монголыг би судлаач хүнийхээ хувьд маш их сонирхдог юм.

-Энэ хавар Монголд бас АНУ-д сонгууль болно. АНУын дараагийн Ерөнхийлөгч хэн болох бол?

-АНУ-д Б.Обаматай өрсөлдөхөөр БНН-аас хэн дэвших нь тодорхойгүй байгаа учир хэн дараагийн ерөнхийлөгч болохыг нь таамаглаж чадахг үй байна. Гэхдээ л АНУ-д эдийн засаг сэргэж байгаа учир дараагийн ерөнхийлөгч хэн ч болсон их зүйлийг хийх боломжтой юм. Харин танай улсын сонгуулийн явцыг харахыг хүсэж байна.

-Хатагтай Пилч! Одоо тавих асуулт таныг эмзэгл үүлж мэдэх юм шүү?

-За, ямар асуулт вэ? Асууж болно шүү.

-Таны Монголд ирсэн явдал ирэх сонгуультай ямар нэгэн байдлаар холбоотой юу?

-Аан! (гайхав) Яагаад Та ийм асуулт тавьж байгаа билээ? Би сайн ойлгосонгүй.

-Энэ бол зүгээр л сэтгүүлч миний хувийн бодол юм шүү. Монголын улстөрд өөр өөрсдийн эрх ашгийн төлөөллийг гаргахыг манай хоёр хөрш орон лавтайяа хүсдэг юм.

-Намайг та бүр гайхашруулж орхилоо. Ер нь би зүгээр л судалгаа хийх, багшлах сонирхлынхоо дагуу Монголд ирсэн. Харин ч маш сонирхолтой гайхалтай асуултыг танаас сонслоо. Би зүгээр л багш хүн.

-Хатагтай Пилч! Таны гэр бүлийн талаар би асуусангүй еэ?

-Тийм шүү. Асуугаасай гэж бодож байлаа. Би хоёр хүү, таван ач охинтой. Тэдэнтэйгээ өдөр бүр интернэтээр дэргэд нь байгаа юм шиг л харилцаж байна. Ач охиддоо Монголын тухай л байнга сонирхуулж байна. Тэдэнд ч ер бусын сэтгэгдэл төрүүлсэн шүү. Найрсаг, зочломтгой Монгол орон. Ирэх зургадугаар сард буцах ч дараа заавал ирнэ. Тэр үед тантай дахиад уулзвал ярилцах сэдэвтэй болсон байна гэдэгтээ би итгэлтэй байна.

-Тэгээрэй. Тэр үед заавал уулзаж ярилцлага хийнэ гээд хоёулаа одоо тохирчих уу?

- (инээв) Тэгье, тохирлоо

-Ярилцлага өгсөн явдалд тань дахин талархъя. Баярлалаа.

Ш.ДАВААДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих