Нарны гүүрийг товлосон хугацаанаас өмнө ашиглалтад өгөхгүй

Нарны гүүрний барилга угсралтын ажлыг шахаж, сонгуулиас өмнө ашиглалтад оруулж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм. Гүүрийг барьж байгаа “JFE” компанийн төслийн удирдагчид Япон улсаас ирж барилга угсралтын ажлыг эхлүүлэх асуудлаар хуралджээ. Тус төслийн удирдагч Цүжи Хидэакигаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Нарны гүүрний барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Өвлийн улиралтай холбоотойгоор төмөр зам дээгүүр гүүрэн зам барих ажил түр зогсоод байсан. Гуравдугаар сарын дунд үеэр ажил эхэлнэ. Одоо бэлтгэл ажил хийгдэж байна. Гүүрэн замын барилга усралтын ажил 80 орчим хувьтай байна.

-Хэзээ ашиглалтад өгөх вэ?

-Төлөвлөгөөгөөр энэ оны арваннэгдүгээр сарын дундуур ашиглалтад өгнө.

-Гүүрийг сонгуулиас өмнө ашиглалт оруулах үүрэг өгсөн юм уу?

-Одоогийн байдлаар албан ёсоор сонгуулиас өмнө дуусга гэсэн үүрэг өгөөгүй байна. Барилгын ажлыг хоёр, гурван сард яаравчилж хийхэд гүүрний чанарт нөлөөлж магадгүй. Тиймээс арваннэгдүгээр сарын 11-нд хүлээлгэж өгөх нь оновчтой юм.

-Ямар ажил үлдсэн бэ?

-Борооны ус зайлуулах систем хийх гэх мэт бага сага ажил бий. Мөн бетонон гүүрийн хучилтын,     замын асфальт бетонон хучилтын ажил огт хийгдээгүй байна. Дээр нь гэрэлтүүлэг, гэрлэн дохио шинээр угсрагдах ёстой.

narnii guur-Гүүрийг барихад нийт хичнээн төгрөгийн хөрөнгө зарцуулж байгаа вэ?

-Хоёр улсын хоорондын нот бичигт зааснаар ойролцоогоор гурван тэрбум 500 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой.

-Гүүрэн зам барихад газар чөлөөлөх, шугам сүлжээний ажил шийдэгдэхгүй удаашралтай байсан. Мөн элэ хайрга, барилгын материалын чанарт асуудал гарсан гэж дуулсан. Одоо ийм хүндрэлүүд гарч байгаа юу?

-Бидэнд байгаа одоогийн мэдээллээр газар доогуур инженерийн шугам сүлжээ зэрэг тулсан асуудал гараагүй байна. Дулааны шугам сүлжээ ерөнхийдөө шилжсэн гэж ойлгож байгаа. Барилгын ажлын явцад ухаагүй байгаа газраас цахилгаан, дулааны шугам гарч ирэхгүй гэж урьдчилан хэлэх аргагүй.

-Нарны гүүрний хүчин чадал, насжилтын талаар юу хэлэх вэ?

-Техникийн засвар үйлчилгээг шаардлагатай үед нь зөв хийгээд явбал зуун жил ашиглана. Засварын үйлчилгээ арчилгаанаас хамаарч 20, 50 жил ч ашиглаж болох юм.

-Танай компани энэ гүүрнээс гадна өөр зам, барилгын томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцохоор төлөвлөсөн зүйл байгаа юу?

-Одоогийн байдлаар манай компанийн барьж байгаа энэ ажилтай дүйцэхүйц ажил Монголд байхгүй байх шиг байна. Хэрвээ манай компанийн технологи шаардлагатай барилга угсралтын ажил байвал оролцох сонирхол байгаа.

Х.ЦЭНД-АЮУШ


URL:

Сэтгэгдэл бичих