ТӨХ-ны даргын суудалд зүгтэж буй Б.Заяабал гэгч хэн бэ

Төрийн өмчийн хорооны даргын албан тушаал Монгол Улсын өмч хөрөнгөтэй холбоотой учраас дурын хүнийг тавиад байдаггүй. Тийм ч учраас ТӨХ-ны даргаар одоогийн УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Зоригг, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Д.Сугар зэрэг төр түмэнд танигдсан эрхмүүд ажиллаж байсан. Энэхүү суудалд олон танигдсан, улсын өмчийг гарын салаагаар урсгахгүй хүнийг олж тавьдаг хар хайрцагны бодлого бий.

ТӨХ-ны дарга Д.Сугар ажлаа өгсөнтэй холбогдуулан тус байгууллагын даргаар хэн очих вэ гэсэн таамаг хэвлэлээр явсаар байгаа билээ.

Ерөнхий сайд Сү.Батболд өөрийн итгэлт хүн болох БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан В.Энхболд гэдэг нөхрийг авч ирсэн. Энэ ажиллагаанаас үзвэл ТӨХ-ны даргын суудал Ерөнхий сайд С.Батболдод тун хэрэгтэй болсон юм шиг харагдана.

Сүүлийн үед Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулахдаа улс төрийн хүчний захиалгаар нас, хүйс, төгссөн сургууль зэргийг хувцасны хэмжээ авч байгаа мэт тааруулдаг болсон. Тэр утгаараа ТӨХ-ны даргын суудалд тавигдах шаардлагыг Ерөнхий сайд С.Батболдын захиалгаар яв цав тааруулсан байна. Гэтэл нөгөө БНЭУ-аас урьж залах нь холгүй олж ирсэн В.Энхболд нь “ТӨХ-ны даргаар очихгүй” хэмээн гэдийчихсэн гэнэ.

Ийнхүү Ерөнхий сайдын хүн гэдийсэн учир Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сиймхийг ашиглан өөрийн хүнээ тавихаар Ерөнхий сайд С.Батболдтой тохиролцож чаджээ. Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар өөрийн сонгуулийн менежер, нутгийн дүү Б.Заяабалыгаа зүтгүүлж эхэлсэн аж. Тэгэхдээ Төрийн Албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг дуудан ирүүлж өөрийн хүнийг сонгон шалгаруулалтад тэнцүүлэхийг үүрэгдсэн байна. Ерөнхийдөө бол төрийн албанд эрх мэдэлтнүүд өөрийн хүнээ байршуулдаг тогтолцооны нийтлэг арга барил юм даа.

Б.Заяабал авьяас мэдлэг, ур чадвар өндөртэй бол Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежер, нэг нутаг байх нь хамаагүй сонгон шалгаруулалтад орох эрхтэй. Харамсалтай нь мань эр сонгон шалгаруулалтад тавигдсан шаардлагыг хангах нь битгий хэл төрд ажиллах нэр нүүргүй нэгэн гэнэ. Тэрээр 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд ажилд орохдоо Төрийн албаны шалгалтыг өгөөгүй нэгэн аж. Тэгэхдээ Төрийн албаны зөвлөлийн хуурамч дүгнэлтийг өөрөө үйлдсэн баримт нь зарим нэг хүний загатнасан газар маажаад авсан бололтой.

Сонгон шалгаруулалтын журамд төрийн албанд арваас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд гурваас доошгүй жил ажилласан, орос хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй байх гэх мэт заалтад Б.Заяабал яагаад ч нийцэхгүй байгаа гэнэ. Төрийн өмчийн хорооны даргын суудалд өдгөө 14 эрхэм өрсөлдөж байгаа аж. Улстөрчдийн захиалгаар энэхүү суудалд худал хуурмагт нүд нь дассан этгээдүүдийг тавих юм бол уул уурхайн компаниудын сонгон шалгаруулалт, тендер төслүүд хаашаа урсах нь тодорхой юм.

Б.БАТХУЯГ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих