С.Зориг, Ц.Наранцацралт, Л.Энэбиш, Ө.Дашбалбар нарын учир битүүлэг үхэл ба С.Баярын “өвчилсөн элэг”

Сүүлийн 10 гаруй жилийн дотор монголын улс төрийн хүрээнд учир битүүлэг үхлүүд олонтаа гарах болсон нь эрхгүй сэжиг төрүүлэх болов. С.Зориг, Л.Энэбиш, М.Зэнээ, Б.Зуунай, Д.Наранцацралт, Ө.Дашбалбар, Б.Отгонбилэг, хамгийн сүүлд О.Энхсайхан. Тэдний хэн нь ч газар шорооныхоо төлөө, шударга ёсны төлөө, монголын төр, эдийн засгийн шилэн дээр хувалз шиг шигдсэн мафийн бүлэглэлүүдийн нөлөөллийг буруулахын төлөө зүтгэж явсан хүмүүс билээ.

10 жилийн өмнө С.Зориг учир битүүлгээр алуулсан. Ул мөр нь маш тодорхой энэ хэрэг илрэхгүй 10 жил болов. Үүнийг улс төрийн шалтгаантай болгодог хэд хэдэн нөхцөл бий. Юуны өмнө С.Зориг тухайн үед Дэд бүтцийн сайд байсан. Тэр үед Эгийн голын усан цахилгаан станц зэрэг хэдэн зуун сая доллараар тооцогдох төслүүдийн хувь заяа шийдэгдэх үү, яах вэ гэдэг дээр байлаа. Зарим маш тодорхой эдийн засаг-улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхолын өмнө С.Зориг хөндөлдөж байв

Тэрээр Ерөнхий сайд болох нь тодорхой болчихсон байсан тэр үдшээ алуулсан. Өмнө АН-ынхан өнөөгийн УБ хотын орлогч дарга Да.Ганболдыг /халзан/ Ерөнхий сайдад 7 удаа нэр дэвшүүлэн зүтгүүлсэн боловч тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Багабанди бат цайз мэт зогсож байлаа. До.Ганболдод итгэж болохгүй хэд хэдэн шалтгаан байсан. Юуны өмнө тэрээр 1990-ээд оны эхээр Шадар сайд байх үедээ Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх бодлого явуулсан нь өнөөг хүртэл энэ бодлогын хар сүүдэр нь арилаагүй. Ганболд өмч хувьчлалыг жинхэнэ нохойн замаар оруулах ажлыг гардан зохион байгуулж, үр дүнд нь нийт хүн амын 7 хүрэхгүй хувь нь монголын ард түмний 70 жил хураасан өмчийн 87 хувийг хүртсэн билээ. Үүний цаана өмч-эрх мэдлийн ашиг сонирхол дээр суурилсан мафийн, эрүүгийн шинжтэй хэд хэдэн бүлэглэл ажиллах болсон бөгөөд тэдгээр бүлэглэлүүдийн ашиг сонирхолыг УИХ болон Төрийн дээд түвшинд Ц.Элбэгдорж, До.Ганболд мэтийн хүмүүс төлөөлж байв.
С.Зоригийн аллагаар МАХН-ын Д.Мөрөн улс төр хийсээр УИХ-д сонгогдож билээ. Хачирхалтай нь УИХ-д нэр дэвшихийнхээ өмнөхөн тэрээр МАХН-ын гишүүн болсон байдаг. АН-ынхан Засгийн эрхэнд байгаа цагт Зоригийн хэрэг илрэхгүй хэмээн тов тодорхой хэлж байсан Д.Мөрөнгийн үг мартагдаагүй. Гэвч тэр эрх баригч болсон МАХН-тайгаа нийлээд энэ хэрэгт өчүүхэн ч ахиц гаргаагүй юм. Уг нь тэр анхны мөрдөн шалгах ажлыг гардаж байсан хүн шүү дээ. Д.Мөрөн яагаад таг болчихов гэдэг нь өөрөө олон нууцын учгыг хөндөж өгөх учиртай.
Зарим хүмүүс маш тодорхой логик дүгнэлт хийж байсан. Тухайлбал Дожоо Дорж хэмээх зохиолч С.Зоригийн аллагын эзэд нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Бат-Үүл нарыг хэмээн шууд нэрлэсэн ном хүртэл бичиж байв даа.
Гэвч юутай ч С.Зориг агсны хэрэг илэрсэнгүй. Тэрээр АН дотроо хамгийн шударга нь, хувийн эрх ашгаа хамгийн бага илэрхийлдэг нь, зарчимд үнэнч байсан нь мөн. Хэрвээ С.Зориг өнөөдөр амьд байсансан бол Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч болно гэж юу байсан юм. Ард түмэн С.Зоригоо л сонгох байсан. С.Зоригийг алуулсны маргааш өглөө АН-ын байрны үүдэн дээр болсон цуглааны бичлэгийг хэрвээ одоо устгачихаагүй бол тэндээс Ц.Элбэгдоржийн баяр хөөрөө багтааж ядан зогсоог харах болно. С.Зоригийг алуулж байх тэр цаг үетэй АН-ынхны “хоёрдугаар ээлж” хоолондоо орж байсан цаг давхцаж таардаг. Тэр үеийн АН-аас УИХ гишүүн болоод дээгүүр албан тушаалд байсан хүмүүсийн нүд чухам мөнгөөр мэлтийж байсансан. Ямар увайгүй, ичиж айхгүйгээр идэлцэж, сэгээ хуваалцах цөөвөр чоно шиг олзоо булаалдан зодолдож, буудалцаж, заримыгаа бүр хүнд бэртээж, амь насыг нь хүртэл хохироож байв даа. Нэгхэн жишээ гэхэд л ардчиллын дууч агсан “Хонхны” С.Цогтсайхан байв. Түүнийг ТТГ-ын дарга байсан, АН-ын нэр нөлөө бүхий зүтгэлтэн “боевик” Билэгт зодсоноос үүдсэн тархины гэмтэл нь нөгөө ертөнцөд авч одсон гэдэг. С.Зоригийн хэрэг илэрвэл маш олон зүйлийн учиг тодорхой болж, өнөөгийн төрийн өндөрлөгт байгаа олон хүний сүнс хийсэх байх. Гэсэн ч С.Зоригийн хэрэг илрээгүй хэвээр. Өнөөгийн төр засгийн эрхэнд ээлжлэн сууж буй АН болоод МАХН-ын хуучин хашируудын байгаа цагт энэ хэрэг илрэхгүй нь тодорхой болов. Магадгүй, ерөөс хэзээ ч илрэхгүйгээр мөр улыг нь баллаж чадсан биз ээ.
Үүний дараагийн бас нэгэн сонирхолтой үхэл нь Л.Энэбиш агсны үхэл яах аргагүй мөн. Урьд орой нь зүв зүгээр дайллагад оролцоод инээж наадаад явж байсан хүн шүү дээ. Элгээр явсан. Л.Энэбиш агсны үхэл хэнд ашигтай болсон нь өнөөдрийн өндөрлөгөөс харвал маш тодорхой. Тэр үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга хүртэл өндөр албан тушаал хашиж явсан тэрээр хэрвээ амьд байсан бол өнөөдрийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн аль нэг нь байх байсан. Чухам Н.Энхбаярын цаанаа хамгийн ихээр үзэн ядаж, замаасаа зайлуулахыг хүсэж, зүүдэлж байсан хүн нь Л.Энэбиш байсан билээ. МАХН дотор Н.Энхбаярын хууль бус “дээрмийн” бүлэглэл хүчээ авч буйг сэрэмжлэн харж, түүний эсрэг тууштай зогсож байсан хүн бол Л.Энэбиш мөн. Н.Энхбаярын бүлэглэлийг нам дарах хүч ч Л.Энэбишийн бүлэглэлд байсан. Хуучин хотын мэр байхаасаа цуглуулж эхэлсэн түүний бүлэглэлд санхүүгийн маш хүчтэй, санаа нь чоно болчихсон Бадамжунай мэтийн олон хүн байлаа.
Ц.Наранцацралт агсны үхэл ч мөн л сэжигтэй. Хэдийгээр шинжээчдийн дүгнэлт санамсаргүй осол хэмээн нотолдог ч эрх мэдэл байгаа цагт ямар ч дүгнэлт гаргаж болно шүү дээ. Ц.Наранцацралтын золгүй үхэл хэнд хэрэгтэй байсан нь ч бас ойлгомжтой. Юуны өмнө түүнийг Ерөнхий сайд байхад нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэн нэгэн захидлын хэргээр бөгсийг нь ухсаар байгаад унагаж авсан. Түүнд хавсарга болсон хүн бол Н.Энхбаяр байлаа. Чухам тэгэж парламент дахь хоёр нам хүч хавсарч байгаад Ерөнхий сайд аа унагаж байсан нь үнэхээр гаж явдал байв. Аргаа барахдаа Ц.Наранцацралт АН-аас салан тусгаарлаж байхав дээ. С.Зоригийн дараа үлдсэн АН доторх хамгийн голч, шударга, жинхэнэ төрийн хар хүн бол Ц.Наранцацралт байлаа. Тэр эрх мэдэлтэй байх нь паразиталж сурсан маш олон хүний шуналыг тодорхой хэмжээгээр хязгаарлах байв. Асуудал ойлгомжтой.
УИХ-ын гишүүн “Эрдэнэт”-ийн гэгдэх Г.Отгонбилэгийн үхэл ч бас санамсаргүй гэхэд хачин. Түүнийг амь үрэгдэх тэр үед нь бие хамгаалагчаар Монголын Жеткундогийн холбоог үндэслэгч, тухайн үедээ л монголын толгой зодоончдын нэг П.Батзориг ажиллаж байв. П.Батзориг тэр нисдэг тэргэнд хамгаалагчаар явах боломжтой байсан ч яг нисэхийн өмнө түүнийг суулгаагүй гэдэг. Хэрвээ хэн нэгэн мэргэжлийн хамгаалагч явсан бол хаалгыг онгойлгох бүрэн боломж байсан гэдгийг тэрээр нэгэнтээ дурдаж байсан. Өнөөдөр Отгонбилэг агсан амьд байсансан бол Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын хошгирдог гэж юу байхав. Ерөнхий сайд ч, Ерөнхийлөгч ч элбэгхэн хийх чадвар түүнд байсан хийгээд түүнээс ч илүүгээр тэдний бүлэглэлүүдийг тодорхой хэмжээнд хазаарлаж, өрсөлдөж чадах хүч чадал, нөлөө түүнд байсан.
М.Зэнээ, Ө.Дашбалбар, О.Энхсайхан нар бүгд элгээр өнгөрсөн нь сэжигтэй байдаг. Энэ гурвын аль нь ч шударга талдаа түмүүс байсан. Хэдийгээр М.Зэнээ агсан заримдаа хэт бүдүүлэг аашилдаг ч, Ө.Дашбалбар хэтэрхий туйлширдаг байсан ч аль аль нь хэрвээ амьд байсансан бол өнөөдрийн төрийн толгойд байгаа энэ идээчин, уугаачингуудад тодорхой хэмжээний хязгаарлалт болж, олон түмнийхээ шударга үнэний дуу хоолой болж чадах хүмүүс билээ.
Гэтэл өнөөдөр С.Баяр бас элгээр өвчлөв. Ер нь элэг бол хүний хамгийн эмзэг чухал эрхтэн. Хоронд элэг хамгийн түрүүнд гэмтдэг. Хараал мөн л элгэнд хамгийн түрүүнд тусдаг.

С.Баяр – ганцаардсан чонын гар дахь хөзөр

С.Баярт уг нь дайсан олон. Гэвч тэр хүчний харьцааг тооцож үзээд, хамтарсан Засгийн газрыг байгуулсан нь нэгэнт Монголын төр хийгээд эдийн засгийн гол судлууд дээр суусан олон паразит бүлэглэлүүдийн дайныг намжаасан төдийгүй, тэдний хүчийг Засгийн газартаа зөвөөр ашиглах боломжтой гэж тооцсон. Хамгийн гол нь тэдэнтэй хэрвээ хамтарч, тугалыг нь тураалгүй, эхийг нь эцээлгүй л ажиллахгүй аваас тэр мафийн бүлэглэлүүд мань хүнээр юу ч хийлгэхгүй гэдэг нь 2+2=4 гэдэг шиг маш ойлгомжтой байв. Юун Атрын аян, юун Оюу толгойн гэрээ, юун хөгжлийн хөтөлбөр, юун авилгалын эсрэг тэмцэх, юун иргэдээ бүртгэлжүүлэх, юун орон сууцны хөтөлбөр… Өнөөдрийн тухайд АН болоод МАХН-ын эрх ашгийн бүлэглэлүүд маш хүчтэй хийгээд тэдний хоорондын тохиролцоо, сөргөлдөөнөөр л монголын эдийн засаг, улс төр төдийгүй монголын ард түмний хувь заяа тодорхойлогдож байгаа нь үнэн билээ. Ийм нөхцөлд тэдэнтэй шууд дайн зарлаад ямар ч амжилт гарахгүй, харин ч маш хялбархан няц даруулах болно. Ялангуяа С.Баяр шиг өөрийн гэсэн бүлэглэл, баг байхгүй хүнд. Түүнд зөвхөн шударга үнэнийг, далайцтай ажил, цараатай сэтгэлгээг хүссэн ард түмний, сонгогчдын тодорхой хэсгийн дэмжлэгээс өөр юу ч байгаагүй. Ийм тохиолдолд С.Баяр улс төрийн тактик, хөзрийн тоглолтын хамгийн зөв хувилбарыг сонгож чадсан юм. Бүр өөрт нь илэрхий дайсагнаж байсан бүгдийг өөртөө татсаныг нь яана. Жижиг гэлтгүй татсан. Түүний энэ тоглолтыг улс төрийн хувьд захын бага гарын муушигнаас хэтэрч сэтгэдэггүй МАХН-ын хуучинсагууд, бас хийрхүү нар, бялуу горьдсон хоосон цээжнүүд огтхон ч ойлгоогүй билээ. Яаж ч ойлгохов дээ. С.Баярыг хамтарсан Засгийн газар байгуулахад тэд бараг өмдөндөө шээчих шахсан. Тэдэнд алсын эрх ашгийн тухай бодол биш харин тухайн үед олдсон боломж нь чухал байсан учраас тэр.

С.Баяр ба М.Энхболд

Юуны өмнө С.Баяр шадар сайдаар М.Энхболдыг тавьсан нь гайхалтай, улс төрийн нүүдлийн хувьд өнөөдрийн нөхцөл байдалд хамгийн зөв оновчтой хувилбар байлаа.  Уг нь М.Энхболд бол С.Баярын хувьд хамгийн түрүүнд шахаж, зайлуулах ёстой хүн, С.Баярын зам дээр удаанаар, хорлонтойгоор ШАВАР болсон хүн мөнөөс мөн.
2005 оны эхээр болсон МАХН-ын Их хуралд Н.Энхбаярын хатгаасаар, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын хүчин зүтгэлээр илэрхий луйвраар С.Баярыг хэдхэн саналын зөрүүгээр унагаж, М.Энхболд МАХН-ын дарга болж, улмаар Ерөнхий сайд болсон. Та нар бод л доо. С.Баяр Ерөнхий нарийн бичиг буюу намдаа бол хоёрдугаар хүн байхад М.Энхболд намын нэгдүгээр хүн, Ерөнхий сайд болж байв шүү дээ. Хэрвээ тэр үед л С.Баяр МАХН-ын дарга болж, улмаар Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэнсэн бол өнөөдрийн энэ олон нааштай эхлэл ядахдаа гурван жилийн өмнө эхэлж, олон зүйлийн эв зүй учир жанцан олдох байсан юм. Гэвч Н.Энхбаяр, М.Энхболд нарын хязгааргүй шунал түүнд тийм боломж олгоогүй, Монголын ард түмэнд тийм хувь заяаг хайрлаагүй юм. Энэ утгаараа М.Энхболд монголын хөгжилд хотын газрыг худалдаж идсэн луйвраасаа илүүгээр гай болсон хүн. Ийм хүнийг уг нь хамгийн түрүүнд нам болоод төрийн өндөрлөгөөс шахах учиртай. Гэвч С.Баяр М.Энхболдыг шахах хэрэгтэй гэдгийг маш сайн мэдэж байсан шигээ бас тийм боломж байхгүй гэдгийг ч маш сайн ойлгож байв. Учир нь М.Энхболдын бүлэг бол өнөөдрийн нөхцөлд МАХН-ын дотор байгаа хамгийн хүчирхэг бүлэглэл. Элдэв жорын юмсын цуглуулга болсон түүний бүлэглэл ганцхан зүйл дээр нэгдэж чаддаг нь эрх мэдлээр дамжиж асар их үнэт капитал олж болно гэдгийг голдоо хүртэл ойлгосон хүмүүс юм. Өнөөдрийн МАХН-ын Бага хурлын гишүүдийн 60 орчим хувь нь М.Энхболдын бүлэглэлд ямар нэгэн хэмжээгээр хамаатай, түүний нөлөөлөл, бялуунаас хувь хүртсэн хүмүүс, ядахдаа л хувь хүртэх горьдлоготой хүмүүс юм. Тэдэнтэй шууд сөргөлдөнө гэдэг бол улс төрийн тавцанд шууд хүүр болохтой агаар нэгэн. Учир нь тэд юу ч хийхээс буцахгүй, улайрсан ашиг сонирхлынхоо төлөө бат зохион байгуулалтанд орж чаддаг, зарчим, шударга ёсны тухай мэдрэмж нь аль хэдийнэ арилчихсан, дээр нь МАХН-ын бусад бүлэглэлүүд дотроо хамгийн боловсрол нимгэнтэйчүүд нь юм. Тэднээс юу ч гарч мэднэ, Түмэнгэрэлийг л санахад хангалттай.
С.Баярт эднээс айх шалтгаан байгаагүй ч бас болгоомжлох, зөвшилцөх шалтгаан байлаа. Яагаад гэвэл тэд бүх шатанд ажлыг навс унагаахаас сийхгүй хүмүүс байв. Тэд зөвхөн хоол өгсөн эзэндээ л үнэнч зүтгэдэг уяаны нохой шиг болсон хүмүүс. Ингээд С.Баяр М.Энхболдыг шадар сайдад тавьснаар тэдний сэтгэлийг бүрэн хангаагүй ч, юутай ч өөрсөдтэй нь ил шулуухан дайтахгүй нь гэж ойлгоцгоосон. Харин одоо идэж уусан ч жаахан учир жанцантай байх хэрэгтэй юм байна гэдгийг хагас хугас ойлгосон юм. Харин С.Баярын хувьд тэдний боолт хаалтыг хялбархан давах боломжтой болсон төдийгүй тэдний сүлжээг зарим талаар ашигтай зүйлд ашиглах ч боломж нээгдэж эхэлсэн. Аажмаар, алхам алхамаар өөрийн гэсэн бүлэглэлд тэдний хүмүүсээс ч урвуулж эхэлсэн нь чухам шилдэг покерчний сэтгэлзүйн хамгийн нарийн гаргалгаа байсан бөгөөд түүнийг бусад нь тэр бүр анзаараагүй, анзаарах ч чадал угаасаа байгаагүй юм.
С.Баяр ба АН-ын бүлэглэлүүд
Хамтарсан Засгийн газрын бас нэгэн фенемон бол Х.Баттулга байв. Шулуухан хэлэхэд монголын томоохон мафийн эзэн болсон энэ хүнтэй хамтарч ажилласнаар АН-ын хамгийн фанатик радикал хэсэг болон хамгийн их мөнгөний амтанд орсон хүчирхэг хэсгийнхэнтэй зөвшилцөх боломжийг нээж буй хэрэг юм. Чухам Ц.Элбэгдоржийн хэтэвч Х.Баттулгаас хамаарч байсан. Эд бол М.Энхболдынхоноос тоогоор цөөн ч хүч, нөлөөгөөрөө огтхон ч дутахааргүй, дээр нь тэднээс ч илүүгээр эрүүжсэн хэлбэрийн хүмүүс юм. Х.Баттулгын олон нийтэд ил болсон нэгэн хэргийг дурдахад өнөөх алдарт 17 чингэлэг спиртийн хэрэг билээ. 17 чингэлэг спирт бол мөсөн уулын зөвхөн орой төдий зүйл бөгөөд түүний ул мөрийг ямар гайхалтай устгасан нь тухайн үеийн сонин хэвлэлүүдийн хуудсанд үлдсэн. Энэ хэргийг замхруулахад өнөөгийн ерөнхийлөгч, тэр үеийн Ерөнхий сайд байсан Ц.Элбэгдорж гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өнөөдөр Х.Баттулгын Женко компани өмнөд Солонгосын талд их өртэй тухай мэдээлэл сонсогддог.
Гэсэн ч С.Баяр Х.Баттулгыг багтаа элсүүлснээр бас нэгэн том алхам хийж, тэдний эрч хүч, сонирхолыг арай өөр, бүтээлч зүйлд хагас хугас ч болов ашиглаж эхэлсэн. Ялангуяа Х.Баттулгын бизнесийн лут сэтгэлгээ, мафийнханд байдаг чанд шаргуу занг төрийн бодлогод ашигласан нь нэгэн төрлийн амжилт байв. Х.Баттулгатай дайтсанаар зөвхөн гарз хохирол л гарна, харин ийнхүү хамтарсан нь тэдний хагаст нь ч, ядахдаа Х.Баттулгад жаахан ч болсон сайн юм хийгээд, өмнө хийсэн нүглээ нимгэлж, ард түмэндээ сайнаар дурсагдах боломж нээсэн нь бас том ололт, том бодлого, том тоглолт байлаа.

Бусад нь …

Яг үүнчлэнгээр С.Баяр хамтарсан Засгийн газартаа АН болоод МАХН-ын хамгийн хүчирхэг, нөлөөтэй бүлэглэлүүдийг татаж оролцуулсан юм. Энэ нь олон хүнд ойлгохуйяа бэрх байв.
МАХН-ын Г.Бадамжунай байна. АН-аас бол хэдийгээр М.Энхболд шиг сүлжээтэй болж амжаагүй ч электрон жаал шиг маш идэвхтэй ажилладаг С.Баярцогтыг ч оруулав. Энэ бүхэнд С.Баяртай нэг бол сайн ойлголцож, хамтарсан, эсвэл өөрийн эрхгүй тоглоомын дүрмэнд татагдаж орон, бүхий л талаар хамтарч ажилласан хүн бол өнөөгийн АН-ын дарга Н.Алтанхуяг юм. Чухам тиймдаа л Ц.Элбэгээ нарын хөгцтэй шүдэнд зуугдаж, орох газаргүйдэж, нүд нь бүлтэлзэж яваа хүн. Уг нь АН дотроо хамгийн нуруутай хийгээд бодитой сэтгэдэг хүн бол яах аргагүй Н.Алтанхуяг. С.Баярт нэгэнт монголыг бүхэлд нь хэрчихсэн аалзны торнуудыг дотроос нь задлахаас өөр гарц, нүх харагдахгүй байсанд гайхах юмгүй.

С.Баяр ба Н.Энхбаяр

С.Баярын замд хамгийн удаанаар, хамгийн хорлонтойгоор жинхэнэ ТОМ ШАВАР болсон хүн бол Н.Энхбаяр мөнөөсөө мөн.
Аль 1996 оны зун МАХН-ын хуучинсаг бүлэглэл сонгуульд навсайтлаа ялагдаж, гүн шоконд ороод байхдаа итгэл найдвар тавьж болох гурван залууг сонгосон нь С.Баяр, Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар байв. Эдэн дотроосоо С.Баяр намын удирдлагыг авах хамгийн өндөр магадлалтай, тэр Б.Даш-Ёндон болон Н.Багабанди нарын дэмжлэгийг шууд хүлээж байсан юм. Гэвч С.Баяр нь шийдвэр гарахын өмнөх үдэш Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нартай саунд уулзахдаа тэдний нүдэнд буй дарагдашгүй хүслийг харж, өөрөө сайн дураараа тэдэнд зайгаа тавьж өгчихөөд явчихсан. Ийнхүү Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар МАХН-ын нэг болон хоёрдугаар хүмүүс болов.
Төд удалгүй 1997 оны 2 дугаар сард МАХН-ын Онц их хурал болж, Намын даргын орон тоог шинээр бий болгон, энэхүү нэгдүгээр хүнээрээ УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Н.Багабандийг их хурлын төлөөлөгч олон санал нэгтэй сонгов. Ийнхүү 1996 оны сонгуулийн дүнгээр МАХН-ын нэгдүгээр хүн болчихоод байсан Н.Энхбаяр хоёрдугаар байр луу гулсаж, хоёрдугаар хүн буюу нарийн бичгийн дарга байсан Ө.Энхтүвшин 4 болон 5 дугаар байранд шууд унадаг байгаа.
МАХН-ын дүрэм ёсоор Намын дарга болсон хүн намынхаа хоёрдугаар хүн болох Ерөнхий нарийн бичгийн даргыг Намын бага хурлаар санал оруулан хэлэлцүүлж, сонгуулах ёстой байлаа.
1997 оны 3 дугаар сарын эхээр болсон МАХН-ын ээлжит Бага хурал дээр намын шинэхэн дарга Н.Багабанди Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярын нэрийг оруулж ирэв. Танхим ч ер нь яаж ч мэдэхээр байсан хийгээд тэр үед Н.Энхбаяр өнөөгийнх шигээ хоол өгсөн эзнийхээ төлөө бурхныг ч очоож хүүлчихэж чадах гишүүд бүхий бүлэглэлтэй болж хараахан амжаагүй байсан үе. Гэвч Н.Энхбаярын тарыг таниагүй МАХН-ын хуучинсагууд, бас У.Хүрэлсүхийн дагуулж дүрмийн бусаар бага хуралд суулгасан, эрх мэдлийн тухай хүслээр өөр юу ч үгүй, юуны ч учрыг олохгүй баахан шалдан бацаанууд илт Н.Энхбаярыг дэмжих хандлагатай байсан юм. Нөхцөл байдлыг тооцож үзээд С.Баяр нэрээ татаж, Н.Энхбаяр намын хоёрдугаар хүн буюу Ерөнхий нарийн бичгийн даргаараа хэвээр үлдсэн төдийгүй тун удалгүй гуравхан сарын дараа Н.Багабандийг Ерөнхийлөгч болонгуут Намын дарга болж авсан билээ. Ингэж л Монголын төр Н.Энхбаярын хязгааргүй шуналын золиос болох зам нээгдсэн юм. С.Баярыг нэрээ татаж байхад баярласандаа болоод Ө.Энхтүвшин асгартал уйлж байсан гэдэг.
Чухам ингэж л Н.Энхбаяр нь С.Баярын замд шавар болон анх тодорсон юм даа. Дараа нь С.Баярын ОХУ-аас /элчин сайд/ буцаж ирэхэд нь намын хамт олон хүссэн хүсээгүй МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон бөгөөд энэ нь Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нарын хооронд аль хэдийнэ харайж үл болох ангал гарчихсан эгзэгтэй үе таарсан байв. Гэвч тэр үед хэмжээгүй эрх мэдлийн оргилд умбаж байсан Н.Энхбаярт С.Баярыг цааш алхуулах сонирхол огтхон ч байгаагүй. Тиймээс ч 2005 оны МАХН-ын Их хуралд хор найруулсаар, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын гараар могой бариулсаар С.Баярыг унагаж, М.Энхболдоор өөрийгөө залгамжлуулсан. Гэхдээ тэр нэг л юмыг тооцоолоогүй, намын хамт олон нь ч, нийгмийн масс ч огт өөр сэтгэлгээг, эрч хүчийг хүсэмжилж байлаа. Ийнхүү олон хаалт, шавар байсан ч эцсийн эцэст жам ёсоор С.Баяр МАХН-ын нэгдүгээр хүн болон гарч ирсэн.
Тэдний зөрчлийн хамгийн тод илрэл нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль байв. МАХН-ын бага хурлаар Н.Энхбаяр 100 хувийн саналаар гарч ирсэн нь С.Баярын санаачилга байсан. С.Баярт Н.Энхбаярыг дэвшүүлэхээс өөр гарц байсангүй.

Н.Энхбаяр ялсан тохиолдолд С.Баярт ямар ашигтай байв??

Юутай ч Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн инстутэд нь хэвээр байлгаж байх нь түүнийг Төрийн ажилд төдийгүй намын ажилд хутгалдуулахгүй, тодорхой хэмжээнд зай барьж байх боломжийг С.Баярт дахиад 4 жил олгох ёстой байлаа. 4 жил гэдэг их хугацаа, С.Баярт цаг хожих нь чухал байсан. Хэрвээ Н.Энхбаярыг ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй гэвэл тэр МАХН-ын удирдлагад төдийгүй Засгийн газарт ч хялбархан орж ирэхээс гадна, С.Баярыг юу ч хийлгэхгүй, бүхнийг нь ацаглаад хэвтчих байв.
Хэрвээ Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд унавал асуудал С.Баярт өмнөх хувилбараасаа хүнд тусах байсан ч, юутай ч Н.Энхбаярыг огтхон ч дэвшүүлэхгүй байхаас илүү ашигтай байсан юм. Үр дүнг нь надаар хэлүүлэлтгүй та бүхэн өөрсдөө харсан. Чингэлтэйн нөхөн сонгуульд Н.Энхбаяр гарах гэж хичнээн мачийв даа. Дүүргүүдээр явж, намын анхан шатныхантай хуйвалдаж, гэвч энэ дээр С.Баяр яах ч аргагүй тас хөндлөн хэвтэхээс өөр арга байсангүй. Хэрвээ Н.Энхбаяр нөхөн сонгуульд гараад ирвэл тэр Засгийн газрыг хялбархан унагах, намын эрх мэдлийг буцаагаад хялбархан авахад ганцхан алхам үлдэнэ гэсэн үг.
Ингээд Б.Зоригтыг зүтгүүллээ. Хариуд нь Н.Энхбаяр АН-аас нэр дэвшсэн Бурмааг улаан цагаан дэмжиж, мөнгө төгрөг тараалгаж, Оюу толгойн гэрээг өөрийн мэдлийн ТВ-9 болон “Зууны мэдээ” сониноороо ёстой нэг будаа болгож өглөө дөө.
Саяхан МАХН-ын тэргүүн байж, энэ намыг 20 орчим сонгуульд удирдаж, энэ намаас төрийн бүх өндөрлөгт дэвшин суусан хүн гэнэтхэн намынхаа нэр дэвшигчийн эсрэг ийм аймшигтай тэчьяадан тэмцэж байгааг харахад нэг бодлын өрөвдмөөр… Энэ үзэгдэл бол Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарыг төрүүлсэн Монголын улс төрийн гажиг тогтолцооны жинхэнэ мөн чанар нь юм.
Н.Энхбаярыг мөн чанараар нь хөөж үзвэл тийм амархан бууж өгөх хүн биш. Уг нь түүнд бусадтай адилгүй их нэр хүнд, их хөрөнгө, өөр юу л байна бүгд бий. Ядахдаа л Санфранцискод хаузандаа тансагласан шиг, орчуулгаа, дурсамжаа бичээд, өөрийн болоод өрөөлийн хүүхдүүдээ хамаж цуглуулсан шиг, хааяа залуухан охид дaгyyлан Нью Айланд, Хавайгаар зугаалсан шиг, эхнэртээ дуртай вискиг нь хундагалсан шиг сууж байхад ер болохгүй юмгүй. Гэвч нэгэнт ийм балиар баастай хутгалдсан, түүнээ төгөлдөржүүлэн боловсруулсан хүнд энэ тоглоомноосоо сайн дураараа татгалзаж чадах эр зориг хэзээ ч төрдөггүй бөлгөө. Яагаад гэвэл тэр тайван амьдарч чадахгүй юм. Яагаад гэвэл тэр өөрөөр ч амьдарч чадахгүй, чадвар ч үгүй юм. Яагаад гэхээр дотор сэтгэл нь үүрд хоосорч, хүйтэн жавар салхи цаг үргэлжид хүнгэнэж, сэнгэнэж байдаг учраас тэр.
Н.Энхбаярын тухай зарим нэгэн хачирхалтай мэдээлэл байдаг. Тэрээр шашны янзан бүрийн дом, арга чарга мэддэг зарим хүмүүстэй тун ойр ажилладаг гэдэг. Тэр ч бүү хэл өстөн дайснуудтайгаа далд ухамсар, мета түвшинд тэмцэл хийдэг ч гэх. Үүнийг батлах хэцүү ч бас үгүйсгэх боломжгүй. Яагаад гэвэл Н.Энхбаярын мөн чанар нь үүнд их дөхүү юм.

С.Баяр ба архи, хүүхэн

С.Баярыг сүүлийн үед архи их уудаг болсон, хүүхэн ч чамгүй эргүүлж байгаа гэдэг бор шувуу гадуур сайн тарсан байна. Магад ч үгүй. Ер нь мань хүн сайн уудаг. Харин төрийн өндөрлөгт, түмнийхээ итгэлийг үүрээд сууж байх үедээ ийнхүү архинд толгойгоо мэдүүлж байсан нь хачирхалтай. Уг нь С.Баярт үүрэг хариуцлагаа маш сайтар ухамсарлах чадвар хангалттай бий юмсан. С.Баярт сул тал бий нь хүүхэн, архи хоёр. Энэ сул талийг түүний эргэн тойронд байгаа мафийн хашрууд яаж зүгээр өнгөрөөхөв. Элдэв өгөөш хаядаг, түүнд нь С.Баяр орчихдог тухай ч яриа мэр сэр бий. Үгүйсгэхэд хэцүү.
Сэтгэл зүйн хувьд С.Баяр бол яах аргагүй ганцаардсан чоно. Тэр өнөөдрийн Монголын улс төр, бизнесийн толгойд байгаа олон цөөврүүд дотор байгаа ганц чоно, олон галзуучууд, согтуучууд дотор байгаа ганц эрүүл хүн. Энэ нь түүнийг байж ядтал ганцаардуулдаг байж магад.
Таны эргэн тойронд чухам хүн биш цөөврүүд л холхилдсоор, нүдний чинь өмнүүр ямагт бөртөлзсөөр байгаа нөхцөлд та яах вэ? Өөрөөсөө асуу даа. Та тэднээс айхгүй ч танд тэднээс холдоод зугтаачих, эсвэл тэднийг хөөгөөд явуулчих боломж байхгүй бол, нэг л алдаа гаргавал, хүч чинь суларч, өвдөг чинь ялимгүй сөхөрвөл тал талаас чинь дайрч ороод тасчиж зулгаагаад хаячихаас буцахгүй өлөн хурц нүднүүдийг байнга харж байна гэдэг амар биш ээ. Гэхдээ энэ бол хүчирхэг бие хүний хувьд архинд гүн орж, улмаар эрүүл мэндээ хүртэл хохироох, цаашлаад түмэн олон, ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэх шалтгаан биш юм, уг нь.
Хүн гэдэг байнгын энергийн солилцоонд оршиж байдаг. Хэрвээ та таагүй, зохимжгүй орчинд хэт удаан байвал эерэг энерги чинь шавхагдаж, түүнээ ямар нэгэн юмаар нөхөх шаардлагатай болдог. Олон хүнд энэ нөхөх зүйл нь архи байдаг. Манайхан 100 татахыг стресс тайлах хамгийн шилдэг арга гэдэг дээ. Гэвч үнэн чанартаа тийм биш юм. Архи нь алдагдсан энергийг түр зуур авчирч буй мэт боловч, харин ч эргээд түүнээ алдах, улам бүр ихээр алдах үүд хаалгыг нь улам бүр дэлгэж, нээж өгч байдаг юм.
Хүн төрөлхтний түүхэнд тодорсон маш олон хаад, удирдагчид эерэг энергийн хуримтлалыг өөртөө хурааж байж амжилтанд хүрсэн байдаг. Манай Чингис хаан л гэхэд түүний итгэлт өрлөгүүд нь чухам түүний хувьд эерэг энергийн байнгын эх сурвалж нь болж байжээ. Чингис хаан өөрөө “би дөрвөн хүлгээ хажуугаа суулгаад, дөрвөн нохойгоо тулаанд мордуулаад суухад сэтгэл амардаг” хэмээн хэлдэг дээ. Өнөөдөр С.Баяр хэнийгээ дөрвөн үнэнч нохой, дөрвөн шадар өрлөгөө гэх вэ, хэн нь ч итгэл даах хүмүүс биш, тэдэнтэй зөвхөн ашиг сонирхолыг нь хүлээн зөвшөөрч байж л хамтарч ажиллах болно. Хамтарч ажиллахгүй байх арга байхгүй. Ёстой хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэсэн үг.
Өнөөдөр С.Баярын эргэн тойронд байгаа хүмүүс бол түүний хувьд энергийг нь ховх сорох вампирууд болсон хүмүүс юм.
Нөгөө талаар бөө болон шар, улааны шашин, тэр бүү хэл католикуудын жатга, хараал нь хүний эерэг энергийг шууд устгах чадалтай төдийгүй, архинд донтуулах шидтэй байдаг.  Энэ хүчин зүйлийг ч бас анхаарахгүй, анзаарахгүй байх аргагүй. Наполеон, Гитлерээс эхлээд л манай П.Очирбат, Ц.Элбэгдоржийг хүртэл дэргэдээ жатгач, үзмэрчдийг цуглуулаагүй удирдагч ховор. Өнөөдөр улс төр болоод бизнесийн салбарт өндөр гарсан бараг хүн тоотой болгон нь эзотерикийн хүч нөлөөг далдуур болоод илээр ашиглаж ирсэн байдаг. Тэгэхээр С.Баярын элэг гэмтдэг нь архиных, гэхдээ ямар нэгэн далд ухаантай холбоотой байхыг үгүйсгэх арга байхгүй. Яагаад гэвэл тэр маш олон шуналтнуудад жинхэнэ шавар болж байсан билээ. С.Баяр дахиад хоёр жил Ерөнхий ажиллавал юу болохыг төсөөлөх нь зарим мафиудын, бүлэглэлийнхний хувьд, зарим нэр бүхий эрх мэдэлтнүүдийн хувьд аймшигттай байсан л даа. Ялангуяа Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарт.
Хэрвээ С.Баяр МАХН-ын удирдлагаас зайлуулагдвал  МАХН дотроо хагарч ч магадгүй. Хэрвээ МАХН хагарвал маш олон хүн баярлана. Гэхдээ та бүхэн сайн хараарай, тийн баярлаж буй хүмүүс бол санамсаргүй өөрийгөө гэнэхнээр илчилж буй хөөрхий цөөвөр чононууд юм шүү. Түүний учир шалтгааныг дараа өгүүлье.
Үргэлжлэл бий
Д.Ганбат
2009 оны 12 сарын 25

Жич: Энэ нийтлэл өнгөрсөн оны сүүлээр бидэнд ирсэн юм. Тухайн үед нийтлэх онц шаардлагагүй гэж үзээд нийтлээгүй билээ. Харин уг нийтлэлд дурдсан МАХН хагарч магадгүй гэсэн таамаглал нь өнөөдөр бодитой байж болох хэмжээнд үйл явдал өрнөж байгаа учраас нийтлэлийг олон түмэнд хүргэж байна.



URL:

Сэтгэгдэл бичих