Иргэдийг 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах ажил эхэллээ
Засгийн газар Туулай жилийн отгон хуралдаанаараа 6 хувийн хүүтэй зээл авч орон сууцтай болох гэсэн иргэдийн хүлээлт бодит ажил хэрэг болох асуудлыг шийдлээ.
Энэ хүрээнд иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрөөд байгаа.
Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны эх үүсвэр орж ирэх хүртэл хугацаанд арилжааны банкууд өөрийн хөрөнгөөр иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох юм. Энэ ажлын үргэлжлэл болох бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох тухай асуудлыг зохицуулсан журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар баталлаа. Энэ тухай баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаа 2012 оны 02 дугаар сарын 21 буюу Цагаан сарын битүүний өдөр Төрийн ордонд болсон байна.
Батлагдсан журмаар иргэд 6 хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтээ Орон сууцны санхүүжилтийн корпорацид гаргах ёстой. 50 сая төгрөгийн зээл авахын тулд тухайн зээлдэгч орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг урьдчилан төлөх чадвартай байхаас гадна “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд хишиг, хувиа бэлэн бусаар урьдчилгаа төлбөрт ашиглаж болохыг журманд тусгаад байна. Энэ журам нийслэл Улаанбаатар хот, хөдөө орон нутагт нэг зэрэг хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэхдээ худалдан авах орон сууц нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан байх ёстой юм. Тухайн иргэн, өрх зээл авахдаа орон сууцаа барьцаалж тавьж болох бөгөөд зээлээ урьдчилан төлөх эрхтэй болжээ.
“Иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-д тухайн зээлдэгч анх удаа орон сууц авахаар хүсэлт гаргасан, сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 3 сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх ёстойг ч заасан байна. Иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлийг 4 дүгээр сарын эхэн гэхэд өгч эхлэх боломжтой гэж Сангийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, хотын захиргаа үзэж байна.
Түүнчлэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хүсэн хүлээж байсан жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудал шийдэгдэж, иргэдээ санхүүгийн хүндрэл багатайгаар орон сууцтай болгох зорилт хөдөлгөөнд орж, бодит ажил хэрэг болж байгааг ч Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын хуралдааны үеэр онцлон тэмдэглэж байсан юм. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууцыг зэрэг барина.
Энэ дагуу нийслэлд Яармаг, 100 айл, МҮОНРТ, 13 дугаар хороолол зэрэг газарт орон сууц барих бөгөөд дэд бүтцэд шаардагдах санхүүжилтийг төр хариуцаж байгаа юм. Түүнчлэн гэр хорооллуудыг нүүлгэн шилжүүлж орон сууц барьж байна. Ингэснээр орон сууцны өртөг буурна гэж Засгийн газар тооцоолжээ. Одоогийн байдлаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79, 486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулаад байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан нийт орон сууцны 28,300 нь 18 сарын дотор ашиглалтад орох бөгөөд 6,341 нь 50 м/кв талбайтай байна.
Өмнө нь бага орлоготой, анх удаа орон сууц авах хүсэлтэй иргэдийг 50 м/кв хүртэл талбай бүхий орон сууцтай болгохоор төлөвлөж байсан ч Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар энэ хэмжээг 55 м/кв болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр иргэд 9,017 айлын орон сууц худалдаж авах боломжтой болсны зэрэгцээ анх удаа орон сууц авч байгаа 1-18 хүртэлх насны 1-4 ам бүлтэй өрхийг эхний ээлжинд орон сууцтай болгох бололцоо бүрдээд байна. Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг 2016 он гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгахыг зорьж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: