МУГЖ Б.Сарантуяа: Лууны өнгөтэй дээлээр гоёно
Аливаа баяр ёслолоор урлаг соёлын одод, олны танил эрхмүүд чамин дэгжин хувцаслаж олны нүдийг хужирладаг. Тиймээс тэд энэ жилийн сар шинийн баяраа ямар хүрээнд тэмдэглэж, хэрхэн баярлах талаар уншигчдадаа хүргэж байна.
МУГЖ Б.Сарантуяа: Лууны өнгөтэй дээлээр гоёно
Би шинийн нэгний өглөө ээжтэйгээ очиж золгодог. Энэ сайхан утта учиртай өдөр би болоод хүүхдүүд маань ойр дотны хүмүүсээсээ хүссэн бэлгээ аваад сайхан байдаг юм. Энэ жилийн хувьд луун хээтэй, лууны өнгөтэй торгон дээл өмсөнө.
МУГЖ Ц.Төмөрбаатар: СҮХБААТАР АЙМАГТ ШИНЭЛНЭ
Энэ жил ээжийнхээ төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Дарьанга суманд шинэлнэ. Тэгээд гуравдугаар сарын 10-нд хот орно. Харин Улаанбаатарт байхдаа аав, ээж маань бурхан болчихсон болохоор хамгийн түрүүнд ээжийнхээ дүү дээр очиж золгодог. Дараа нь ахмад уран бүтээлчид дээрээ очиж золгоно. Мөн шавь нар маань ирж золгодог. Ээжийн маань өгсөн бэлэг болгон сайхан байдаг учраас ээжээсээ л хамгийн гоё бэлэг авч байсан даа. Дээр үеийн манан хөөрөгтэй. Энэ хөөргөө 90-ээд онд 120 төгрөгөөр авч байлаа. Би дөрвөн монгол дээлтэй. Харин энэ жилийн хувьд цагаан ноолууран дээл өмсөнө. Бас хурган дотортой үйтэн хуаран дээлээ ч өмсөнө. Монгол цамц, өмд, бүс, хөөрөг даалин гээд ер нь монгол маягаар л хувцасладаг. Тэгээд ааваасаа өвлөж үлдсэн мөнгөн аягаа өвөртлөөд золголт хийгээд явна даа.
Төрийн соёрхолт дуучин Б.Болд: ХУУЧНЫ МОНГОЛ ЗАГВАРЫН ДЭЭЛ ӨМСӨНӨ
Хамгийн түрүүнд аав ээж, хадмууд дээрээ очиж золгоно.”Монгол поп” тоглолтдоо өмссөн хуучны монгол загварын дээл шигээ загварын дээлээр гоёно. Энэ жилийн хувьд саарал өнгийн дээл өмсөхөөр бэлдсэн байгаа. Хаш хөөрөг барьдаг. Өөрийн ээж, хадам ээж хоёроосоо дуртай бэлгээ авдаг.
СТА дуучин Э.Оюумаа: Ээжээсээ гоё бэлэг авдаг
Миний хувьд айлын бага охин. Ээжтэйгээ амьдардаг. Тийм учраас цагаан сараар гал тогооны өрөөнд ирсэн зочдод үйлчлэх ажилтай байдаг. Дараа нь ээжийнхээ ах дээр очиж золгодог. Залуучууд цагаан сарыг төвөгшөөдөг болсон байна. Харин би цагаан сараар аль болох ах дүүсээ сайхан баярлуулахыг хичээдэг. Тэдэндээ хэрэг болохуйц аятайхан бэлэг өгдөг. Харин би өөрөө ээжээсээ л гоё бэлэг авдаг даа. Мөн телевизийн бичлэгт ордог болохоор энэ жил хоёр төрлийн дээл бэлдсэн. Дундговь аймгийнхаа Дэрэн сумын Мөнхөө мастераар дээлээ оёулсан. Шар өнгийн дээл, хар хантааз, шар оройтой булган малгайгаар гоёно. Аавынхаа өгсөн шүрэн толгойтой хуучны хаш хөөрөг барьдаг.
Дуучин АНУ: Аав, ээжтэйгээ адилхан өнгийн дээл хийлгэсэн
Шинийн нэгэнд аав ээжтэйгээ золгодог, Дараа нь эмээ өвөө дээрээ очиж эолгоно. Миний хувьд өмнөх жилүүдэд цагаан сараар гадагш явчихдаг байсан юм. Харин энэ жил Монголдоо байх учраас цагаан сарыг сайхан өнгөрөөнө гэж бодож байгаа. Урлах эрдэм загварын товчооны дизайнер Болороогоор аав, ээжтэйгээ хослуулж цагаан шаргал өнгийн дээл оёулсан. Цагаан сарын бэлэг гэхээсээ илүү ах дүү, ойр дотныхон, уулзаагүй удсан хүмүүстэйгээ уулзах л миний хувьд бэлэг болдог юм.
Д.НЭРГҮЙ
URL: