С.Зоригийн аминд хүрсэн хийрхэл

Хүчирхийлэлд уриалан дуудсан энэ цагийн хийрхэл аллагад уриалан дуудсан тэртээ цагийн хийрхэлийг эрхтгүй сануулаад байгаа юм.

1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа УИХ-ын намрын чуулганд МАХН-ын шинэ дарга Н.Энхбаяр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн мөчийг хүмүүс тодхон санаж байгаа байх. Ингэж тодхон санахын учир юу гэвэл, Энхбаяр тангараг өргөмөгцөө төд удалгүй Ерөнхий сайд М.Энхсайханыг огцоруулах асуудлыг шууд тавьж байсан нь урьд хожид үзэгдээгүй явдал байлаа, М.Энхсайханыг огцоруулахаас нааш УИХ-ын хуралдаанд орохгүй гээд намынхаа бүлгийг, хуралдааны танхимаас дэрхийтэл нь босгоод аваад гарсан юм. Ирц нь хүрэхээ байж, УИХ-ын үйл ажиллагаа гацан зогслоо.Төрийн «зүрх» цохихоо болилоо гэсэн үг. Сандарсан Ардчилсан Холбоо Эвсэл, Ерөнхий сайд М.Энхсайханд итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээс өөр аргагүй болсон билээ.

Н.Энхбаяр, УИХ-ыг барьцаалах замаар хүч тулгах аргыг, хоёр жил хагасын дотор 140 орчим удаа урт, богино хугацаагаар хэрэглэсэн байдаг. Сүүлдээ төрийн байгууллагуудыг бүхэлд нь хамарсан цалгар байдал газар авсан. Яамдын ажилтнууд, шинээр сайд томилогдоод очиж байхад дараагийн сайд нь хэн бэ? гэдэг таавар таалцаж суудаг болсон. Ганц яамд ч биш ер нь нийтээрээ Засгийн газар хэд хоноод огцрох, дараагийн Ерөнхий сайд хэн болох таавар таадаг болсон. Азаар зах зээлийн эдийн засагт шилжээд, хувийн хэвшлийнхэн, засагтай засаггүй бизнесээ хийж эдийн засгаа амьдруулж байлаа.

Тэгээгүй бол Монголын эдийн засаг дампуурах байсан.

Н.Энхбаяр зөвхөн УИХ-ыг паралич болгож төрийг самууруулаад зогсохгүй, гудамжийг үймүүлж эхэлсэн юм. ”Ард” банкийг идэж дампууруулсан луйварчдыг Засгийн газрын эсрэг турхирсан. ”Иргэний  Нэгдсэн Хөдөлгөөн” гээчийн тэргүүн Бошигттой хамтран ажиллах гэрээ байгуулж, Ардчилсан Холбоо Эвсэлийн эрх баригчдын эсрэг тэмцүүлэх хэргийг хөхүүлэн санхүүжүүллээ. Тэд ч үзүүлээд өгсөн. Ардчилсан хүчний удирдагчдыг бүгдийг нь цаазалж алахыг уриалж байв. Зориг, Элбэгдорж, Гончигдорж, Баабар, Ганболд, Бат-Үүл гэх зэргээр бүгдийг нь нэр зааж байгаад…. Балингаар дүрүүдийг нь хийн тэдгээрээ зөндөө хутгалж “дүвчигнэн” золигт гаргасан байдаг.

Ийнхүү, 30-аад оноос хойш анх удаа Монголд төрийн зүтгэлтнүүдээ цаазалж алахыг ил цагаан зарлаж эхэлсэн билээ. ”Аллага” гэдэг үг гудамжаар чөлөөтэй тэнүүчилж эхлэх нь тэр. Нэгдсэн хөдөлгөөнийхөн, ард түмнийг “Хувьсгалт тэмцэлд босгох ариун үйл хэргийн төлөө” цагдааг хүртэл хутгалж үзүүллээ. Цагдаа дээр дуудагдаж очсон Бошигт ”Алахад ч яадгийм” хэмээн бархираад, байцаах гэсэн хөөрхий цагдаа нарыг зад загнаад гарч өгсөн. Бошигт, ардчилсан хүчний удирдагчдыг алуулахаар залуучуудыг бэлдэж байсан тухай хэсэг залуус, сонинд ярилцлага өгсөн байдаг. ”Аллага” хэмээн амны зоргоор чарласан хийрхэл явсаар эцэстээ үнэхээр С.Зориг алагдсан юм.

Би, С.Зоригийг алагдсаныг анх дуулахдаа Бошигтын солиотнууд үүнийг хийжээ хэмээн бодож билээ. Өнөө хир, С.Зоригийг алсан алуурчин олдоогүй ч хүчирхийлэлд хийрхсэн тэр үеийн уур амьсгал ийм аймшигт хэрэг гарахад нөлөөлсөн гэж боддог.

С.Зоригийг алагдсаны маргааш өглөө Төв шуудангийн өмнөх намынхаа байранд очиход хэдийнээ, уур хилэндээ шатсан 2000 орчим хүн, замын уулзварыг битүү бүрхэн цуглачихаад байж ядаж байлаа. Хүмүүс “Хувьсгалт нам Зоригийг маань алсан, Багабанди алсан, Хувьсгалт намын цагаан байрруу дайръя” гэх зэргээр хашгиралдаж байв. Хажууд минь зогссон зарим нэг хүн ”Үүлээ, одоо Хувьсгалт намыг зүйл дуусгадаг цаг, олон түмнийг дагуулаад дайраач” хэмээн чихэнд шивнэлдэж байлаа. Хилэгнэсэн олон түмний үйл хөдлөл надаас шалтгаалж, тэд миний командыг хүлээж байлаа. Тэгэхэд би олон түмэнд хандаж ”Бид, энэ аймшигт хэргийг үйлдсэн эзэн олдоогүй байхад нийтийн хүчирхийллийг гааруулах юм бол гэмт этгээдэд бүр таатай юм болж, түүнийг олж чадахгүйд хүрнэ” гэж хэлээд тайван байхыг уриалсан юм. Цугласан олон ч миний санааг ойлгон хүлээн аваад зугуухан тарцгаасан билээ. Хэрэвзээ би “Тэгье, дайръя” гэж хэлсэн бол Хувьсгалт намын цагаан байр тэр үед шатах байсан бизээ. Ер нь нийтийг хамарсан хүчирхийлэл гаргачихгүйн тулд телевизээр мэдэгдэл хийх зэргээр байдгаараа л гүйсэн. Хүчирхийлэл газар авбал С.Зоригийг хөнөөсөн этгээд завшиж нуугдах боломжтой болно гэж бодож байлаа. Ямар ч атугай С.Зоригийг Монголын ард түмэн хойчийн замд нь тайван үдсэн билээ.

Тэр үед, УИХ дахь Энхбаяр тэргүүтэй Хувьсгалт намын бүлгийн гишүүд айчихсан, цайчихсан байсан. Миний хэлсэн ярьсан бүхэнд талархаж байгаагаа тааралдсан гишүүд нь хэлэх үгээ олж ядан илэрхийлж байсан юмдаг. Гэтэл дараа нь ардчилсан хүчний удирдагчдийг, тэр дотроо намайг Зоригийг алсан хэрэгт гүжирдсэн эсэн бусын гүтгэлэгийг увайгүй муухайгаар хөөрөгдөв. 2000 оны сонгуулиар Дожоодорж хэмээх найгүй “панзчин”-гийн “Зоригийг хэн хөнөөсөн бэ?” хэмээх номыг олон мянган хувийг захиалж аваад тараах жишээтэй. С.Зоригийн үхлээр тоглосон Н.Энхбаярын удаа дараагийн улс төрийн тоглолт ой гутам байлаа. Гэхдээ, тэр бээр 2000 оны УИХ ын сонгуулиар аймшигтай том ялалт байгуулж “Үндэсний удирдагч” болох гэсэн мөрөөдөлдөө хүрч чадсан билээ.

2004 оынУИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн Ардчилсан Намд, Хувьсгалт Намтай тэнцүүлэн санал өгсөн. Үүнд нь хорссон Энхбаяр, сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гэдгээ Идэвхтэнгээр дамжуулан мэдэгдлээ.90 оноос хойш анх удаа сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй хэмээн сонгуульд орсон улс төрийн хүчин мэдэгдсэн нь энэ юм. Үүнээс болоод улс төрийн байдал тун тогтворгүй боллоо. Хоосон талбай бүрдээр бүрээ, бөмбөр нижигнэж жагсаал, цуглаан боллоо. Улс төрийн хүчнүүд шүргэлцэх л юм бол мөргөлдөөн үүсэхээр байлаа. Хувьсгалт Намын цуглаан дээр намайг очиход хөөрч хийрхсэн хүмүүс тал талаас дайран тугны ишээр жадалж, чулуу шидэж байв. Шинэ УИХ тангарагаа өргөх гэтэл Хувьсгалт Намынхан бойкотлоод гацаачихав. Хуучин УИХ “тахимаа” өгөхгүйгээр барахгүй дахин сонгууль хийх тухай ярьж байв.

Үнэндээ, олон түмэн мэдээгүй боловч, Ардчилсан Нам сонгууль луйвардсан гэх Тагнуулын газраас зохиосон нотлох баримтыг Монгол Телевизээр дамжуулан ард түмний “тархийгугааж” төрийн эргэлт хийхээр Н.Энхбаяр бэлдэж байсан юм. Бид,Монгол Телевизийн байранд дайран орж тэр санааг таслан зогсоож чадсан. Тэр хэдхэн хоногт “алаад,хядаад”гэх мэтийн солиотой хийрхэл дахин амилсан билээ.

Н.Энхбаяр өнөөдөр төрийн хэргийн гадна үлдсэн. Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржид ялагдаад гэртээ сууж байгаа. Гэхдээ энэ ялагдалтайгаа эвлэрч хэрхэвч чадахгүй байна. Бөөн,бөөн гомдол тээсэн хорсолдоо бачуурч байгаа нь түүний нүүр царай болсон “TV-9” телевиз, “Зууны Мэдээ” сонины дуу хоолойноос тодоос тод харагдаж байна. Дарга байхдаа,албан тушаалаа ашиглан луйвраар олж авсан телевиз, сонинтой болсны хэрэг одоо нэг гарч байна. Энэ хоёр мэдээллийн хэрэгсэл нь гүжир гүтгэлэгийг дөрвөн зүг найман зовхист хором бүр тарааж байна. Цаанаа өвчтэй солиотойг нь гайхдаг хүмүүсээ өнөөдөр бахтайгаар хөөргөдөж улам бүр солиоруулж байна. Цаашаа харж «Хөөрхий минь солиотой юм…» гэчихээд наашаа харж «Ая аа! Та ямар гайхалтай шудрага хүн бэ? Ард түмэн таныг биширч байна аа…» хэмээн хошгоруулж сууна. Солиотнуудаа ашиглан нийтийг хүчирхийлэлд турхирах санаатай их үзэж байна. Оролдлого нь бага ч атугай амжилт олсоор байна. Хүчирхийллийн хийрхэл дахин амиллаа.

Энэ удаагийн хүчирхийллийн хийрхэл нь төрийн эрх мэдлийг хүчээр булаан авахад чиглэгдэж байгаагаараа содон юм. Н.Энхбаярыг УИХ дахь цөөнхийн бүлгийн ахлагч байсан тэр жилүүдэд эрх баригч олонхийн удирдагчдыг гутаан доромжилж, цаазалж алах зэргийг солиотнууд шаардан хийрхдэг байлаа. Гэтэл, Н.Энхбаярыг төрийн хэргийн гадна унаж хоцорсон энэ цагт, “солиотнууд” төрийн эрх мэдлийг хүчээр булаан авах «хувьсгал» хийхийг уриалан хийрхэж байна. Учир байгаа биз! Н.Энхбаяр л дарга биш юм бол ардчилсан төрийн хууль ёсны эрх ёстой тэдэнд падгүй юм гэнэ. Н.Энхбаяр л төрийн түшээ биш болоодохвол ардчилсан төрийн бүрэн эрх хүлээн зөвшөөрөгдөхгүй нь бололтой.

Н.Энхбаярыг би хувь хүнийх нь хувьд шүүмжилдэггүй. Тэр, сайн хүү,халамжит хань, ачит аав гэдэг нь маргаангүй. Харин улстөрчийн хувьд дэндүү шуналтай, харанхуй амбицтай хүн юм. Түүний улстөрийн амьдралын намтарыг хараад байхад, өөрийг нь «дээдлэх»-гүй бол нийгмийг түгшүүр айдасруу ямагт түлхэж суудаг муу аргатай. Ард түмний амгалан тайван амьдралыг улстөрийнхөө барьцаанд байлгадаг аж. Үүний уршгаар тэр жилийн үймээн С. Зоригийн амийг авч одсон! Харин энэ жилийн хүчирхийлэл  монголчуудын энх тунх амьдралыг авч одоод юунд ч хүргэж мэдэх нь ээ!

Мэдлийнхээ мэдээллийн хэрэгслүүдээр хүчирхийллийг хөөргөдөж суугаа Н.Энхбаярын увайгүй үйлдлйиг харахад өөрийн эрхгүй хэдэн асуулт гарч ирэх юм. Олон түмэн,тэр тусмаа ардчилсан хүчнийхэн ул суурьтай тунгаан бодвол зүгээрсэн.

Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй байж болддоггүй юмуу? Монголчуудаа коммунистуудын боолчлолооос чөлөөлж, эрх чөлөөг нь олж өгсөн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныг тэвчиж ядахын учир юу вэ? Монголын Ардчилсан Холбооны олон мянган партизанууд 20 жил зүтгэсний эцэст Ц.Элбэгдоржийгоо Монгол Улсын Ерөнхийлөгч болгоод хөөр баяр болцгоох ёс суртахууны эрхгүй юм гэжүү? Монголын Ардчилсан Нам, мянга мянган гишүүдийнхээ хичээл зүтгэлийн үр дүнд Ерөнхийлөгчийн сонгуульд шудрага ялалт байгуулахад ингэж хорсохын учир юу вэ? Ардчилсан Намын гишүүн Ерөнхийлөгч болох эрхгүй юм гэжүү? Ардчилсан Нам дандаа сөрөг хүчин байх хувь зохиолтой юмуу? Ардчилсан Нам амжилт үзүүлж төрийн эрхэнд гарах бүрийд хүчирхийллийн хийрхэл цадигаа алддаг нь санамсаргүй хэрэг үү? Н.Энхбаярын дарангуйллын үед нуувчиндаа хулчийж суусан “эгэл баатрууд” өнөөдөр больщевик хувьсгал хийхээр том том дуугарч байгаа нь Ардчилсан Нам яах ч үгүй хэмээн зоригжсоных үү? Басамжилсан хэрэг үү? Тэр жил С.Зоригийн аминд хүргэсэн хийрхэлийг энэ жил төрийн “амин”-д хүргэх гэж улайран хөөцөлдөх Н.Энхбаярын зөв гэж үү? Монгол Улсын эрх ашиг ганцхан Н.Энхбаярын амцбицид үйлчилж байх ёстой юм уу? Н.Энхбаяр Монгол Улсыг өмчилчихөөгүй биз дээ?

Монголын төр зөвхөн Н.Энхбаярт зориулагдаагүй ээ!


URL:

Сэтгэгдэл бичих