Б.Бат-Эрдэнэ: Байдал үнэхээр ноцтой байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та бүхний намынхаа удирдлагуудад хандан бичсэн ил захидал анхаарлын төвд байна. Хэдийгээр намынхаа эв нэгдлийг хангахын төлөө уг захидлыг бичсэн гэж байгаа боловч асуудал эсрэгээрээ эргэчихэж байгаа юм биш үү. Үндсэндээ МАН гэдэг нам хуваагдах зам нь засарчихлаа гэж харж байна?
-Энэ чинь үйл ажиллагаатай л холбоотой асуудал шүү дээ. Бид намаа хагалан бутаргах гээд байгаа юм биш. Ямар нэгэн ан цав, хагарал гарч болохгүй. Үүнийг ойлголцол, зөвшилцлийн зарчмаар шийдэж, эв нэгдлээ бэхжүүлэх арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ алхмуудыг шат дараатай авч, хийгээч гэсэн байр сууринаас хандаж, намын удирдлагуудад ил захидал бичсэн.
-Өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хуралдааны үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, гишүүн Д.Тэрбишдагва нарын хооронд үл ойлголцол үүссэн. Энэ талаар сонсов уу?
-Яг сонссон юм алга байна. Хэвлэл мэдээллээс үзлээ. Би Хэнтийгээс өглөө ирсэн.
-Ер нь У.Хүрэлсүх даргын үйлдлийг хэрхэн харж байна вэ?
-Би тэр үед байхгүй байсан. Тийм болохоор тэгсэн ингэсэн гэж хэлэх боломж алга. Мэдэхгүй байна.
-Намын удирдлагууддаа хандаж ил захидал бичсэнийг бодоход одоогийн удирдлагуудад сэтгэл дундуур байгаа бололтой. Тэгж ойлгож болох уу?
-Бид маш хариуцлагатай цаг үед ирээд байна. Бид бие биенийгээ ойлголцож ажиллах ёстой. Сонгуулийн өмнөх жил эхэллээ. Мөрийн хөтөлбөр, амлалт энэ тэрээ хэрэгжүүлэх хамгийн чухал жил. 2012 он бол улс төрийн сонгуулийн жил. Тиймээс улс төрийн намын хувьд маш идэвхтэй, эв нэгдэлтэй, хүчин чармайлт гаргаж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчилж ажиллах ёстой. Ирэх сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр, улс орны өмнө хүлээгдэж байгаа томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхүйц мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, сонгуульд амжилт гаргах шаардлагатай байна.
-Танай нам нэрээ өөрчилснөөс хойш МАН хоёр хуваагдах нь гэх болгоомжлол олон нийтийн дунд байлаа. Гэтэл та бүхний ил захидлаас харахад хагарал, бутарлын асуудал бүр хурцадчихсан юм биш үү?
-Нэг их айхтар тараад бутарчихсан юм байхгүй. Хамгийн гол нь нөхцөл байдлыг зөв үнэлээд, зөв гарцыг нь олоод ажиллах ёстой.
-МАН эв нэгдэлтэй гэдгээрээ гайхуулдаг байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явцаас харахад танай эв нэгдэл алдагдчихсан юм биш үү, нөгөөтэйгүүр өөр үзэл бодолтой нэгнээ хавчиж, дарамтлах бодлого удирдлагууд чинь явуулж байгаа бололтой. Магадгүй та бүхэн ил захидал бичсэнийхээ төлөө тийм дарамтад орох вий дээ?
-Дарамт шахалт ирж байгаа юм юу байх вэ дээ, тийм зүйл алга. Би Хэнтий аймагт томилолтоор явж байгаад ирсэн. Ерөнхийдөө гаднаасаа нэг их эв нэгдэлтэй харагддаг ч юм уу, тийм хуурамч, худлаа байдлыг бид засах ёстой шүү дээ. Удахгүй 2012 оны сонгууль болох гэж байна. Улс төрийн намууд, улстөрчдийн хувьд хамгийн хариуцлагатай үе ирж байна. Түүнчлэн 2011 он бол бид ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол он болж байгаа. Энэ бүхэнтэй уялдуулаад үзэх юм бол бидний бичсэн ил захидалд буруу зүйл нэг ч байхгүй гэж үзэж байгаа.
-МАХН гэдэг товчлол ойрын үед үнэд оров бололтой. Гэнэт МАХН гэдэг товчлолтой 20 гаруй нам бүртгэгдсэн байна. Энэ байдал эргээд МАН задрах эх үндсийг тавьчихав уу гэж харагдаж байна, та ямар байр сууринаас харж байгаа вэ?
-Жижиг юм шиг боловч энэ асуудал чинь явсаар байгаад хүндэрч, энэ том нам задрах хэмжээнд хүрэхийг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ тийм байдалд хүртэл нь хүндрүүлэх хэрэггүй. Тийм нөхцөл байдал үүсч яавч болохгүй. Энэ бол ойлгомжтой асуудал. Ерөнхийдөө хүмүүс асуудлыг хэтэрхий хэлбэр талаас нь яриад байгаа юм болов уу гэж үзэж байгаа. Агуулга талаас нь аваад үзэх юм бол бид нэлээн хариуцлагатай байхгүй бол болохгүй нь. Томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой асуудлыг ид ярьж байна. Энэ хариуцлагатай үед бид асуудлыг нэлээн том агуулгаар нь авч үзэхгүй бол болохгүй байгаа юм. Оюутолгой, Тавантолгойн асуудал, дараа нь стратегийн ач холбогдол бүхий орд газрууд байна. Үүнээс гадна 1997 онд батлагдсан Ашигт малтмалын хуулийн цоорхойгоор явагдсан бүхий л булхай энэ тэр чинь хуримтлагдчихаад өнөөдөр ийм асуудал болж байгаа шүү дээ. Тийм учраас энэ бүх асуудлыг нэлээн анхаарах ёстой.
-Ер нь тийм олон нам гэнэт бүртгүүлсэн нь ямар учиртай юм бол. Ерөнхийдөө танай намын удирдлагуудаас зохион байгууллаа гэж зарим хүмүүс харж байгаа?
-Маш цөөхөн хоногийн хугацаанд олон нэр улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн асуудал байна билээ. Магадгүй тэд ажлаа хэт шуурхайлсан байх талтай. Гэхдээ энэ бүхэн эцсийн дүндээ намын асуудал хэрхэн хүндэрсэн бэ гэдгийг харуулж байна. Нэгдүгээрт, эв нэгдлийн тухай асуудал байна, хоёрдугаарт улс орны хөгжлийн гарааг тодорхойлох томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой асуудал байгаа. Бүр цаашлаад манай Ерөнхий сайд С.Батболд нөхөртэй холбоотой асуудал ч байна. Өчнөөн олон жил яригдсан Бороо гоулдтай холбоотой асуудал байгаа шүү дээ. Бороо гоулдын асуудал олон жил яригдсан боловч үүний цаана юу болсныг ард түмэн сайн мэдэж байгаа. Энэ бүхэн чинь цаашдаа ямар үр дүнд хүрэх юм. Үнэхээр зах зээлийн харилцаанд ажилласан дадлага туршлага, мэдлэг чадвараараа хэрэгтэй юм хийх гэж байвал нэг өөр хэрэг. Гэтэл хийж чадахгүй, өмнө нь гаргасан алдаа завхрал, булхайгаараа цаашаа шатлаад яваад байх юм бол энэ улс орон чинь сүйрнэ шүү дээ. Яагаад би үүнийг хэлж байна вэ гэхээр өнөөдөр энэ нөхрийн хариуцаад хийх гэж байгаа асуудал тун ээдрээ, төвөгтэй, үл ойлголцлын байдалтай байна. Тийм учраас би дахиад энэ асуудлыг тэр Бороо гоулдынх нь асуудалтай холбож яриад байна шүү дээ.
-Үндсэндээ Бороо гоулдыг С.Батболд залгисан, тийм болохоор Тавантолгойг итгэж хүлээлгэн өгч болохгүй гэж үзэж байгаа хэрэг үү?
-Хуучин тогтолцооны үед хайгуулыг нь хийгээд, нөөцийг нь тогтоогоод бүр ТЭЗҮ-ийг нь тогтоогоод ашиглахад бэлэн болчихсон байсан 50 тонн алтны нөөц бүхий энэ орд ямар замаар орсон билээ дээ. Бүгд мэдэж байгаа. Гэтэл үүний дараа Тавантолгой асуудлыг яриад явж байна. Оюутолгой ямар болсныг бид түрүүчээсээ шүүмжилж байгаа. Тавантолгойн ордын тусгай зөвшөөрлийг нь хадгалж байгаад ард түмэн, улс орондоо эргүүлээд өгчихсөн юм шиг ойлгогдож байгаа боловч яг цаад талыг нь үзэхээр энд булхайтай, ил тод биш, ойлголцлын зөрүүтэй асуудал олон байна. Тавантолгойн асуудлаар УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэл юу болов. Сүүлийн үед, ялангуяа С.Баярын Засгийн газраас эхлээд УИХ-ын өгсөн чиглэл, хууль болгоод баталчихсан тогтоолоос огт өөр 180 хэм эргэсэн байдлаар асуудалд ханддаг моод дэлгэрээд байгаа. Тийм учраас үл итгэх, итгэхгүй байх хэрэгтэй гэсэн бодол яваад байгаа юм. Өнөөдөр жишээ нь сонирхлын зөрчлийн асуудал яригдаад эхэллээ. Энэ асуудал яригдах юм бол дээрх асуудал ч мөн адил яригдах ёстой л гэж би үзэж байгаа.
-Оюутолгойн гэрээг эргэн харах асуудлаар нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа. Та тэдний байр суурийг дэмжиж байгаа юу?-Дэмжиж байгаа. Би өмнө нь хэд хэдэн гишүүнтэй хамтраад энэ Оюутолгой, Айвенхоу майнзтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьчихсан байгаа. Өмнө нь УИХ-аар батлуулсан гол мөрний урсац бүрэлдэх эх, байгаль орчныхоо тэнцвэртэй байдлыг хадгалах хамгийн чухал газарт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохыг зогсоох, өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцалъя гэсэн үзэл баримтлалтай хууль байна. Энэ хуулийнхаа хэрэгжилтийг шаардаж, энэ талаар асуулга тавьсан байгаа. Яг үнэндээ С.Баярын Засгийн газар Тавантолгойн лицензийг олон хүн хуваагаад авчихсан байсныг улс буцаагаад авчихлаа гэж ярьж байгаа боловч цаана нь юу байгааг хэвлэл мэдээллийнхэн, эрдэмтэн судлаачид хэлээд байна. Тавантолгойн орд газрын нийт нөөцийнх нь дөрөвхөн хувийг Энержи ресурст өгсөн гэж байгаа боловч нийт коксжих нүүрснийх нь 20 хувийг, эрчим хүчний нүүрсний 18 хувийг нь өгчихсөн байгаа. Нэг үгээр хэлбэл, хамгийн баялаг агуулгатай нөөц, хамаг өрөм цөцгийг нь хамаад өгчихсөн. Хамгийн гол нь хууль бусаар өгчихсөн асуудал байна шүү дээ. Тэгээд амташсан хэрээ 13 дахина гэдэг шиг Тавантолгойн үлдсэн хэсгийг ашиглахад УИХ-аас өгсөн чиглэлийг огт өөрөөр хийсэн асуудал яригдаж байна. Тэгэхээр байдал үнэхээр ноцтой байна.
Зохиогчийн эрх:
“Монголын мэдээ” сонин
URL: