Монголчууд баяжчихжээ

Монгол Улс ядуу байна, тартагтаа тулжээ гээд л үглээд байдаг. Эдийн засагчид, улс төрчид ард түмэн ядуу байна гэжхалагласаар хэдэн ч жилийг үдэв ээ, бүү мэд. Гэтэл өнөөдөр байдал шал өөр л байна ш дээ. Монголчууд баяжчихжээ. Бүр дэндүү баяжсан байна.

Манайд өнөөдөр дундаж амьдралтай хүн гэж алга. Нэг хэсэг нь гүзээгээ даахгүй шахам баяжсан байхад нөгөө хэсэг нь тартагтаа тултал ядуурсан. Баяжсан хэсэг нь мөнгөө барж ядаад, солиотой гэмээр юм санаачилж эхэлжээ. Саяхан нэг нөхөр 99115004 гэсэн дугаарыг 6.5 сая төгрөгөөр зарна гэж баярхаж байна билээ.

Аягүй бол хэн нэг хэнээтэй нөхөр авах гээд л утасдаж, худалдаж авсан даа. Манайд 9911-тэй дугаарыг УИХ-ын гишүүдээс эхлээд компанийн захирлууд барьдаг гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа байх. 100 ам.долларын барьцаа төлж байж авдаг энэ дугаар өнөөдөр ийм болтлоо үнэд оржээ. Үнэд орох ч юу байх вэ дээ. Манайхан л болсон хойно хэнхэглэж үнэд оруулж байхгүй юу. Хэзээ ч билээ 9911-тэй дугаар барьцаалж мөнгө зээлдүүлнэ гээд л байсан. Бүр зарын сонинуудаар 9911-тэй дугаар барьцаалж, хоёр сая төгрөг цагийн дотор гаргаж өгнө гэсэн зар гарсан. Энэ янзаараа байгаад байвал хэдхэн жилийн дараа ийм дугаартай хүн “од” болж хувирах юм байна л даа.

Ганц дугаар барьцаалаад л жийп машин, байр авдаг болж алах вий дээ, та минь. Энэ байдлаараа яваад байвал тийм болохыг үгүйсгэх аргагүй л юм. Одоо л 6.5 сая төгрөгөөр зарна гэж “балайрч” байгаа юм чинь. Мэдэгдэж байгаа нь л энэ болохоос 10 гаруй саяар зарж, худалдаж авч “том тэнэгтэж” байгаа мөнгөө яаж үрэх вэ гэсэн нөхдүүд байгаа л байлгүй. Тийм сураг гарч л байна билээ. Тэгээд ийм дугаараас л залгахгүй бол утсаа авахгүй хүмүүс сүүлийн үед олшроод байгаа. Бодвол нэг хүн л юм гуйх гэж утасдаж байна гэж боддог байлгүй.

Хүн баяжина гэдэг ахар ухаантай болдог бололтой юм. Сүүлдээ 9911-тэй дугаар л барьж байвал хоосон хоносонч хамаагүй гэсэн сэтгэлгээтэй нөхдүүд олон болох бололтой, бурхан минь. Уг нь бол зүгээр л нэг дугаар ингэтлээ өндөр үнэ хүрнэ гэдэг чинь солиорол биз дээ.

Ингээд бодоход л манайхан хагартлаа баяжчихсан нь харагдаад байгаа юм. Хүн эрдэм чадал, оюун ухаан, мэдлэгээрээ гайхуулдаг цаг өнгөрч, 9911-тэй дугаараар гайхуулдаг болж дээ. Уг нь шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас хяналт тавьмаар л юм. Баячууд хоорондоо “балайралцаж” байгаа болохоор болохгүй байгаа юм байлгүй дээ. Санаагаар болдог бол 9911-тэй дугаарыг бүгдийг нь хаагаад хаячих юмсан. Ээ дээ энэ баячууд уу, үгүй ээ мөн балай хүмүүс юм даа.

Н.Пунцаг


URL:

Сэтгэгдэл бичих