Монголын улс төрийн намууд / цуврал 1/ : МАХН

Өнөөгийн бидний мэддэг улс төрийн нам гэгч байгууллагын нэр  “party”  хэмээх үгний  шууд орчуулга бус “нам нийлэх, сэм хуйвалдах” гэсэн  үгнээс гаралтай гэж олон судлаачид үздэг. Монголын улс төрийн амьдралд  өдгөө  МАХН, АН гэсэн хоёр нам голлох үүрэгтэй оролцож буй бөгөөд  мөн  ИЗН, МНН – ууд УИХ-д суудалтай байна. Улсын дээд шүүхэд нийт 16 нам бүртгэлтэй  гэх бөгөөд энэ дунд  УИХ-ын сонгууль дөхмөгц “Намаасаа нэр дэвшигч сонгон шалгаруулж авна” гэх зар сонин дээр гаргадаг,  даргынхаа цүнхэнд тамга, тэмдэгтэйгээ “хамт явдаг”-аас эхлээд намын дарга нь Европ руу ажилд зуучилна хэмээн визний залилан хийн зугтахтай зэрэгцэн, “амьсгал хураасан” нь ч бий.  Монголын анхны мэдээллийн сайт  Sonin.mn –ий “Аналитик ньюс” булан таныг улс төрийн тавцанд “голлон тоглож” буй намуудтай цувралаар  танилцуулах болно. Дараагийн дугаарт АН-ын тухай өгүүллийг толилуулах болно.

МАХН
Анхны “нам нийлж, сэм хуйвалдагчид” бол албан ёсны танилцуулгадаа 1921 оны 3 сарын 1-нд Дээд Шивээ хотод анхны хурлаа хийж байгуулагдсан хэмээн өгүүлдэг  Монгол Ардын Хувьсгалт Нам / МАХН/ юм.  Монгол орныг эзлэн түрэмгийлж байсан харийн дарлалыг эсэргүүцсэн С.Данзан, Д.Бодоо, н.Чагдаржав, Д.Сүхбаатар нар 1920 онд Монголын Ардын намыг байгуулсан бөгөөд хожим нь 1924 онд  хуралдсан хурлаар намын нэрэн дээр “Хувьсгалт” гэсэн үгийг нэмснээр дэлхий дээр хамгийн удаан төрийн эрх барьсан намын замнал эхэлжээ. Намын удирдагчид зөрчилдөж, нэгнээ хөнөөсөн, Коминтерний томилгоо бүхий буриад эр Ренчино Элбэгдорж гэгч намын бүхий л эрх мэдлийг барьж байсан, тэгш эрх бүхий гурван нарийн бичгийн даргаар удирдуулж байсан, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын үед нэг хүнийг тахин шүтэх үзлээр удирдлагын цөмөө бүрдүүлж байсан гээд намын удирдлагын түүх түмэн янзын “өнгөтэй”. “Нийгмийг удирдан чиглүүлэгч манлай хүч бол МАХН” хэмээн үндсэн хуулиндаа заасан байсан намын түүх бүхэлдээ БНМАУ-ын түүхтэй  холбоотой.

ЗХУ, И.Сталины заавраар 1937-1939 оны хооронд бүрэн бус тоогоор 80,000 орчим (тухайн үед Монгол улсын нийт иргэдийн 10%)  сэхээтэн, цэргийн зүтгэлтэн, нийгмийн зүтгэлтэн  зэрэг  иргэдийг хэлмэгдүүлэн, цаазаар авах, шоронд хийх, тамлах, цөлөх гэх мэт ноцтой гэмт хэрэгт шууд  оролцон гүйцэтгэсэн,  олон тооны сүм, хийдийг нурааж, лам нарыг хөнөөсөн явдал нь тус намын түүхэн дэхь хамгийн ноцтой хар толбо.  Монголын төр 1997 онд албан ёсоор ард иргэдээсээ дээрх хэлмэгдүүлэлтэй холбогдуулан уучлалт  гуйсан. Харин тус намын өдгөөгийн удирдлагуудын удаа дараа хийдэг тайлбар нь : “МАХН ч гэсэн хэлмэгдсэн” гэх. Гэсэн ч тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан, хүн амыг эржүүлжүүлж, соёлжуулсан, бичиг үсэгт  бүрэн тайлагдуулсан, хот барьж босгосон, сансарт хүн нисгэсэн гээд МАХН-ын Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг  Ардчилсан хувьсгалын анхдагч,  нийтлэлч Баабар “ Монголчууд нүүдэл суудал” номондоо өгүүлсэн нь бий.1992 оны  шинэ үндсэн хуультай зэрэгцэн МАХН-ын шинэ үе эхэлсэн юм. Ардчилсан хувьсгалын  дараа намын удирдлаганд гарсан философич Бүдрагчаагийн Даш-Ёндон намын үзэл баримтлалыг Нагаржунайн төвч ёсны үзэл хэмээн зарласан нь дэлхийн улс төрийн практикт  ховорхонд тооцогдох сонин үзэгдэл байв.Өдгөө тус нам ардчилсан социалист үзэлтэй хэмээн дүрмэндээ тусгасан. МАХН-ын лидерүүдийг үндсэнд нь гурав ангилж үзэж болох мэт.

1.   Экс коммунист кадрууд
МАХН хуучин нийгмийн үед боловсон хүчнийг бэлдэх  өөрийн гэсэн бодлоготой байв. Ихэвчлэн малчин гаралтай,  хөдөөний, онц сурдаг, эвлэл, пионерийн идэвхтнүүдийг дотооддоо бол МУИС, эсвэл ЗХУ-ын аль нэг сургуульд дээд боловсрол эзэмшүүлнэ.Төгссөнийх нь дараа аймаг, сумын эвлэл, намын  хороо, үйлдвэр, аж ахуйн газруудад үүрийн дарга, лектороор ажиллуулж, хүнтэй харилцах, намын үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх зэрэг “чимхлүүр” ажилд нухлуулж, “дарга” ажлын зах зухаас амсуулна.Шалгуур хангасан нэг нь  “Гэгээн Зөвлөлт” ЗХУ-д аспирантурт суралцаж, “суут Ленины” үзэл санаагаар өөрийгөө бүрэн цэнэглээд, дарга хэмээх ажлыг багаас нь эхлээд хийж эхлэн, “ МАХН-ын даргын шатаар өгсдөг” байв.  Дарга бэлтгэх коммунист шүүлтүүрийг давдаг байсан тул  тэд  яах аргагүй сурлагатай, ном их уншдаг, хүнтэй ажиллах чадвартай,  бие бялдрын хүмүүжилтэй,  ахуйн муу зуршилгүй хүмүүс  байсан нь үнэн. Гэвч хоолойгоо шахаж ярьдаг, сул үйлдэл хийдэггүй тэдний гол дутагдал бол “Зөвхөн  өөрсдийгөө л дарга байх ёстой” гэж үздэгт байдаг. Угаасаа бүх  насаараа дарга л хийсэн юм чинь арга ч үгүй байх.  Орост ийм этгээдүүдийг 1990-ээд онд “Улаан дарга нар” хэмээн нэрийддэг асан. Тэд бол хүнд суртал,  төрийн үйлчилгээний чирэгдэл, авлига зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийн голлох “эцгүүд” байж болох тухай хэвлэлүүдэд олонтаа нийтлэгддэг. Бизнес огт хийгээгүй  гэх атлаа хамгийн тансаг хаус, машин, дансанд дахь “мөнгөөрөө” гайхуулах тэд  УИХ-д дарааллан суусан оноороо ихэд бахархдаг. Биедээ арчаатай, овор багатай тэд  өдгөө төрийн хамгийн  томоохон ажлыг хашихаас эхлээд “жигүүр, хөдөлгөөн” байгуулаад тууж яваа . Учир нь тэд өөрийгөө одоо ч “бэлтгэгдсэн дарга” хэвээр гэж боддог. Дарга бол дарга л байх ёстой. Дарга биш байна гэдэг тэдний хувьд төгсгөл л гэсэн үг. Тэдний эргэн тойронд ихэвчлэн хөдөөнөөс орж ирээд, оюутны  байгууллагын хурган дарга хийж , улс төрийн гараагаа эхэлсэн “залуу социалистууд” ажилладаг агаад  “ах” нараа залгамжлах дүүрэн хүслээр жигүүрлэн, 50 мянган төгрөгний гялалзсан  костьюм өмсөөд, “Оюутны эрх, залуусын оролцоо” гэхчлэн хашгирч яваа.

2.    МАХН дахь Ардчилсан шинэчлэгчид
Зөвлөлтийн 3 юм уу, 23-р дунд сургууль төгсч, ЗХУ-д дээд боловсрол олсон  тэд бол тухайн цагийнхаа Монголын томоохон сэхээтний хүүхдүүд. Ихэвчлэн хотын гаралтай бөгөөд  40, 50 мянгатад  “Beatles” сонсож, өргөн өмд өмсдөг асан,  тухайн цагийн өвгөчүүлийн нүдээр бол “танхайчууд”. Багаасаа сэхээтний хүрээлэлд өссөн учир залуу насаа “улаан галзуу коммунист лектор” явсан “кадрууд”-аас арай чөлөөтэй сэтгэж , мэдэрч өнгөрөөсөн.  Ядаж л барууны  хамтлагуудын  пянзыг үеийнхнээсээ түрүүлж сонсож, жинс өмссөн. Ихэвчлэн мэргэжлээрээ ажиллаж, мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга болж байх  үедээ 1989 онтой золгосон.  Тухайн цагтаа нийгмийн сөрөг үзэгдэл, хүнд суртлыг илчлэн шүүмжилж асан “Цаг үе, залуучууд”-ыг санаачлан, хөтлөж байсан  ч хожим нь экс коммунист МАХН-ын дарга болсон С.Баяр бол гол хэвшит дүр нь гэж болно. Ардчилсан хувьсгалын алт, мөнгөн “хараацай”-нуудын ихэнхтэй нь танил. Магадгүй хамтран ажиллаж байсан ч өөрийгөө мэдрэх, үнэлэх чадвар, залуу насных нь “хиппи” маягийн амьдрал, санал бодлын зөрөлдөөн зэргээс болж МоАХ-нд ороогүй.  МЗЭ-ийн хэлтсийн дарга асан Н.Энхбаяр, Радио, телевизийн улсын хорооны дэд дарга асан С.Баяр нараар магнайлсан тэд  үндсэндээ МАХН-ыг  1997 оноос 2009 оны  10 сарын 29  хүртэл удирдсан. Коммунист  кадрууд, шинэ  хөрөнгөтнүүдийн эвийг олж, 1990-ээд оноос хийгдсэн шинэчлэлийг гардан хийгчид. Үндсэндээ 1990 оноос хойш төрсөн шинэ МАХН бол тэдний бүтээл. Гэвч нийгэмд ойлгогдох тэдний үнэлэмж нь харилцан адилгүй. Зарим нь “авлигын загалмайлсан эцэг” гэгдэж байхад нөгөө нь “түүнийг зайлуулагч” болох жишээтэй.  Намын томилгоонд сүүлийн 2 жилийн дотор огцом өөрчлөлт хийгдсэн нь ч тэдэнтэй шууд бусаар холбоотой. Оюутны ширээнээсээ л   зангиа зүүж, намаа дагасан “залуу социалистууд”-ын  эзлэх ёстой гэж таамаглаж асан төрийн албыг барууны орнуудад боловсрол эзэмшсэн, төрийн болон бусад түвшинд / намын гал тогооноос л хол/ ажиллаж байсан Д.Зоригт,  “Бонн”-ын Т.Алтангэрэл, Б.Наранзун нарын залуус хашиж эхэлсэн нь олон нийтэд бол таалагдаж буй. Улс төрийн хийгээд намын тэргүүн фронтоос “голлох тоглогчид”  өөрийн болон өрєєл бусдын шалтгаанаар завсарлага аваад буй ч тэдний МАХН-д, цаашилбал Монгол улсад гүйцэтгэх үүрэг “хүндийн жин”-гийн дийлэнхийг “дарж буй”.

3.   МАХН дахь бизнесмэнүүд
Экс коммунист  кадрууд  БНМАУ нуран унасанд бухимдаж, шинэчлэгчид МоАХ-тай “нэг фронт”-од хувьсгал хийж явахад бизнесийнхээ план зургийг гаргаж явсан бизнесмэнүүд бол яруу алдарт МАХН-ын үүх, түүхтэй нэг их хамаатай хүмүүс биш. “Мөнгөө төл, хөгжмөө захиал” гэх орчин цагийн капиталист Монголын хуулийг дэндүү эрт мэдэрч, басхүү тэрхүү хуулиар амьдарч яваа улс. Намын дэргэдэх төрийн бус байгууллагыг удирдах, намаа санхүүжүүлэх “хамгийн гол” ажлыг бид л хийсэн гэж өөрсдийгөө үнэлдэг. Бизнесийн  зарчмаар өгөх ёстойгоо өгч, авах гэснээ ч авдаг. Өдгөө олон нийтийн дунд хийгээд хэвлэлд олигархи хэмээгдэгчид бол тэд.  Намуудын зөрчил, үзэл суртал зэрэг нь тэдэнд нэг их чухал бус. Нийгэмд тэдний талаар 2 янзын туйлт ойлголт байдаг.
1.    Өөрөө бизнес хийж, мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн энэ хүмүүс л жинхэнэ сайн улс төрч байж чадна.
2.     Тэд бол ашгаас өөр юу ч боддоггүй хүмүүс.
Мэдээж уулын мод урттай, богинотой. Харамсалтай нь бизнесчид яг өөрийн эрхэлдэг бизнестэй адил салбарыг удирдахыг хүсдэг  явдал нь салбараа мэддэг учраас тэр гэхээсээ илүү ашиг сонирхлын зөрчилтэй хэрэг болох нь элбэг.
“Алтай холдинг”-ийн эзэн Сүхбаатарын Батболд МАХН-ын дарга болсон нь бизнесмэнүүд  эрх баригч намын 1-р эгнээнд гарсан анхны тохиолдол болов. Тодорхой дүгнэлт хийхэд дэндүү эрт байж мэдэх ч эрхэм Ерөнхий сайд  саяхан УИХ-аар шийдсэн “ТаванТолгой”-н эзэн асан  компаний хувь эзэмшигч байсныг хэлэх нь илүүц биз ээ.

МАХН-ын тухай зарим сонирхолтой баримтууд
МАХН-аас нийт гурван нам  өрх тусгаарлан “төрж” байсан. МАХН-ыг шинэчлэх тунхаг гаргаж асан  К.Зардыкан тэргүүтэй эрдэмтэд Монголын сэргэн мандлын намыг байгуулсан бөгөөд уг нам хожим нь МҮАН-д нэгдсэн.1993 онд МАХН-аас УИХ-д сонгогдсон Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн МАСМН/ Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам/ -ыг байгуулсан бөгөөд сонирхолтой нь “ Би намаа сольсон тул УИХ-аас ч чөлөөгдөх ёстой” хэмээн өргөдлөө өгч байжээ. МАСМН мөн л 2000 онд АН-д нэгдсэн.  Судлаач Д.Ганхуягийн нэгэн өгүүлэлдээ бичсэнээр бол  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 1997 онд МАСН/ Монголын Ардчилсан Социалист Нам/-ыг байгуулахаар завдаж байсан гэх агаад хэрэв их хурлаар  намын удирдлагаар сонгогдож чадаагүй бол уг намаа толгойлох байсан гэгддэг. Мөн түүний гэргий О.Цолмон 1992 оны  УИХ-ын сонгуульд Үндэсний дэвшлийн намаас нэр дэвшиж байсан хөдлөшгүй баримт байдаг. 1997 онд МАХН-ын удирдлагад Н.Энхбаярын баг гарсны дараа Ж.Роозон тэргүүтэй МАХН-ын хууччуул “өрх тусгаарлаж”, Монголын коммунист нам гэгчийг байгуулж байсан нь  бий. Уг нам ОХУКН-д захидал бичиж, тунхаг, мэдэгдэл “үйлдвэрлэж” байгаад жам ёсоороо “амьсгал хураажээ”. Мөн МАХН-д нэг нам “дагаар орж”, нэгдэж байсан нь Монголын Ардын Нам. МоАХ-ны “лам” Д.Баасангийн үүсгэн байгуулсан тус нам 2001 онд МАХН-д “цагаан тугаа” барьж ирсэн агаад шанд нь тус намын дарга асан Д.Өлзийбаатар Улсын Архивын газрын даргаар томилогдсон байна.
Төгсгөл
МАХН бол чөтгөр, шулмын үүр  уурхай сөнөөх  хэрэгтэй гэх үзэн ядалт хийгээд нэг бол МАХН нь Чингисээс хойшхи  зохион байгуулалтын хамгийн дээд хэлбэр, тусгаар тогтнолын баталгаа гэж дэмийрэхийн аль аль нь өрөөсгөл.   МАХН өнөөдөр манай нийгмийн  бараг  бүхий л бүлэгт нөлөөлдөг  хүчирхэг   нэгэн нийгмийн  анги  болоод байна. Энэ нам дотор  элдэв төрлийн улс төр,  бизнесийн бүлэглэлийн төлөөлөгчид,эрдэмтэд, сэхээтнүүд , жирийн албан хаагчид, тэр бүү хэл эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой этгээдүүд  ч  багтаж буй.  Энэ намаар дамжин, олон зуун хүн албан тушаал ахиж, тендерт ялж,  харин уг намын “хар дансан”-д орсон нэгэн  ахиж, дэвших боломжоо хязгаарлуулдаг нь нууц биш. Ердөө л МАХН-аас гарсныхаа төлөө л  цагтаа сайд хийж явсан нэгэн  “улс төрийн тоглоомын тойрог”-оос шахагддаг дүрэмтэй .   Жинхэнэ утгаараа бол МАХН-ын дарга гэх албан тушаал Монгол улсын Ерөнхий сайдаас илүү эрх дарх, үүрэг рольтой .  ……сайд юу юм бэ? намын дарга намайг томилсон юм за юу?  гэх хөлчүү хурган дарга нар хаа сайгүй байдгийн тайлал нь тэр. МАХН 2008 оны намраас эхлэн  АН-ыг  Засгийн газрын болоод агентлагийн түвшний 100 гаруйхан албан тушаалаар “худалдан авч”, өөрийн “жигүүр” хэлбэрээр ажиллуулж байна.  Шатсан байшингаа шинээр барьж, 90 жилийн ойгоо ирэх жил тэмдэглэх гэж  буй энэ  нам харин хэд наслахыг цаг хугацаа харуулах биз ээ. Дараагийн удаад бид АН-ын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.
М.Гал-Арив


URL:

Сэтгэгдэл бичих