МАН-ын гологдсон “Хүүхнүүд”

МАХН-даа үнэнч гэдгээ харуулж УИХ-ын гишүүн Ц. Шинэбаяр намдаа үлдэнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Ийнхүү тэрээр өсч бойжсон намынхаа гадна гарч шуугиан тарьж гарсан нь нам доторхи сөргөлдөөнийг бий болгов. Түүнийг МАН-ын удирдлагууд алсаас хараад дуугүй байгаагүй нь УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарт таалагдсангүй.

Хэдийгээр Ц. Шинэбаяр тэднийг “Бирд” хэмээн нэрлэж, устгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч дээрх дөрвөн гишүүн арга эвийг нь олж, болж өгвөл сүрэгтээ нийлүүлэх учиртай гэдгийг намын даргадаа сануулж, Онц их хурал хуралдуулах тухай асуудлыг судалж үзэхийг шаардав. Гэтэл намын удирдлагууд нь тэдний санал хүсэлтийн талаар хатуухан ярилцжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхөмөөрөгчидтэй ширүүн дориун харьцсан талаар хэвлэлүүд мэдээлж, дөрвөн гишүүн энэ талаар ярьж эхлэв.

Тэд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргынхаа өөдөөс “Чи юу юм, хэн юм” хэмээн аархаж, дарга нь тэднийг нам бузарлагсад хэмээн баахан баалж голов. Хоёр сар гаруйн өмнө олонхиороо намынхаа нэрийг солихыг шийдвэрлэсэн гишүүд өдгөө Ц.Шинэбаярыг өмөөрч эхэлсэн нь гайхалтай.

Гэтэл Ц.Шинэбаярыг өмөөрөгсдийн дунд МАН доторхи жигүүрийн тэргүүн Ц.Даваасүрэн багтаж буй нь намын удирдлагуудад таалагдаагүй бололтой. Ер нь МАН МАХН байх үед олон жигүүр төрөн гараад элин халин ниснэ хэмээн сүрдүүлж албан тушаал авч сурсан уламжлалтай. Энэ талаар тус намын их, бага хурал дээр намын дарга С.Батболд төдийгүй цөөнгүй гишүүд шүүмжлэл хэлсэн байдаг билээ.

МАН-д байхгүй нөхрөө өмгөөлж буй нэрийн дор нэгдээд байгаа УИХ-ын дөрвөн гишүүн хүүхэн зан гаргаж, намаасаа гарна, явна гэж айлгахыг үгүйсгэх аргагүй.

Уг нь “Хүүхэд уйлахаараа, хөгшин хүн үхэхээрээ айлгадаг” гэдэг. Сүүлийн үед энэ хэлц үгийн ард “Хүүхэн явахаараа айлгадаг” гэх болсон. УИХ-д ганцаардаж байсан Ц.Шинэбаяр хүрээгээ тэлж, тавуулаа боллоо. УИХ-ын тухай хуулиар наймаас дээш гишүүд нэгдэж бүлэг байгуулах эрхтэй байдаг. МАН-ын гологдогсдын тоо нэмэгдэж, Ц. Шинэбаяр гишүүний шинэ нам найман гишүүнтэй болохыг үгүйсгэх арга алга. Гэхдээ энэ бүхний ард Н.Энхбаяр бий. Тэрээр УИХ-д бүлэгтэй болохыг чармайж байгаа нь илт байна. УИХ-ын эрхмүүдээс ч Н.Энхбаярыг дагавал дараагийн УИХ-д суудал зулгааж магадгүй гэж санан өөр юм ярьж эхлэв бололтой.

Дөрвөн гишүүний ийнхүү санаа нэгдсэнийг албан тушаал биш юм аа гэхэд ирэх жил болох УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ олж авахын төлөө хийж буй алхам гэх хүн цөөнгүй байна. Тухайлбал, “Уламжлал, шинэчлэл, шударга ёс” жигүүрийн тэргүүн Ц.Даваасүрэн намынхаа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтад дээгүүр давхих магадлал тийм ч их биш. Түүнд УИХ-д нэг удаа сонгогдсон, байнгын хорооны даргаар нэг удаа ажилласан гэдэг “алдар” ногдоно.

Үүнээсгадна орон нутгийн 26 тойргийн , нэг болох Хөвсгөл аймагт түүнийг нэр дэвшүүлэх эсэх нь эргэлзээтэй. Үүнээс гадна тойрогт нь Ө.Энхтүвшин, С.Баяр зэрэг хүчтэй өрсөлдөгчид бий. Тиймээс Ц. Даваасүрэн одооноос бэлтгэлээ хангаж, хөдөлж эхэлж буй нь энэ гэж хардах хүн бас байна. Тэрээр МАН-ын шинэ бат илэрхийлэхийг гардуулах ёслолд оролцоогүй нь учир битүүлэг.

Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд Ц. Даваасүрэнтэй адил төстэй зүйл бий. Тэрээр УИХ-д хоёр удаа сонгогдсон, байнгын хорооны даргаар нэг жил ажилласан. Хэрэв Хэнтий аймагт МАН-ын Ерөнхий. нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нэр дэвшвэл түүнд орон зай олдохгүй боловуу. Мөн Н.Ганбямба, Д.Арвин гээд өрсөлдөгч олонтой.

Дараагийнх нь цагтаа багагүй дуулиан тарьж байсан “Элсний 13″-ын нэг Д.Тэрбишдагва. Тэрээр УИХ-д хоёр удаа сонгогдсон, хоёр удаа сайдын алба хашсан. Энэ”үзүүлэлт нь” жагсаалтын дундуур бичигдэх магадлалтай ч, сонгогдох эсэх нь мөн л эргэлзээтэй. Төрсөн нутаг Архангайдаа нэр дэвшиж болох талтай.

Мөн Д.Балдан-Очир гишүүн байна. Тэрээр 1990 онд 26 настайдаа Дарханаас Ардын их хурлын депутатаар сонгогдож, улмаар улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын бага хурлын 53 гишүүний нэг болж, 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон, УИХ-д нэг удаа сонгогдоод байгаа. УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн жагсаалтад дундаас доогуур бичигдэх гавьяатай. Түүнчлэн Завхан аймагт Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу гээд хүчтэй өрсөлдөгчтэй. Ц.Шинэбаяр гишүүн ч гэсэн жагсаалтын хувьд тэдэнтэй л адил. Удахгүй 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй МАН-ын гишүүдийг гуравдугаар сарын 1-нээс өмнө учир зүйгээ олно гэж найдах л үлдлээ.

Д. Маралгоо
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих