Монголчууд өөрсдийнхөө хайрын баярыг тэмдэглэж заншвал…
Гэгээн хайрын Валентины өдөр буюу хоёрдугаар сарын 14-ийг сүүлийн үеийн залуус өргөн тэмдэглэх болсон. Харин монголчууд өөрсдөө Хайрын тэнгэртэй юу? Энэ талаар “Дэлхийн тэнгэр ухаан судлалын их хүрээлэн”-гийн дэд тэргүүн, судлаач, удган Намсрайн Энх-Амартай хөөрөлдлөө.
-Хоёрдугаар сарын 14-ныг Хайрын өдөр, Валентины баяр гэж өргөн тэмдэглэх болж. Монголчууд хайрын тэнгэртэй юу?
-Байлгүй яахав. Хүн тэнгэр яагаад шүтээд байна гэхээр юм мэдэхгүйтэй л холбоотой. Валентины баяраар бие биедээ бэлэг өгч болно л доо. Гэхдээ хоёрдугаар сарын 14 байдаг нь ямар учиртай юм бол. Монголчууд 4-ийн тоон дээр нэг их баяр хийдэггүй л дээ. Шинийн есөн ч юм уу, олз омог арвижиж, бүх зүйл сайхан дэлгэрч байдаг тоон дээр монголчууд хайрын баяраа тэмдэглэж заншвал энэ олон гэр бүл салж сарнихгүй дээ. Өнөө цагт бүрэн бүтэн гэр бүл бараг алга.
Гэр бүлийн баяраа тэмдэглэж, орой нь өвөг дээдэстээ, аав ээж хоёртоо өргөл өргөж заншвал гэр бүлийг бэхжүүлэх, үр хүүхэд нь эцэг эхийгээ хүндлээд их л чухал даа. Аав, ээж хоёр маань ч хайрын тэнгэр шүү дээ. Амрагийн дээд нь аав, ээж хоёр гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр амрагийн дээд аав, ээж хоёртоо хайрын өдөр өргөл өргөөд амьд ч бай, өнгөрсөн ч бай тэр өдөр хайртай хосууд өөрсдийгөө Хайрын тэнгэрт он удаан жил, сайн, сайхан амьдруулж үр хүүхэдтэй, өнөр өтгөн, сайхан байлгаж өгөөч гэж сайхан ерөөл дэвшүүлж, Хайрын тэнгэртээ өргөл өргөж сурмаар байна.
Юм болгонд харийнхныг дуурайх биш өөрийн гэсэн орон зай, өөрийн гэсэн ёс заншил, өерийн гэсэн зүйлийг бий болгох цаг үе ирчихээд байгаа.
-Аав, ээж хоёрыгоо хайрын тэнгэр гээд байна уу?
-Үгүй ээ. Хөх мөнгөн тэнгэр-эцэг, хөрст алтан дэлхий-эх. Энэ хоёр өөрөөр хэлбэл, газар, тэнгэр хоёр нийлж байж нэгэн хос тэнгэр Мөнх хөх тэнгэр болдог. Ээж, аав хоёр нийлж гэсэн утга байгаа биз. Мөнх хөх тэнгэр гэдэг бол хос тэнгэр. Үүнийг дагасан 99 тэнгэр бий. Нийлээд зуун тэнгэр болдог. Газар, тэнгэр хоёрын аль нэг нь байхгүй бол энэ ертөнц дээр амьтан байхгүй шүү дээ. Од, гариг эрхэс, нар гэдэг маань тэр хос тэнгэрийн үр хүүхэдтэй адил утга. Есөн гариг байна. Монголчууд яагаад юм болгоныг өсөөр билэгддэг юм. Есөн гаригаас хорвоо ертөнц оршин тогтдог. Есийн билэгдлийг олон талаас нь тайлбарлаж болох учир утгатай.
Тэгэхээр Мөнх хөх тэнгэрийг дагасан 99 тэнгэр байдаг. Аавын талын 44 хар тэнгэр, ээжийн талын 55 цагаан тэнгэр гэж хуваадаг. 33 хурмаст, Этүгэн 77 тэнгэр нийлээд 100 тэнгэр болж байдаг. 99 тэнгэрт хайрын тэнгэр, хүслийн тэнгэр, азын тэнгэр, олз омгийн тэнгэр, дайны тэнгэр, харуул тэнгэр, дагуул тэнгэр гээд олон тэнгэр бий.
-Хайрын тэнгэртээ өргөл өргөхөд заавал тийм өдөр гэж оноогоод байх ч албагүй юм аа даа?
-Хүслийн тэнгэр гэж байдаг. Бүтэн cap гарсан тэргэл сартай, шинийн 15 гэрэл, гэгээтэй өдөр байдаг. Тэр өдөр сарны цаана Хүслийн тэнгэр гарч байдаг. Сарны цаана байгаа тэнгэр сарыг тойрсон нэл туяа болж харагдаж байдаг. Тийм учраас Хайрын тэнгэрт өргөл өргөж байгаа хүмүүс, хайртыгаа олоогүй, хань ижилгүй хүмүүс Хүслийн тэнгэрт, Хайрын тэнгэрт, бас Ханийн тэнгэртээ өргөл өргөж түүнийгээ хайрын баяраа болгон тэмдэглэж болно.
“Намайг сайхан хайртай, сайн ханьтай учруулаач ээ, хань, гэр бүлтэй болох хүсэл мөреөдлийг минь биелүүлж өгөөч ээ” гэж өргөл өргөвөл Хүслийн тэнгэр хүний өргөлийн авснаар тэр хүний хүсэл биелж байдаг.
-Өргөлөө сүүгээр өргөх байх?
-Шинийн 15-ны өглөө шүтээнийхээ өмнө аяга сүү хийж тавиад орой харуй бүрийд cap гарснаас хойш сүүгээ авч гараад цацлаараа 11 удаа, үлдсэнийг аягаараа өргөөд 100 удаа болж Мөнх хөх тэнгэр, хос тэнгэрт бүтэн өргөл хүрнэ. Хайрын тэнгэр, ханийн тэнгэр, хүслийн тэнгэрт даатгагдлаа, тэнгэрүүд намайг сонслоо гээд хэлж байгаа үгээ сайхан тод, зөв хэлнэ. “Намайг насан туршдаа амьдрах заяаны минь ханьтай учруулж өгөөч” гэдэг ч юм уу. “Намайг найз залуутай болгоод өг” гэвэл ханьтайгаа учрахгүй, найз залуутай л учраад байх нь байна шүү дээ.
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин
URL: