Өнөөгийн залуус улс орны ирээдүй хойч байж чадах уу ?

Юу ч авч хүрэхгүй халаасны хэдэн бутархай төгрөг шиг ямарч үнэ цэнэгүй болсон залуу үеийг яана даа. Улс, эх орон, эцэг эхийнхээ сайн сайхны төлөө зүтгэх нь битгий хэл өөрөө өөрийгөө ч  аваад явах чадалгүй, өөрийнхөө ирээдүйн төлөө ганц үг дуугарч, тэмцэж үл чадах  хүчин мөхөс, сул дорой залуучууд монгол орны ирээдүй биш юм байна.

Өөрсдийг нь доромжилон буй харь соёлд автагдаж, шашин нэрт боолын байгууллагуудад барьцаалагдаж,  нам гэх гэмт хэрэгтний бүлэглэлийг даган гэлдэрч, худал хуурмагыг тунхагласан  хий хоосон уриа лоозонг шүтсэн монголын  залуучууд монгол орны  ирээдүй даан ч биш ээ. Залуу өсвөр үеэсээ  эхлэн дэндүү арчаагүйгээр өсөж өндийцгөөнө.   Хэт дураараа өсвөр насныхан насанд хүрэхээсээ өмнө  сэтгэцийн гажигтай тархины согогтонгууд болж насан туршийн эмгэгтэй болж хохирцгооно. Ууж идэх, тоглож наадахаа урьтал болгосон өсвөр үеийнхэн тэдэнд л гэж цаанаасаа зориулсан  мэт элдэв компьютер тоглоомд мансуурч, тархиа гэмтээж, сэтгэцийн өвчтэй болж, тэдэнд зориулж барьсан сэтгэцийн эмнэлгүүдийг дүүргэцгээнэ. Тэд өөрсдийн гараар өөрсдийнхөө ирээдүйг баллан  устгаж байна. Тэд монголын ирээдүй байж таарах уу.

Монголоор дүүрэн байх   мөнгөний саалтуур болсон  их, дээд сургуулиудад  сурсан нэр зүүсэн залуучууд бөөн бөөнөөрөө чихцэлдэж, тэдэнд л гэж  цаанаасаа зориудаар байгуулаад байгаа ууш, хэвтшийн газрыг дүүргэн санхүүжүүлж, толгойгоороо хөл хийж, улс орноо ууж идсэн оюутан нэрт мансуурагчид монголын ирээдүй мөн үү. Бие биенээ хүндэлж мэддэггүй, эх орноо харлаж чаддагүй, өөрсдийнхөө ирээдүйн төлөө зүтгэх зүтгэлгүй, мөнгө, хөрөнгөнд хий л  донтож, архинд дурласан залуучууд юуны төлөө амьдарсан болж явна вэ хөөрхий.

Залуу үе нь ийм арчаагүй байдаг  болохоор л энэ улс орон уруудан доройтож, улс орны ирээдүйг ч  түнэр харанхуй нөмрөх нь тодорхой шүү дээ. Залуус та нарын төлөө хэн ч ажиллахгүй, та нарыг хэн ч тоохгүй хаясан шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Та нарын дотроос амиа бодсон өөрийн толгойгүй хэсэг нь эрх мэдэл мөрөөдөн  бохирлогдсон нам дагаж, ялзарсан олигархийн нохойд барьдаг мод болж албан тушаал, мөнгө төгрөг хүсэмжилж улс орныг нурааж буй согогтонгуудын  төлөө   зүтгэснээ эх орны төлөө гэж солиорч байна. Даан ч их баларсан амьдрал аа.

Зөвхөн залуучууд та нарт зориулсан чанаргүй, мэдлэг боловсролыг монголын их, дээд сургуулиуд нь өгнө. Яагаад гэхээр та нар үхээнц дорой, зөв бурууг ялгаж салгах ухамсаргүй үнэн зөв мэдлэг олж авах гэж тэмцдэггүй учраас хэзээ ч түүнийг ойлгохгүй. Зөвхөн та нарт зориулсан караоке, баар, паб, кафе, буудал, pc тоглоомын газруудыг олноор нь байгуулна. Яагаад гэвэл та нар дэндүү дампуу учраас хэзээд эрүүл мэнд, эцэг эхийнхээ хөрөнгөөр тоглон наадаж шулуулна. Та нарын энэ сул талыг мэддэг учраас ашиг олох гэсэн хүмүүс та нар дээр л тоглоно.Та нар өнөөдөртөө үүнийгээ жаргал гэж бодож байгаа. Гэвч үнэн хэрэгтээ энэ бүхэн чин хэмжээгүй зовлонгийн чинь эхлэл байх болно гэдгийг хэзээч ойлгохгүй..

Залуус та нарыг мэдлэг боловсролгүй, доожоогүй, үхээнц дорой гэж үзэж байгаа болохоор л эх оронд чинь хэзээд харийнхан дарлан ноёрхоно. Та нар боолын амьдралыг л  сонгож, төрөөс ажлын байр шаардаж тэмцдэггүй  болохоор төр нь  харь оронд хар ажлын мал болгож экспортолно.  Охид бүсгүйчүүд өөрсдийн сайн сайхны төлөө тэмцдэггүй, өөрсдийгөө дорд үзэж биеэ үнэлхээ амьдрах аргаа болгодог учраас л  та бүхнийг дураа хангах хэрэгсэл гэж үзэж янхан, өвчний үүр уурхай болгож дурын цагаач нь тоглон тохуурхана. Та нар зүгээр л өөрсдийгөө эд бараа мэт үзэж, харийн амьдралыг шүтдэг учраас харийн тахир, дутуу, хөгшин, эмгэгтэнгүүд  зуучлал нэр мөнгөөр худалдан  авч доромжилж үхэн үхтэл чинь зулгааж, тарчлааж амьдруулна. Залуус та нарын өөрсдийн чинь  юуг ч ойлгохгүй, юуг ч хүлээн авахгүй  тэр таг харанхуй  байдал чинь та бүхнийг адгуус мэт болгож харийнхантай нийлсэн төрөл садангууд чинь  буюу чонотой нийлсэн хоточ ноход ёстой л юу дуртайгаа хийж, монгол хүн монгол хүнээ хэмлэж байна.  Эрс нь хар ажлын мал, эмс нь харийнхны дурыг хангах хэрэгсэл, өвгөд хөгшид нь гудамжны гуйлгачин, өсвөр үе нь компютерийн донтон болж улс орон чинь гадныхны идэш болж монгол цус чинь булингартаж, хатаж дуусч байна. Үүний буруутныг холоос хайгаад хэрэггүй. Өөрсдийгөө эхлээд харчих. Залуу үе нь дампуурвал улс орон хэрхэн унадгийг харья гэвэл өөрийн амьралруугаа өнгийгөөд үз. Улс орны ирээдүй гэгддэгч,өөрийн ч ирээдүйд итгэл  байхгүй залуучуудаа нэг эргэцүүлж бодоод үзээрэй дээ. Монгол улсыг залуусын орон гэдэг дээ. Залуус л сайн сайхны төлөө тэмцэж байж гэмээнэ улс орны ирээдүй гэрэл гэгээтэй байх болно.

А. Ганболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих