Жулиан Ассанж: Дэлхийн аль ч улсын эрх баригчдын талаарх нууц материал байгаа

Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж “Дэйли Майл”сонинд тодруулга өгчээ.-Тунист үүсээд байгаа хямрал танай сайттай холбоотой гэсэн. Яг ямар холбоотой юм бэ. Тус улсын ерөнхийлөгч Бен Алийн талаарх таагүй мэдээллийг эрх баригчдад өгсөн юм уу?
-Тийм ээ. Экс ерөнхийлөгч Бен Аль 1987 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон. Уг нь түүний цалин сарын 25 мянган ам.доллар шүү дээ. Хэрэв тэр 23 жилийн турш цалингаа хадгалсан гэж тооцоолбол долоон сая ам.доллар болно. Бен Аль их хэмжээний хөрөнгөтэй болсон нь гадаадын компани, банкуудтай холбоотой.

Тунист хөрөнгө оруулсан эдгээр компани амжилттай үйл ажиллагаа явуулахад нь экс ерөнхийлөгч ихээхэн тусалж байсан. Энэ талаар манай сайтын сэтгүүлчид олж мэдсэн. Гэхдээ эрх баригчдад нь өгөөгүй. Цаг нь болсон учраас Тунис залуус бослого гаргасан.

-Танд энэ талаарх мэдээлэл хангалттай бий юу?

-Зөвхөн экс ерөнхийлөгч Бен Альтай холбоотой 320 гаруй баримт байгаа. Үүний зарим нь АНУ-тай холбоотой. Тэгэхээр бидний хувьд задруулахад хэтэрхий эрт байсан юм. Ер нь бидэнд дэлхийн аль ч улсын эрх баригчдын талаарх нууц материал байгаа. Үүнийг дэлгэх цаг нь болоогүй.

-Та улсуудын эрх баригчид солигдохыг хүлээж байна уу?
-Ерөнхийд нь дүгнэвэл тийм. Одоо дэлгэвэл илүү олон асуудалд орооцолдох болно. Яагаад гэвэл намайг хорлох гэсэн үйл ажиллагаа нэг бус удаа гарсныг санах хэрэгтэй.

-Та Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн засаглалыг татан буулгана хэмээн ярьсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Надад Францын эрх баригчдын талаарх нууц баримт бий. Тэд улсад нь байгаа лалын шашинтай иргэдийг хэрхэн хавчиж, дарангуйлж байгаа тухай баримт юм. Францын иргэд лалын шашинтнуудад хэзээ ч сайн хандаж байгаагүй.

Д.Түвшинтөр

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих