Бал Маршалын сүнс хэрвээ байдаг бол?
-Шагнал эзнээ олох нь бас нэг урлаг, шагнахад бас учир бий-
Шагнал бол тухайн хүний хийсэн ажлыг үнэлдэг, бас урам өгдөг цаашид ажиллах эрч хүч, үүрэг хариуцлагыг нэмдэг гурвалын уулзвар мэт ойлгогддог, уламжлал болсон зүйл бөгөөд зарим үед эдийн засгийн хөшүүрэг болдог гэдгийг хэн бүхэн л мэдэх билээ. Энэ талаар нурших юун.
Миний хэлэх гэсэн зүйл бол шагналд тодорхойлох журамтай холбоотой асуудал юм. Залуудаа шагналын тухай бодож байгаагүй болохоор шагнах журмыг мэдэх, судлах шаардлага ч нэг их байгаагүй биз. Харин одоо хүмүүсийг шагналд тодорхойлох тухай хэлэлцэхэд саналаа өгөх болохоор энэ тухай ядаж наад захын мэдлэгтэй байх шаардлага тулгарч ирэв. Тэгээд Батлан хамгаалахын сайдын 2003 оны 80 дугаар тушаалаар батлагдсан “БХЯ-ны шагнаж урамшуулах журам”-ыг уншиж үзээд үл ойлгох байдалд хүрснээ нуугаад яахав.
Товчхон түүх сөхөж харвал, сайдууд жуух бичиг, хүндэт тэмдгээрээ шагнадаг. Энэ нь Засгийн газрын шагналд тооцогддог, түүнээс дээшхи шагналууд нь төрийн дээд шагнал болж, медаль, одон гээд үргэлжилдэг байж. Гэхдээ цэргийнхэн өвөрмөц онцлог шалгууртай. Жишээ нь цэргийн албыг хаасан хугацаагаараа медаль, одонд тодорхойлогддог. Дээрх журмыг нуршиж тайлбарлаад юу хийх вэ цаас, цагийн гарз биз.
Энэхүү журмын агуулга нь хугацаа тогтоосон ч юм шиг, хоёр шагналын хоорондох хэмжээг тодорхойлсон ч юм шиг. Тухайн албан тушаалтныг шагналд тодорхойлохдоо алба хаасан хугацаанаас нь сурсан хугацааг хасдаг бичигдээгүй практик бас байх шиг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж үзэхэд бидний шалгуур үзүүлэлт болгоод байгаа хугацаа тоггоосон нь алга л байх юм.
Ганцхан жишээгээр тухайн журмыг өөрийн ойлголтоор тайлбарлахыг хичээе. Цэргийн хүндэт медальд тодорхойлогдох хүн 20 жил алба хаах ёстой. Үүнээс шагналын хооронд 3-5 жилийн хугацаа байна гэвэл энэхүү медалийг авах магадлал өнөөгийн залуу офицеруудад бол “хаалттай” байна гэхэд хилсдэхгүй. Учир нь шагналд тодорхойлогдохын тулд 20 жил алба хаана.
Сонсогчоор сурсан 4-5 жилээ хасна гэдэг нь шагналд тодорхойлогдохын тулд нэмнэ гэсэн далд санаа. Яг 20 жил болохынхоо өмнөхөн шинээр гарч ирсэн аль нэгэн “медаль”-иар шагнуулчихсан байвал дахиад 3-5 жилийг нэмнэ гэсэн үг. Эндээс энгийн аксиом харагдана. Тэр нь “Цэргийн хүндэт медаль”-иар шагнуулахын тулд 20+4 эсвэл 5+3 эсвэл 5 жил =27 эсвэл 30 жил алба хаана.
Гэтэл Зэвсэгт хүчинд эмэггэй хүн 20 жил, эрэгтэй хүн 25 жил алба хаагаад цэргийн тэтгэвэрт гарах хуультай байдаг. Эндээс дараах дүгнэлтэд хүрч болох. Журмыг зохиогч маань хүнийг улс, армид он удаан жил идэвх зүтгэлтэй ажилласныг нь үнэлж шагнах үйл ажиллагааг зохицуулах гол зорилгоосоо халиад зүгээр л хүмүүсийг “Шагнаж урамшуулах “гоё” журамтай болгоход голлон анхаарчээ гэж хэлмээр байна.
Орчин үед янз бүрийн “медалиуд” олширсон нь үнэн. Гэхдээ тооноос чанар гэдэг. Цэргийн хүний хувьд Цэргийн хүндэт медаль бол гол шагнал. Дээхэн үед хүмүүс ярихдаа, дунд үеийн төр, засгийн томчуудын дунд “Цэргийнхэн юу хийсэн гэж одон, медалиар шагнуулдаг юм бэ? үүнийг болиулах нь зүйтэй” гэсэн яриа гарч энэ явган яриаг сонссон Ю.Цэдэнбал дарга тэдгээр дарга нарыг хээрийн сургуульд оролцуулаад “Цэргийнхэн юу хийдгийг та нарт харууллаа. Тэр одон, медалийг чинь эдгээр хүмүүст харамгүй өгч байх учиртай. Иймд шагнах хугацааг нь богиносгох хэрэгтэй” гэсэн утгатай үүрэг өгч тэгээд “Цэргийн хүндэт медаль”- ийг 5 жил алба хаасан цэргийн албан хаагчдад олгохоор болж цэргийн сургууль төгсөөд 2 жил /сурсантайгаа нийлээд 7 жил алба хаасан/ болж дэслэгч миний шагналын тодорхойлолт явж байсныг санаж байна.
Гэхдээ тэр үед би Байлдааны медаль аваагүй л дээ. Бас л нэг “монгол туйлшрал”-ын нэг байсан даг. Тэгвэл өнөөдөр 20 жил алба хааж буй дэд хурандаа “Цэргийн хүндэт медаль” авахын тулд надад 5 жил хэрэгтэй гэж ярьж байгаатай бас тааралдав. Тэгээд би “БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбалын сүнс хэрвээ байдаг бол журам боловсруулсан хүмүүст сургаж өгөх байх даа” гэж ёгтлон бодож залуусаа нэг өрөвдөв.
Доктор, профессор С.Уламбадрах
Эх сурвалж: “Соёмбо”
URL: