Дэлхийн зулайд хөл тавиад “Монгол” гэж ганц үг л хэлсэн
Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа.
Таны бага нас, нутаг усны талаар ярилцлагаа эхлэх үү?
-Завхан аймгийн харьяат. Миний бага нас бусдын л нэгэн адил хурга, ишиг хариулж хөдеө өнгөрсөн. Хөдөөний хүүхдүүд байгаль, дэлхийтэйгээ илүү ойр харилцаж өсдөг гэж би боддог юм.
-Эзэмшсэн мэргэжил, уулын спортыг яагаад сонирхов гээд л…
-Микробиологич мэргэжилтэй. Одоо огт өөр чиглэлээр буюу аялал жуулчлалын салбарт ажиллаж байна даа. Урьд нь уулчин болно гэж зүүдэлж ч байгаагүй, уулын спортын тухай мэддэггүй байсан. Гэхдээ миний хувь заяа төөрөг л намайг чиглүүлээд энэ спорт руу “түлхчихсэн” байх. Анх Завханы спортын хорооны арга зүйч Мишигбат ах гудамжинд санаандгүй таараад “Отгонтэнгэрт уулчид авирах гэж байна. Чи явах уу?” гэхээр нь би ч “Тэгье” гэлээ.
Тэгээд намайг Улаанбаатараас уулчид ахалж ирсэн Найдан гэж багштай уулз гэсэн, очоод л “Би хамт явмаар байна” гэсэн чинь “Чи чадах юм уу?” гэхээр нь “Чаднаа” гээд толгойгоо илж билээ. Энэ бол 1989 он. Тэр жилдээ Отгонтэнгэр ууланд 2 удаа авирсан. Ингээд л эргэлт буцалтгүй “уулын хүн” болчихсон доо.
-Уулчид хэрхэн бэлтгэлээ хангадаг вэ?
-Цэвэр өөрөө өөрийнхөө бэлтгэлийг хангадаг. Яагаад гэвэл багш, дасгалжуулагч ууланд дагаж авираад байх боломж хомс, өндөр өртөгтэй спорт. Миний хувьд суурь бэлтгэлээ эх орныхоо уулс, зааланд авирч хангадаг. Харин өндрийн бэлтгэлийг орчинд нь буюу тав, зургаан мянган метр өндөр ууланд л очиж хийнэ. Ямар ууланд авирахаас шалтгаалж өндрийн бэлтгэл хаана хийх вэ гэдгээ шийддэг. Их өндөр ууланд авирах гэж буй бол сарын өмнө очиж бэлтгэлээ хангадаг даа.
-1989 оноос хойш гэхээр 20 гаруй жил энэ спортоор хичээллэжээ. Энэ их хөдөлмөр, хугацааны дараа Эверест таных болжээ дээ…
-Мөрөөдөхийн хувьд аль эртнээс 97, 98 оны үеэс л Эверестийн барааг нь ч болтугай харах юмсан гээд Өсөхөө (МУГТ Өсөхбаяр) бид нар өвлийн авиралтын үеэр Саяны нуруунд майханд ярилцаад л сууж байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр бид мөрөөдлөө биелүүлчихээд сууж байна.
-Яагаад уулчдын мөрөөдөл Эверест байдаг юм. Олон л өндөр оргил бий шүү дээ?
-Дэлхийн зулай, дэлхийн Дээвэр гэгддэг болохоор хүн бүр л хөл тавихыг хүсдэг. Хоёрдугаарт дэлхийн хамгийн өндөр 7 оргилоос амжилт, амь насны баталгаа талаасаа харьцангуй илүү. Өөрөөр хэлбэл судалгаа их хийгдсэн. Эверестийн эрсдлийн хувь нь 15 байдаг бол К2 уулынх 30, Анна Курнагийнх 50.5 байх жишээтэй. Өөрөөр хэлбэл Анна Курнад авирсан уулчдын 50 хувь нь эрсдэлд ордог гэсэн үг.
-Ууланд авирахын хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу вэ?
-Өндөр гэдэг л хамгийн хэцүү. Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисдэг онгоц хамгийн өндөртөө гэхэд л 6900, олон улсын онгоц 8000-10000 метрт нисдэг. Гэтэл хүн өөрийнхөө хөлөөр үүлнээс дээш 8800 метрт хүрнэ гэдэг ямар байх нь ойлгомжтой. Өндөр болох тусмаа эрсдэл ихтэй. Хүчилтөрөгч багасна, хүйтэн нэмэгдэнэ. Яг Эверестийн оргилд гэхэд л 10 гаруйхан хувийн хүчилтөрөгчтэй. За тэгээд уушиг устах, өндрөөс шалтгаалж ухаан самуурах, хөлдөлт явагдах гээд л тохиолдох бэрхшээл, эрсдэл их. Ямартай л 8000 метрээс дээш өндрийг үхлийн бүс гэж нэрлэж байхав.
-Өртөг өндөртэй спорт гэж Та онцолсон. Энэ тухайд …
-Амжилт, амь насны баталгаа санхүү дээр тогтдог онцлогтой спорт. Хувцас хэрэглэл, багаж хэрэгсэл нь маш өндөр үнэтэй. Нэг баллон хүчилтөрөгч өнөөдөр зах зээлд ямар үнэтэй байдаг билээ. Дандаа л зуу, зуун доллараар хэмжигддэг. Хөрөнгө, мөнгөгүй бол тийшээ алхаж ч чадахгүй.
-Уучлаарай мөнгө асуух нь бүдүүлэг хэрэг. Гэхдээ л Эверестэд хөл тавихын тулд хэр өртөг гаргасан бол гэсэн сонирхолдоо дийлдээд байна…
-Төр засаг, компаниуд, ард түмнээс 50 орчим сая төгрөг цугласан. Дээр нь 10-аад сая төгрөг зээлээд л явсан даа.
-Та Эверест рүү юу авч гарсан, бас юу авч буусан бэ?
-Ивээн тэтгэсэн 20 гаруй компаний далбааг 7000 метрт авч гараад, түүнээс цааш улсынхаа далбааг, тусалж дэмжсэн бүх хүний нэрийг бичээд л 8848 метр буюу дэлхийн зулайд авч гарсан. Буухдаа юу ч аваагүй. Авбал чулуу, цас, мөс л авна. Гэхдээ яагаад ч юм авах сэтгэл төрөөгүй.
-Монголоос Эверестийг зорьсон анхны хүн нь цэргийн хүн байсан гэж сонссон…
-Хилийн цэргийн офицер Жуков гэдэг хүн Энэтхэгийн уулчдын экспедицэд баггаж авиралт хийж байсан түүхтэй.
-Уулчдын хувьд хөтөч буюу ширпа нар их үүрэг гүйцэтгэдэг, бас тэд нар Монгол гаралтай гэж Та дурьдсан?
-Хималайн уулсаар амьдардаг овог аймаг буюу ширва үндэстнүүд. Тэдний ууланд ажилладаг буюу уулчдад хөтөч хийдэг хүмүүсийг “ширпа” гэж нэрлэдэг юм. Жишээлбэл Нямаа ширпа, Гомбоо ширпа ч гэдэг юмуу нэрнийхээ ард овгийнхоо нэрийг тодотгодог. Тэд өөрсдийгөө монгол гаралтай, Хималайн уулсыг давж ирж нутагшсан хүмүүс гэж үэдэг. Бас л сонин тохиолдол юм шүү.
-Таны биед уулнаас буусны дараа ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдсэн үү?
-Бэлтгэл сайн байсан болохоор харьцангуй гайгүй ээ. Гэхдээ 7 кг жин хаясан.
-Яг буугаад ирэхэд уулчид таныг яаж хүлээж авсан бэ?
-Бүгд баярлалдаад л. Ялангуяа Оросууд “Молодец Гангаа” гэж хашгиралдаад, үнэхээр сайхан хором.
-Энэ хэцүү хөдөлмөрт юунд нь дурладаг байна аа гэсэн эсрэг бодол төрөөд байх юм…
-Хэзээ нэгэн цагт Монгол Улс энэ амжилтыг гаргах л ёстой. Тийм учраас хэцүү бэрх гэж зовлон тоочиж шантрах эрх уулчид бидэнд байхгүй. Үхлийн бүсээр өгсөж явахдаа би гэр бүл, найз нөхөд гэдэг ч юмуу ойр дотныхныхоо тухай огт бодоогүй. Гагцхүү Монгол Улс миний эх орон, ард түмэн гэсэн бодол л надад хүч хайрлаж, дээш алхах тоолонд минь зоригжуулж байсан.
-Яг оргил дээр гараад Та хамгийн түрүүнд юу хийсэн бэ?
-Хоёр хүн багтахтай үгүйтэй жаахан зай, шовх оргил, удаан байх хугацаа боломж ч байхгүй. Далбаагаа хийсгээд “Монгол” гэж ганцхан үг л хашгирч хэлсэн. Сэтгэл хөдөлж байна. Дараагийн оргил юу байх бол?
-Сэтгэлд минь, мөрөөдөлд минь дэлхийн хамгийн өндөр 7 оргил бий. Яг одоогоор Африкийн Кэлимэнжаро уулыг зорих гэж байна даа.
-Ингээд бидний яриа өндөрлөлөө. Тэр маргааш (11.14) Африкийн ноён оргил болох Кэлимэнжаро уулыг зорино. Дэлхийн зулай Эверест (8848 м), Европын ноён оргил Эльбрус (5642 м), Түвдийн Нинчинтангла (7117 м), Күэзи (6206 м), ОХУ-ын Белуха (4506 м), Казахстаны Актру (4350 м), Монголын бүх ноён оргилуудад “дайралт” хийж, зулайд нь гишгэсэн гэсэн түүний амжилтууд уулчин бүсгүйн чансааг илтгэх биз ээ.
Х.Ганзул
Эх сурвалж: “Соёмбо”
URL: