Ука: Би өөрийгөө Мерлин Монротой адилхан гэж бодддог
“Hi, юу байна охидуудаа” гэсэн цоглог үгтэй уран бүтээл сүүлийн үед дэлгэцнээс салсангүй. Энэ бол Киви хамтлагийн ахлагч Укагийн анхны бие даасан цомог болох “lam in love”-m багтсан дуу юм. Ашиг нь зардлаа нөхөж чадахааргүй мэргэжлийн өндөр төвшинд хийсэн гэж тодорхойлсон шинэхэн цомгийнхоо нээлтийг хийгээд удаагуй дуучин бүсгүйг “Өөр мэдээ “-гийн зочноороо урьсан юм.
Угийн цоглог, эрч хүчтэй Ука анхны цомгоо гар дээрээ авчихаад тэнгэрт нисч байна уу гэлтэй аз жаргалтай байлаа. Цомгийн талаар товчхон танилцуулахад 12 дуутай. Зураг авалтыг зурагчин Филип Францын Парис хотноо, дуу бичлэгийг “Нэгүн” студид, хөгжмийн тохиргоог Мадонна, Тьесто, “Фүү Файтерс” зэрэг уран бүтээлчид хамтран ажиллаж байсан Нью-Йоркийн “The Ladge” студийн алдарт продюссер Жое Jlanopma хийсэн бол ерөнхий продюссерээр ая зохиогч Б.Ангирмаа, гүйцэтгэх продюссерээр Оки, Рагу нар ажиллажээ.
-Юуны өмнө баяр хүргэе. Шинэхэн цомгоо гар дээрээ авахдаа хамгийн түрүүнд юу бодсон бэ?
-Яг үнэнийг хэлэхэд багшийгаа тэвэрч таван минут уйлсан. Бүтэн жил гаруйн х.угацаанд өдөр шөнөгүй өөрийнхөө бүх нөөц бололцоог дайчилж,өөрөөсөө давсан хүч тэнхээг гаргасан болохоор маш их баярлаж, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй байсан. Яг одоо баярласандаа орилмоор санагдаж байна.
-Мэдээж энэ таны мөрөөдөл байсан байх?
-Тэгэлгүй яахав. Яг одоо би туйлын аз жаргалтай байна. Өөрийгөө урлагийн хүн болж, продюссертэйгээ учирсандаа хамгийн азтайд тооцож байна. Насан багаасаа зурагтаар шар үстэй эмэгтэйчүүдийг дуулж байгааг хараад ийм хүн болох юмсан гэж мөрөөддөг байсан. Одоо тэр мөрөөдлөө биелүүлж байна шүү дээ. Ангирмаа багшдаа маш их баярлаж байна.
-Цомгийн хувьд онцлог ихтэй болжээ. Ялангуяа Францад авахуулсан зурагнууд нь сонирхол татаж байна?
-Мэдээж шүү дээ. Анх Францад зураг авахуулна гэдэг тэнгэрийн үг шиг л санагдсан. Дараа нь тэр үг биеллээ олоод зургаа авахуулж байхад үлгэрийн юм шиг л санагдсан. Дандаа нэрд гарсан газруудад зургаа авахуулсан л даа. Гудамжинд жуулчид тойрч зогсоод хаанаас ирсэн хэн бэ гээд асуухад Монголоос гэж хэлэхдээ хамгийн их бахархаж байлаа.
-Анхныхаа цомгоос хүмүүс юуг хамгийн их мэдрээсэй гэж хүсч байна?
-Сайхан үгтэй, сайхан аялгуутай дуунуудыг минь байнга сонсоосой. Ялангуяа эмэгтэйчүүд.
-Эхний дууны клипээс харахад л нэлээд шинэлэг, өөр төрх байдлыг үзүүлсэн байсан. Зураг авалт хэр байв?
-Зураг авалтын тухайд миний ажлын хамгийн дуртай хэсэг. Камерын өмнө зогсоход надад түүртэх зүйл юу ч байдаггүй. Цомгийн дуунуудаасаа зургааг нь клипжүүлчихсэн байгаа. Дуунууд минь өөр өнгө аястай болохоор клипнүүдээ ч адилхан хөрөнгө, хүч зарж хийсэн.
-Нэг дууны клипэн дээр дотуур хувцастайгаа бүжиглэдэг юм билээ. Ээждээ үзүүлэхэд ичмээр юм даа гэж та ярьж байсан?
-”Мистер парри” гэдэг дуу л даа. Дотуур хувцастайгаа бүжиглэхээр ямар олиг байхав. Гэхдээ ээж минь ойлгодог. Тэгсэн ч яагаад ч юм ичээд байдаг юм. Тийм эротик биш шүү. Яахав дууныхаа утга агуулгатай нийцүүлээд бүжиглэхэд эвтэйхэн хувцас сонгосон нь тэр. Бас залуу сайхан биетэй байгаа дээрээ гайхуулах хэрэгтэй шүүдээ.
-Цомгийн ярианаас салж таны тухай багахан ярилцъя. Хэв маягаа байнга л өөрчилж байх юм. Энэ бүхэнд хэр их хугацаа ордог вэ?
-Бурхан минь, цаг зав зарцуулахгүй бол болохгүй зүйл шүүдээ. Би өөрийнхөө стилистээр ажилладаг. Байгаль дэлхийн цаг агаар миний стилээ өөрчлөх хүчин зүйл болдог. Нартай өдөр гэгээлэг өнгөлөг хувцас өмсдөг. Хүйтэн бол өнгөө өөрчлөх гэх мэт. Эмэгтэй хүн өөрийгөө үргэлж өөрчилж байх хэрэгтэй. Хэзээ ч голж болохгүй. Ганц л амьдрах хорвоо шүү дээ.
-Үсээ хараяр будвал яасан юм. Зохиж байна лээ?
-Баярлалаа. Уг нь миний үс нүдний минь өнгөтэй адилхан бор. Янз бүрийн өнгөөр л буддаг юм. Хар, бор, цэнхэр, улаан гээд л. Гэхдээ би шар өнгөндөө илүү дуртай.
-Таны зураг Мэрилин Монротой их адилхан байна?
-Шаргал үстэй гэхээр бүх хүмүүсийг Мэрилин Монрогоор төсөөлдөг биз дээ.
-Өөрийгөө Монротой адилхан гэж боддог уу. Магадгүй дууриадаг уу?
- Нуугаад яахав. Би өөрийгөө адилхан гэж боддог. Харин дууриах гэдгийн хувьд яахав өөрийн мэдэлгүй л үйлдэл, хувцаслалт гээд адилхан болчихоод байдаг юм. Киног нь үзэж, дууг нь сонсох дуртай болоод ч тэр үү.
-Надад хоногийн 24 цаг багадаад байна гэж ярьсан байсныг санаж байна?
-Дандаа биш л дээ. Тийм мэдрэл муутай юм хаана байхав. Харин ажил ихтэй үед үнэхээр 24 цаг багаддаг шүү. Хүн болж төрснийх ямар ч зүйлийг тултал нь хийх хэрэгтэй гэсэн зорилготой өглөө орноосоо босдог хүн дээ би.
-Ука энэ их эрч хүчийг хаанаас авдаг вэ?
-Сайхан үгнээс, дуу хөгжмөөс маш их эрч хүчийг авдаг. Бүжиглэх дуртай. Дуу хөгжимд ухаангүй дуртай.
-Сайхан эмэгтэй байхын тулд?
-Хүн өөртөө юу илүүдэж, юу дутаж байгааг сайн мэдэж байх хэрэгтэй. Зөв хооллох юм бол эрүүл мэнд сайн байна. Хөдөлгөөнтэй байвал гоолиг галбиртай байна гэх мэт. Амьдрал үүнийг баталчихсан шүү дээ. Тэгэхээр их амархан.
-Танд ямар өнгө хамгийн гоё зохидог вэ?
-Муухай саарал өнгөнөөс бусад бүх өнгөнд дуртай.
-Одоо гэр бүлийн амьдралаа зохиохгүй бол оройтож байгаа юм биш үү?
-Би ер нь өөрийнхөө хувь зохиолыг зураад л явж байгаа гэж боддог. Эхлээд ажлаа сайн хийчихээд дараа нь гэр бүлийн амьдрал зохионо. Гэхдээ удахгүй байх аа.
-Ганцаараа уран бүтээл хийж байна гэхээр чинь Киви тарчихжээ гэж шуугисан. Энэ бүхнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би энэ талаар их зүйл бодоогүй. Тэгж өөрийгөө стрессдүүлэх дуртай биш л дээ. Яахав хүн бүр өөрийнхөөрөө дүгнэдэг шүү дээ. Би ч гэсэн тэгж л хүлээж авсан. Бид уран бүтээлээ хийсээр байгаа, хийсээр ч байх болно. Хамтлагийн гишүүн ганцаараа уран бүтээл хийлээ гээд хамтлаг тарна гэсэн үг биш л дээ.
-Тэгвэл 2012 он Укагийн хувьд, бас Киви хамтлагийн хувьд ямар байх вэ?
-Бидний хувьд бүх л зүйл өсөн дэвжсээр байна. Миний анхны цомог гарсан бол Кивигийн дараагийн цомог ч бас гарна.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: