“Үүл” баатар арай ч дээ. Сүүдрээсээ айлаа гэж үү?

Үүл баатар айхын дээдээр айж бүр дагжин чичирч байна. Хөөрхий баатрыг маань юу гээчийн ад чөтгөр шулмас ингэтэл нь айлган цочоов гэдэг ээ нэн сонин. Улсын баатар энэ эр дайснаасаа биш, харин сүүдрээсээ сүрдсэн болж таарлаа. Улсын баатар сүүдрээсээ айна гэвэл онигоо биз дээ.

Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, амьд байх эрхийнхээ төлөө Үүл баатрын хэлснээр “ил далд дайн” хийж байна. “Миний нутгийн газар шороо хөдөлгөөн”, “Ми-8”-ын хөдөлгөөн, “Бусдын гарт амь насаа алдагсдын төлөө хөдөлгөөн”, “Элгэн нутаг Сүтай хайрхан”, “Онги голынхон хөдөлгөөн”, “Бурхан халдун хөдөлгөөн”, “Хадгаламж зээлийн хоршооны хохирогсод”, “Дархан-Уул аймгийн Хонгор нутгийн хөдөлгөөн”, “Ард түмний амлалт нэхэх хөдөлгөөн”, “Иргэний шударга шүүх”, “Гол ус нуруудыг хамгаалах нэгдсэн хөдөлгөөн”, “Даяар Монгол-Хөх Монгол”, “Үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе”, “Монгол хүний эрхийг хамгаалах нэгдсэн холбоо”, “Тусгаар Тогтнол Монголын төлөө нэгдэгсэд”, “Тэнгэрийн суут монгол”, “Хөх нуруут”, “Монголын үндэсний ногоон хөдөлгөөн”, “Хувиараа микро эрхэлдэг Тээвэрчдийн Их зам холбоо” зэрэг 40 орчим ТББ унасан газар, угаасан усныхаа төлөө зөрчигдсөн эрхээ хамгаалан тэмцэж байна. Төр эзэнгүйдэж хууль завхарч байгаа учраас ард олон үгээ хэлж, үзэл бодлоороо нэгдэж байна.

Та бүхэн Монгол орны нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг гадаадынхны мэдэлд лицензээр аль хэдийнэ эзэмшүүлчихжээ. Мал бэлчих нь байтугай хүн ард нь хөл гишгэх газаргүй, уух ундны усгүй болж, харийнхны гараас зөөврийн усыг та нарын ойлгож байгаа “Төрийн хишиг”-ийн арав таван төгрөгөөр худалдан авч уудаг болоод байна.

Их эзэн Богд Чингис хаан 32 удаагийн их бага дайнд оролцож, 23 жилийн дараа Монгол угсааны 81 аймгийг нэгтгэж бидэндээ үлдээсэн газар нутгийг хүй мандлаар нь эргүүлж, хөрсөөр нь хөмөрч хүн ардыг нь хүрдтэй тэргээр дайрч, буу сум тавин хөөж, нутаг усаа орхин дүрвэж зайлахаас өөрөөр амьдрах аргагүй болоод буйг харж чадаж байна уу, Баатар аа.

Уул овоо тахилга, сүлдийг нь нурааж, ус горхи, рашаан булгийг нь дарж, алт эрднэсийг нь ухаж хилийн чанад руу зөөсөөр байна. Эзэнгүй хотонд чоно орно л гэдэг энэ байх. Төмөр тороор торлож, тусгай хамгаалалт авсан харийнхны өөдөөсМонголын ард түмэн тэмцье гэхнээ хүчин мөхөсдөж аргаа барахдаа дээрх холбоо хөдөлгөөнийг байгуулцгаасан нь энэ шүү дээ, Баатар минь. Та бидний 20 жилийн турш хамтдаа тэмцэж, олж ирсэн нөгөө ардчилалын маань ололт.

Саарал ордны ноёд урваж, Оюу толгойн ордыг хаа холын хилийн чанадад буй дээрэмчин, “дэлхий дахинаа үхэл таригч” хоч зүүсэн Фрийдланд найздаа та нар бэлэглэчихсэн. Монгол орон 30 жилийн дараа тэрбум гаруй ам.долларын өртэй үлдэнэ. Үүнийг чинь засч залруулах санаатай Иргэний нийгмийн байгууллагууд тэмцэж байна. Үгээ хэлсэн бүхнийг энэ төр ад үзэж байгаа. Баабар та хоёр нийлж биднийгээ юунд шоглодог болов. Арав хорин лангийн алт мөнгөн ембүүгээр ард олноо газар нутагтай нь худалдах цаг арай ч болоогүй дээ.

“МИ-8” нисдэг тэрэг сүйрч эх орны олон сайхан цэрэг эрийн амь насыг харамсалтайгаар авч одсон. Сайд дарга нарт хариуцлага тооцох цагт Эрүүгийн хуулийнхаа зүйл заалтыг та нар хулгайлчихсан биз дээ. Ингэж л ял завшицгаасан. Баатар минь та хаана нь явав. Таны шударга үг, дуу хоолой хаашаа шуранхайлан урсав.

2008 оны долдугаар сарын 1-нд жирийн иргэд энхийн туг барин жагсаж ирэхэд эрх баригчид өөдөөс нь байлдааны сумаар угтсан. Тэсэрч дэлбэрэх, галдан шатаах бодисыг гартаа барьж ирсэн нэгч жагсагч тэнд байгаагүйг ард түмэн нотолно. Төрийн тагнуул, цагдаа, хууль хяналтынхан Ерөнхий сайд байсан С.Баярын хэлээд нотлоод байсан “Молотовын коктейль”-ийг хийсэн, үйлдвэрлэсэн, тээж тээвэрлэж ирээд дэлбэлсэн жагсагчийг олж тогтоосон уу. Үгүй. Яагаад? Жагсагчдын дунд түүнийг хэрэглэх нь бүү хэл нэрийг нь ч мэдэхгүй залуус явцгаасан. Цэрэг дайны нарийн мэргэжилтэй болохоор С.Баяр нэрлэж чадсан. Бас хэрхэн хэрэглэхийг ч мэднэ. С.Баяраас та нар асууж зүрхлэхгүй. Яагаад? Та нар унаган багын найзууд.

Онц байдлын штабын удирдагч ХЗДХ-ийн сайд байсан Ц.Мөнх-Оргил жагсагчдын дунд буутай хүн явсан мэдээлэл  бидэнд бий. “Скиз” гээд л тодотгож байсныг олж тогтоосон уу. Үгүй. Яагаад? “Скиз” маркийн буу чинь бараг 2 метр урттай шүү дээ, “Баатар минь”.

Өнөөдрийн хүндэт харуулынхны барьж жагсаад байдаг буу л даа. Тиим буу үүрчихээд жагсаж явдаг алуурчин байдаг юм уу. Зэвсэгт хүчний жагсаалд хөл тавьж үзээгүй цагаан гартны үг. Энэ бол хамтарсан Засгийн газрын шилдэг онигоо. Мянганы зууны шилдэг нь. Амьдралд дахин төрөхгүй онигоо.

Тавын таван сайхан залуугийн амь насыг Монголын төр өөрөө хөнөөсөн. Жинхэнэ фашист яргалал биш гэж үү. Гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Баяр “Цагдаа буудаагүй. Буудсан байвал би хариуцлага хүлээж огцорно” гэж байснаа өвчний нэрээр эвийг олоод сугарч чадлаа. Баатар минь, та үгээ хэлээгүй. Та эрх чөлөөний баатар мөн үү эсвэл эрх баригчдын баатар уу. Цус урсгаж хүн ардынхаа өмнө яргалал үйлдсэн гэмт этгээдүүдтэй хамтарч засаглана гэдэг санаачлагыг Санжаагийн Баярт ноён Баабар, Үүл та хоёр загалмайлсан гэдэг юм билээ.

Долоон сарын 1-нийг дахин сөхөхгүйн төлөө шүү. Үнэн гэдгийг цаг хугацаа өнгөрөн одохуйд үйл явдлын өрнөлт хэлсээр байна. Хэлэх ч байх. Тухайн үедээ “Үүл”-ийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид хоёр талаасаа нийлж байгаад дэвшүүлэх, Намбарын хүүг өвдөг сөхрүүлэхээр оргилуун дарс сөгнөсөн юм биш үү, та нар. Бурханы авралаар Эбий маань олноо өргөгдөж билээ. Баатар Үүлийг айлгаад байгаа иргэний хөдөлгөөн, холбоод баатар таны сүүдэр чинь шүү дээ. Та сүүдрээсээ ингэтлээ айж, Монгол түмнээ “Баялгийн хараал”-д өртөж сүйрч мөхөх юм шиг юунд чичирнэ вэ. Бидний цөөхөн монголчууд таны хэлээд айж чичрээд байгаа тэр их баялгийн хараалыг чинь хүртэхгүй ээ. Харин та нар тэр харийн луйварчидтайгаа бидний баялгаас жаахөн ч гэсэн холдоод өг л дээ. Бид ая эвээ олчихно оо. Ард олноо сонсдоггүй, хүмүүсийн үг сургаалыг үл тоодог, тийм коммунист дарангуйллын аргаар ханддаг болж дээ, Монголын төр.

Шударга ёсыг эрхэмлэн үгээ хэлсэн бүхнээс айж чичрэхдээ цус урсгасан тийм төрийг хамгаалахын төлөө ард олноо цэрэг зэвсгийн хүчээр залхаах аргыг юунд сэдэж сэтгэнэ вэ, Баатар маань та. Сьерра-Леон-д энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа цэрэг эрсээ дуудаж Монгол улсыг төвхнүүлэх муу ёрыг зөгнөсөн байх юм. Баатар хүн шүү дээ, Үүл маань. Харин ч өөрөө үндэстэн хоорондын мөргөлдөөнд цэрэг оруулах санал санаачлагыг өдөөсөн юм биш үү.

Хэв журмыг сахиулах цагдаагийн бие бүрэлдэхүүн биш энхийг сахиулах байнгын армийг нэрлэсэн нь сэжигтэй. Үүл маань бодсон төлөвлөснөө гэнэ алдаад задалчихдаг талтайг бид мэднэ л дээ. Түүний нэг нь болов уу. Үүлийн энэ нийтлэл эрх баригчдын зүрхний цаадах бичлэг ч байж болно. Иргэний хөдөлгөөн босч ирвэл Сьерра-Леон-д энхийг сахиулж буй цэргээ оруулахаар тохиролцон нууцлагдсан операц ч юм бил үү. Цаг хугацаа харуулна байх аа.

Хууль хаана хэрэгждэг вэ гэвэл жирийн иргэдэд. Хаана завхардаг вэ гэвэл эрх баригчдын хүрээлэлд. Хуульгүй дампуурсан төрийг шүүмжилж, үгээ хэлж, жагсах, цуглах үеэр Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авахаар заналхийлсэн үндэслэлээр эрүүдэн шүүх, эрүүгийн хэрэгт чангалах заалт оруулахаар Үүл баатар хууль санаачлаад байгаа. Иргэдийн оролцоог төрд дээдэлсэн бус иргэдийн дуу хоолойг боомилж, хүчтэй төрийн дарангуйлагч машины хүч чадлыг нэмэн зузаатгаж, авахыг Үүл юунд санаачлав.

Иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн эрх ашгийн илэрхийлэл болсон чөлөөт холбоо, хөдөлгөөн нь манай төрийн урагшгүй бодлогын сүүдэр. Тэдэнтэй зэвсэг барин тэмцэх нь энэ төрийн хамгийн тэнэг бөгөөд мөхөж сөнөхийн үүд. Үүл сүүдрээсээ айдаг болжээ.

Л.Цэрэн-Очир

Эх сурвалж: “Өнөөдрийн тойм” сонин


URL:

Сэтгэгдэл бичих