А.ГАНТУЛГА: Нийслэл утаатай байх нь зарим биснесмэнүүдэд ашигтай юм биш үү?
“АУМ” ХХК-ийн ерөнхий захирал, инженер эдийн засагч А.Гантулгатай хэн бүхний сэтгэлийг зовоож буй нийслэлийн утааг тойрсон сэдвээр ярилцлаа.
- Утаа гэж ярьсаар бид олон жилийн нүүр үзлээ. Тодорхой үр дүнд хүрэх юм хийж чадахгүй л байна. Энэ юутай холбоотой гэж та үздэг вэ?
- Энэ асуудлыг олон жил ярьж, жил бүр багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж ирсэн. Ярьснаар нь болсон бол, зарцуулсан мөнгөөр бол Улаанбаатарын утаа ядахдаа 50 хувь цэвэршчихсэн байх байлаа. Гэтэл үр дүн гарсангүй. Саяхан хотын орлогч даргын мэдээлснээр 15,6 хувь буурсан гэв. Өнгөрсөн оны 8 сард Д.Зоригт сайд утаагүй зуух хэрэглэснээр нийслэлийн утаа 30 хувь буурна гээд ярьж байсан. Утаагүй зуухаа тараасан уу, тараасан. 80 мянгыг тараана гэж байсан. Бүгдийг нь биш юм гэхэд ихэнхийг нь тараасан. Тэгээд 30 хувь буурсан нь хаана байна вэ? 15,6 хувь буурсан нь үнэхээр бодитой дүгнэлт мөн үү, биш үү гэдэг ч эргэлзээтэй. Энэ өвлийн хувьд хүйтний эрч өмнөх жилүүдийн дунджаас доогуур байсан нь ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр надад утааг бууруулах үнэн сэтгэл, бодит оролдлого байхгүй л байна гэж харагдаад байгаа юм. Зарим тохиолдолд нийслэл утаатай байх нь хэсэг бүлэг бизнесийнхэнд ашигтай ч байж магадгүй гэсэн хардлагыг иргэн хүний хувьд тээж явна.
- Яагаад утааг бууруулахыг үнэхээр эрмэлзэхгүй байна гэж? Таны энэ хардлагыг хэр бодитой гэж үнэмших вэ?
- Юуны өмнө, утаагүй зуух гэж ерөөс байхгүй. Утаагүй зуух гэж зарлаж, сурталчлаад буй зуухнуудаас утаа гарч л байгаа. Үүнийг хэрэглэж байгаа айл өрхүүд нь нотолно. Харин тэр зуух илч гаргах чадамж өндөртэй учраас түлээ, нүүрс хэмнэдэг нь үнэн. Энэ талаар үнэхээр дэвшилттэй. Тэгэхээр энэ зуух бол утаагүй зуух биш, түлш хэмнэдэг зуух. Тэгвэл юунд утаагүй зуух гэж сурталчилсан юм бэ? Нөгөө талаар эдгээр зуухнууд нь өөрөө их өндөр үнэтэй. 480-550 мянган төгрөгний үнэтэй. Иргэдэд очихдоо 85 хувь хямдраад 24-50 мянган төгрөг болсон. Энэ нь өнгөц харахад сайхан л зүйл. Гэтэл тэр 85 хувийн хөнгөлөлтийг нь ямар арга замаар хэрэгжүүлсэн бэ гэдэг нь сонирхолтой. “Сэлэнгэ констракш” гэдэг компанийн Туркээс оруулж ирсэн эдгээр зуухны үнийг зөрүүг Засгийн газар болон МСС-ын Цэвэр агаар төслөөс санхүүжүүлсэн байдаг. Засгийн газраас гэхэд хэдэн арван тэрбум төгрөгийг дээрх компанид шилжүүлсэн тухай мэдээлэл сонин хэвлэлээр гарсан. Үүнийг өнөөдрийн байдлаар хэн ч үгүйсгээгүй байна. “Сэлэнгэ констракш” компани нь мөн өнөөх тендэрийн хязгааргүй эрх эдэлдэг МСS компанийн охин компани гэсэн мэдээлэл ч байна. Яахав, Засгийн газар иргэдийнхээ аюулгүй амьдралын төлөө үйл ажиллагаа явуулж буй нэгэн хувийн компанийг дэмжиж бололгүй яахав. Гэтэл дэлхийн түүхэнд утааныхаа асуудлыг утаагүй зуухаар шийдсэн практик огтоос байхгүй байхад, тэгээд өнөөдрийн үр дүн нь өнөөх сайхан амлаад байсан нэг жилийн дотор 30 хувь хүртэл бууруулна гэсэн нь худлаа болчихоод байхад ийм алхам хийсэн нь эрүүлээр сэтгэдэг хэний ч хардлагыг төрүүлнэ шүү дээ. Өнөөх олигархиудын төр болсон гэж шүүмжлээд байгаа нь харин ч нотлогдоод, батлагдаад байгаа юм биш үү. Нийслэлийн иргэдийн утаагаар хордож буй нь зарим хүмүүст ашиг завшаан олох сайхан боломж болж, түүнийг овжиноор ашиглаад байгаа юм биш үү. Хэрвээ тийм бол энэ маш ноцтой асуудал…
- Үнэхээр таны ярьж буй хардлага зөв бол хариуцлагын тухай асуудлыг хатуухан сөхөх болох нь ээ дээ?
- Мэдээжийн хэрэг. Өнөөдөр хотын маань утаа байвал зохих олон улсын стандарт хэмжээнээсээ дариу 8-15 дахин их, дэлхийн хамгийн бохир агаартай хотын жагсаалтад аман хүзүүдчихсэн байгаа нь нууц биш. Нийслэлийн нэг хүн, нялх хүүхэд хүртэл өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх агаарын бохирдолд хордож байна гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан мэдээллээр нийслэлийн иргэдийн 1/5 нь ойрын 5 жилийн дотор уушигны хорт хавдраар өвчлөх магадлалтай гэсэн. Шинээр төрж буй хүүхдүүдийн дунд уушигны архаг өвчтэй, үе мөчний саажилттай, түнхний мултралттай төрөх явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж бүр 30 гаруй хувьтай болсон гэсэн мэдээлэл бий. Энэ бол агаар дутагдсантай холбоотой. Ард түмний эрүүл мэнд гэдэг улс орны хамгийн үнэт баялаг байдаг. Гэтэл хэдхэн хариуцлагагүй, эсвэл хомхой сувдаг хүний үйл ажиллагаагаар энэ үнэт баялгаа бид хайр найргүй сүйтгэж байна. Ард түмнийхээ эсрэг хийж буй геноцит-аллага гэхэд ч болно. Сүүлийн хэдэн жилд утаагүй түлш ярьсан. Тэр ямаршуухан үлгэр болж төгссөнийг бүгдээр мэдэж байгаа. Хэдхэн компаниуд энэ утаагүй шахмал түлшний тухай үлгэрээс мөнгө цохиод, баяжаад л энэ үлгэр дууссан. Ард түмэнд юу ч наалдаагүй. Тэр үлгэр дуусангуут “Утаагүй зуух” гэдэг шинэ, арай боловсронгуй үлгэр зохиосон. Үлгэр гэдэг нь энэ жилийн үр дүнгээс тодорхой харагдаж байна шүү дээ. Яагаад бид хариуцлагын тухай ярьж болохгүй гэж. Ярих ярихдаа бүр хатуухан ярих хэрэгтэй.
- Таныхаар бол энэ утаанаас гарах ямар арга байна вэ?
- Утаанаас салсан хотуудын туршлагаас харахад хамгийн үр дүнтэй арга нь орон сууцжуулах, халуун ус, халаалтын системийг нь улсаас шийдэж өгөх. Лондон, Бээжин, Сөүл гээд богино хугацаанд утаанаасаа салсан хотууд байна шүү дээ. Хамгийн инээдтэй нь ийм эрс шүүмжлэл дороос гараад ирэнгүүт Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хоёрхон өдрийн өмнө буюу 2012 оны 2 сарын 14-нд хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах гол ажил нь “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр” гэж байх юм. Иргэд нь хорддогоо хордоод, хохиродгоо хохирчихсон хойно шүү дээ. Өнгөрсөн борооны хойноос матрын нулимс унагаж байгаа юм биш үү.
- Орон сууцжуулахад их хөрөнгө шаардлагтай. Өнгөрсөн жилүүдэд тийм боломж байсан эсэх нь бас бодох ёстой асуудал биш үү?
- Их хөрөнгө шаардлагатай нь үнэн. Харин тэр хөрөнгийг босгох боломж байсан уу гэвэл байсан. Би хэдхээн баримт хэлье. Дээрх сайхан нэртэй хөтөлбөрт дурдсанаар нийслэлд 75 мянга, хөдөөд 25 мянган орон сууц барих юм байна. Үүний тулд нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай гэнэ. Эхний шатанд буюу 2010-2012 онд 1.8 их наяд төгрөг хэрэгтэй гэжээ. Энэ их мөнгө нь үнэн. Гэвч үүнийг зохицуулах боломж байсан уу гэвэл байсан. Зөвхөн 2011 оны төсөвт өнөөх аманд ч хүрдэггүй, хамарт ч хүрдэггүй 21 мянгыг олгохын тулд 804 тэрбумыг суулгаж өгсөн. Энэ оны төсөвт УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулж 200 гаруй тэрбумыг суулгасан. Нэг бүтэн их наяд төгрөг бэлэн гараад ирж байгаа биз. Өмнөх жил 76 тэрбумыг гишүүд аваад зарчихсан шүү дээ. Дээр нь саяны утаагүй нэртэй зууханд зарцуулсан 200 гаруй тэрбум төгрөгийг нэмчих хэрэгтэй. Өөр бусад үргүй зардлуудыг нийлүүлэх юм бол эхний ээлжийн 20 мянган айлын орон сууцны асуудлыг элбэгхээн шийдчих хөрөнгө босоод л ирэх байсан шүү дээ. Нийслэлийн утааны гол голомт болж буй 100 айл, Дэнжийн 1000, Телевиз, Гандан, Зүүн Сэлбэ зэрэг бүсүүдэд үсрээд л 20 мянган өрх амьдарч байгаа.
Дээр нь өнөөх сонгуулийнхаа амлалтын үлдсэн мөнгөө өгөхийн тулд амлаад буй 2.8 их наяд мөнгөө нэмчихвэл нийслэлийн 75 мянган айлын орон сууцны асуудлыг бараг эцэслэн шийдчих бололцоотой. Ийм бэлээхэн бололцоо үзээ хараа байсаар байтал яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ, яагаад түр зууртаа утаагүй түлш, утаагүй зуух гэсэн үлгэрээр аргацаах гэж оролдоод байгаа нь нэг бол энэ төр огт ажлаа мэддэггүй юм байна, эсвэл Улаанбаатар утаатай байх нь хэсэг бүлэг хүмүүсийн бизнест ашигтай юм байна гэсэн хоёрхон л гаргалгаанд хүргэж байгаа юм.
Орон сууцжуулахаас гадна утааг багасгахад нөлөөлөх өөр бас бус боломжууд ч байсан.
-Тухайлбал ямар боломжууд байсан бэ?
- Сүүлийн 4 жилийн туршид V цахилгаан тухай ярилаа. Хэрэгжсэн нь алга. Хэрэгжээд эхэлсэн бол зарим бололцоотой гэр хорооллуудад халуун усны асуудлыг нь шийдээд өгчих боломж байсан. Хувийн орон сууцуудыг халуун усны шугамтай холбосноор түлээний хэрэглээг эрс багасгана. Ер нь хөгжингүй орнуудад суурьшлын бүсүүдийг төлөвлөхдөө юуны түрүүнд дэд бүтцийг нь шийддэг. Мөн зарим төсвийн байгууллагуудыг, тухайлбал дүүргүүдийг хотын захруу гэр хорооллын дунд байршуулж болно. Түүнийг дагаад төвлөрөл саарч, хотын захын дэд бүтэц сайжирна.
Машины утаа нь агаарын бохирдлын тодорхой хувийг эзэлдэг. Хөгжилтэй орнуудад авто машиныг техникийн үзлэг хийхээс гадна утааны үзлэгт заавал оруулж, тэнцсэнд хөдөлгөөнд оролцох эрх өгдөг. Миний мэдэх сүүлийн хэдэн жилд авто машинд утааны үзлэг хийснийг огт мэдэхгүй юм. Утаан сүүл чирсэн машин Улаанбаатараар нэг хөлхөж байхад анзаарахгүй атлаа, купер нь халцарсан машиныг зогсоогоод торгоод байдаг нь ёстой нөгөө “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчийн үлгэрийг санагдуулж байна. Дарга сайд нар гадаадад их л явцгаах юм. Наад захын ийм зүйлийг яагаад олж харахгүй байдаг нь хачирхалтай.
- Өнгөрсөн алдааны тухайд түр орхие. Харин өнөөдөр энэ бэрхшээлээс хамгийн түрүүнд яаж гарах вэ гэдэг талаар ярих нь илүү үр дүнтэй биш үү?
- Эхлээд яагаад ийм болсонд бодит үнэлэлт дүгнэлт өгөх нь чухал. Тэгэж байж бид утаагүй болж чадахгүй байгаагынхаа шалтгааныг зөв оношлоно шүү дээ. Оношыг нь би дээр дурдлаа. Боломж байсаар байтал тэр боломжийн ядахдаа 20 хувийг нь ч ашиглаагүй, ашиглах гэж хичээгээгүй сэтгэл, зүтгэлгүй эрх баригчдад хамаг асуудал нь байна гэдгийг… Ард иргэд маань энэ талаар эрхбиш нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа гэдэгт найдаж байгаа.
Г.Урантуяа
URL: