Зах дээр /шог өгүүллэг/

Би сурвалжлах ажлаар зах дээр очив. Согтоод уначихсан архичин, золбин нохой, халаас ухахыг санаархагчид, лангуу дүүрэн бараа өрсөн наймаачид, нааш цааш хөлхөх худалдан авагчид. Эхлээд жижиг бараа зардаг эмэгтэйтэй уулзав.

-Сайн байна уу? Би “Наран тойрог” сонины сурвалжлагч гэж өөрийгөө танилцуулаад, -Наймаа ямар байна даа гэв.
-Муу муу, муухай дээр улцан нэмэр гэж юу ч гүйхгүй байхад татвар түрээс нэхээд. Татвар түрээсийн нь өндрийг яана аа хэмээгээд бохь хивж зогсов.

-Нэр хэн билээ? гэвэл,
-Нэр үү? Тэр харин нууц гэж байна. Залуу сурвалжлагч надтай тоглож маяглах нь уу хэмээн санаад нүүр лүү нь харвал үнэнээсээ хэлж байгаа нь илт байв. Сурвалжилга буух эзэнтэй буцах мөртэй байх ёстой байдаг. Тэгтэл нэрээ хэлдэггүй.

-Зургий чинь авч болох уу?
-Яамай ш дээ. Нэргүй хүний зураг гэж байх уу гээд зургаа татуулсангүй.

Дараа нь гадуур хувцас зардаг өндөр бор залуу дээр очив.

-Үйлчилгээ явуулах нөхцөл бололцоо хэр байна даа?
-Харж байгаа биз дээ. Нар салхинаас халхлах юм байна уу? Алга. Өвөл, зунгүй цементэн дээр. Өвчний үүр болж гүйцэх нь. Насны аагаар л өнөө маргаашийг өнгөрүүлж байна. Захынханд хүнийг бодох сэтгэл гэж байх биш, мөнгө л хурааж байвал болох нь тэр хэмээн шуудхан авч гарлаа.

-Таны нэр хэн бэ?
-Тэр харин нууц гэж түрүүчийн эмэгтэйн адил нэрээ хэлэхээс татгалзав. Алтан хошуу өргөлөө гэж дарамталдаг байх нь гэж бодоод,

-Нэрээр чинь дарамталдаг байхнээ гэв.
-Яг тийм. Хэл ам хийлээ гэж зогсож байгаа газраас минь хөөнө. Сайн мат, сайхан газраа оч гэж ашигтай мээстнээс минь хөөчихдөг юм. Хүн их явдаг мээстэн дээр зогсох гэж байцаагч нарт хэдэн бор юм атгуулж байж энэ газрыг чинь олж авдаг байхгүй юу. Тэгэхээр алдаж болох уу даа гэж байна.

Цаашлаад би гутал зардаг махлаг шар авгайтай уулзлаа.

-Гутал зардаг хүн олон уу?
-Олоон олон.

-Гутлаа урд хөршөөс зөөдөг үү?
-Мэдээж .

-Хэлбэрийг нь алдагдуулахгүй авч ирэх хэцүү байх даа?
-Хэцүү хэцүү. Аль хэцүүг тоочиж барахав.

-Олон хэцүүгийнхээ заримаас хэлэхгүй юу?
-Анхны хэцүү гаалийн босго. Албан ба албан бус татварт нураад өгнө. Нэг байцаагч нь ирж шалгасан болчихоод баахан мөнгө нэхнэ. Дараа нь нэг нь ирнэ. Энэ тэр шалтгаар мөн л мөнгө саах гэнэ. Хав шиг даган бондогонож, хамгийн нүднээс далд арав тавыг атгуулна. Арай зөөлөрнө. Арав тав гэдэг тоог арав хорин мянга гэж санана уу? Огт үгүй. Хэдэн зуун мянга гэсэн үг. Хэлэхэд ч аймаар байгаа биз. Арвихан шиг бараатай бол сая саяыг саана. Сайхан биш байгаа биз… гэхчилэн тууж өглөө.

Задгай авч өгдөг эгч байна даа гэж олзуурхаад нэрийг нь хэлүүлэх гэсэн боловч тэр гэнэдсэнгүй. Ийнхүү баахан нэргүй мэдээлэл цуглуулж аваад урам муутайхан энэ тэр бараа сонирхон зах дундуур жаал тэнэлээ. Хэн нэгэн нэрээр минь тэгэхдээ бүр сургуульд байх үеийн минь хочоор дуудав. Эргэн харвал “ангийн маань хүүхэд” Цээгий. Бүтэн нэр нь Цэцэгдэлгэр. Амар мэндээ мэдэлцэж, ахуй амьдрал, ангийнхныхаа тухай баахан бурлаа бидэн хоёр. Лангууныхаа араас хугас шилтэй архи гарган ирж намайг дайлав.

-Үгүй чи чинь гэтэл,
-Тиймээ би архичин болчихсон юм биш. Хөлдөж үхэхгүйн тулд өдөрт зуу татахаас аргагүй байдаг юм гэв.

-За тэрч яахав. Бизнесийн чинь ажил хэр байна? Ядарч зүдэрч байна уу? Хүсэлт санал юу байна? Ямар бэрхшээл байна? гэхчлэн ар араас нь давхцуулан асуулт тавилаа би.

Цэцэгдэлгэр маань миний асуултад нэг ч хариулт өгсөнгүй. Аль болох асуултаас минь бултаж яриагаа өөр зүг ангийнхан, аймаг сум, таньдаг хүмүүс, сурч байсан үеийнхээ найз нөхөд рүү шилжүүлж байлаа. Тиймээ надад ямар ч хариулт өгсөнгүй. Яагаад гэвэл би түүний нэрийг нь мэдэх учраас ажээ.
Г.Жамьяндорж


URL:

Сэтгэгдэл бичих