Шатахууны үнийг 100 хүртэл төгрөгөөр бууруулах боломжтой

Бензин, шатахууны үнийг дахин бууруулах талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хэмжээнд нефть импортлогч компаниудтай хэлэлцээрээ үр­гэлжлүүлж, үнийг нь дахин буулгах талаар яриа хэлцэл хийж байгаа ч өнөөдрийн түвшинд тодорхой үр дүнд хүрээгүй байгаа аж. Валютын ханш чангарсан гэдэг шалтгаанаар нефть импортлогч компаниуд өнгөрсөн сарын 6-нд бензин, шатахууны үнийг литр тутамд нь 250 орчим төгрөгөөр өсгөсөн ч, ам.долларын ханш эргээд буухад 60 төгрөгөөр л буулгасан. Уг нь бол литр тутамд нь 170 орчим төгрөгөөр бууруулах бололцоотой гэсэн тооцоог Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргаж байсан юм. Гэтэл өнөөдрийн байдлаар ам.долларын ханш бензин, шатахууны үнэ нэмсэн шалтгаан болсон үеийнхээс нэлээд буурсан төдийгүй одоо ч өдөр өдрөөр буурч байгаа ч нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсонгүй.
Тиймээс энэ асуудлыг өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үед Ерөнхий сайд С.Батболд холбогдох хүмүүст тодорхой үүрэг даалгавар өгчээ. Тухайлбал: Нефть импортлох тусгай зөвшөөрөлтэй нь ярих хэмжээнд хүртэл асуудлыг авч үзэхийн зэрэгцээ төрийн зүгээс ямар хөшүүрэг байж болохыг ч холбон судлахыг даалгасан байна.
Шатахууны үнийг ханшийн бууралт болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн ашгийн түвшинтэй уялдуулан 100 хүртэл төгрөгөөр бууруулах боломжтой юм байна. Ханшийн өөрчлөлт, одоогийн хэрэглэж буй шатахууныг татан авсан бодит ханш зэрэгтэй холбоотойгоор Эрдэс баялаг, эр­чим хүчний яам, ШӨХТГ хамтран үнийг бууруулах шаардлагатай гэж Сангийн яам үзэж байна. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авто бензин, дизелийн түлшний үнийг тогтвортой байлгах, бууруулах талаар арга хэмжээ авахыг сайд Д.Зоригт, Д.Хаянхяр­ваа нарт үүрэг болголоо.
Түүнчлэн нефть бүтээгдхүүний нөөц бүрдүүлэх тухай асуудлыг ярилцаад 60 мянга орчим тонн нефтийн бүтээгдэхүүн нөөцлөх шаардлагатай гэж үзжээ. Харин хадгалах сав бэрхшээлтэй байгаа аж. Төрд өөрийн гэсэн нефть агуулах сав байдаггүй, хувийн компаниудтай гэрээ байгуулах чиглэлээр бага хэмжээний нөөц бүрдүүлдэг байсан. Одоо хувийн компаниудтай мөн гэрээ байгуулж, дээрх хэмжээний бензин, шатахуун нөөцөлье гэсэн ч бас л агуулах сав байхгүй байгаа. Тиймээс нефть хадгалах савыг Концессын гэрээгээр барих ёстой гэж энэ удаагийн хуралдаанаас үзжээ. Энэ тухай Сангийн сайд Д.Хаянхярваа мэдээлсэн юм.

Ш.Эрдэнэчимэг


URL:

Сэтгэгдэл бичих