“Хатагтай”-н А.Отгонболд үйлчлүүлэгчтэйгээ зүй бус харьцсанаа зөвтгөв

-А.ОТГОНБОЛД: ЭМЧ, ЛАМ ХОЁРТОЙ СӨРГӨЛДСӨН ХҮН САЙНАА ҮЗДЭГГҮЙ ЮМ-

Эмэгтэйчүүдийн гэх тодотголтой “Хатагтай” эмнэлгийн дарга, их эмч А.Отгонболд үйлчлүүлэгчтэйгээ зүй бус харьцаж, өрөөнөөсөө чирч гулдчин гаргаж, элдвээр хараажээ. Мөнгөө төлөөд эмчлүүлэхээр ирсэн давхар биетэй бүсгүйн тав тухыг алдагдуулж, нөхөрт нь хүч хэрэглэсэн гэх мэдээллийн дагуу болсон явдлыг сурвалжиллаа.

Одоогоос дөрөв хоногийн өмнө нэг сартай жирэмсэн бүсгүй “Хатагтай” эмнэлэгт үзүүлэхээр очжээ. Эмч нарын зөвлөсний дагуу бүсгүй хэвтэж эмчлүүлэхээр болжээ. Улмаар бие давхар эмэгтэйг халаалтгүй шахам хүйтэн өрөөнд гурав хоног хэвтүүлсэн гэнэ. Мөн эмчилгээ эхлэхгүй цаг алдаж, үйлчлүүлэгчийн хүссэн үйлчилгээг үзүүлэхгүй байсанд ар гэрийнхэн нь дургүйцжээ. Тиймээс бүсгүйн нөхөр ямар учраас эмчилгээ хийхгүй байгаа талаар асуухаар А.Отгонболд эмчийн өрөөнд ортол өмнөөс нь элдвээр загнаж, заамцан чирэх шахам гаргасан байна. Бүсгүй “Энэ эмнэлэгт хэд хоног хэвтсэн.

hatagtai

Хэвтсэнээс хойш гурав, дөрвөн цагийн дараа эмчилгээ хийсэн. Хувийн эмнэлэг байж яагаад ийм хүнд сурталтай юм бэ гэж асууж, сураглаж байж эмчилгээгээ хийлгэж байгаа нь тэр. Маргааш нь үдээс хойш эмчилгээгээ хийлгэж байх жишээтэй. Нөхөр маань “Яагаад ингэж үйлчлээд байгаа юм бэ. Өөр эмнэлэгт хэвтүүлэх үү” гэж асуухад л А.Отгонболд эмч хүн гэхээргүй муухай харьцаж байгаа юм. Дусал төдий л эмчилгээ хийсэн” гэсэн юм. Тэдний яриагаар А.Отгонболд эмнэлэгтээ тэр бүсгүйг хэвтсэнийг ч мэдээгүй байсан гэнэ. Мөн дутуу төрөх гэж байсан хүүхдээ тогтоохын тулд эмчилгээ хийлгэхээр хандсан үйлчлүүлэгчдээ А.Отгонболд эмч шууд “Гурав хоног хэвтээд ургаа хусуул” гэжээ. Энэ үгэнд нь цочирдсон үйлчлүүлэгч учрыг лавлатал элдвээр хэлж, хүч хэрэглэн өрөөнөөсөө гаргасан юм байна. Тус эмнэлэгт нэг хоног хэвтэхэд ор хоногийн 25 мянган төгрөг төлөх учиртай. Үүн дээр хоол, эмчилгээний үнэ нэмэгддэг аж.

otgonboldА.ОТГОНБОЛД: ЭМЧ, ЛАМ ХОЁРТОЙ СӨРГӨЛДСӨН ХҮН САЙНАА ҮЗДЭГГҮЙ ЮМ

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Хатагтай” эмнэлэгт очлоо. А.Отгонболд эмч өрөөндөө нэгэн бүсгүйд зөвлөгөө өгөөд сууж байлаа. Тэрбээр “Манай эмнэлэг жаахан хүйтэн шүү. Гэхдээ жирэмсэн эмэгтэйчүүд сэрүүхэн таатай байна гэдэг” гэж байсан.

Үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харьцсан, ямар маргаан гарсан талаар түүнээс асуутал “Энэ удаа чамтай харьцмааргүй байна. Ямар зорилготой ирсэн юм” гэх мэтээр загнаж эхэлсэн юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Хэвтэж эмчлүүлж байсан үйлчлүүлэгчийнхээ нөхөртэй ямар учраас маргалдсан юм бэ?

-Чи наад мэдээллээ цагдаагаас асуусан юм уу. А.Отгонболд хүн зодчихлоо гэсэн дуудлага байна уу, тэнд. Эмэгтэй хүнд үзлэг хийгээд байж байтал нэг залуу ороод ирсэн. Тэр бүсгүй нүцгэлчихсэн үзлэг хийлгэж байсан. Тиймээс тэр бүсгүйг хамгаалахын тулд дайрч орж ирсэн нөхөрт гар гэсэн шаардлага тавьсан. Гарахгүй надтай хэрүүл хийгээд байхаар нь түлхээд өрөөнөөсөө гаргачихсан. Өөр юу болсон юм бэ?

-Тэр хүний эхнэрт нь танай эмнэлгийнхэн муу үйлчилсэн юм биш үү. Яагаад эмчилгээ хийхгүй цаг алдаад байсан юм бэ?

-Тэрийгээ мэргэжлийн хяналтынхнаар шалгуулахгүй юу. Ямар эмчилгээ хийснийг нь шалгадаг газар байдаг биз дээ.

-Эмчилгээ хийлгэж ургаа тогтоох гэж танай эмнэлэгт хандаж байхад шууд “хусуул” гэсэн гэх юм. Энэ хэр ёс зүйтэй юм бол?

-Өөр эмнэлэгт хусуулчихсан л байсан ш дээ. Угаасаа цус алдсан, цэвэрлэх шаардлагатай байсан. Харин ч бид тогтоох эмчилгээ хийж байсан. Ер нь эмч нар руу хэвлэлийнхэн чоно агнаж байгаа хэдэн анчин шиг дайрдаг болжээ. Мэдээж бидэнд Сөүл, Бээжингийн дайны тоног төхөөрөмж байхгүй учраас тэдэн шиг үйлчилгээ үзүүлэх хэцүү байна. Гэхдээ бор зүрхээрээ, өөрийнхөө мэдлэг, мэргэжлээр өдий зэрэгтэй явж байгаа. Мэдээлэл бичих гэж байгаа та нарын болон тэр загнаад байсан залуугийн эрүүл явж байгаа нь эмч нарын ач буян. Өвчтөн, түүний ар гэрийнхний ч ёс зүй гэж байх ёстой.

-Та тэр бүсгүйг эмнэлэгтээ хэвтсэнийг мэдээгүй байсан юм биш үү. Яагаад шууд үзлэг хийгээгүй юм бэ?

-Худлаа хуц гэж хэл. Чи битгий ийм буруу асуулт тавиад бай. Намайг унагаах гэж асуулт тавиад байгаа зорилго юу байна. Танай сонин улс төр хийх гэж байгаа бол хэлж байгаад хийгээрэй. Би энд байгаа бүх хүнийг үздэг. Тэр хүүхнийг өглөө нь үзээд үдээс хойш уулзъя л гэсэн. Үдээс хойш ороод ирэхээр би хүн үзэж байсан учраас хүлээж бай гэсэн. 10 гаруйхан л өвчтөн байгаа. Тэднийг үзэхэд ядах юмгүй. Та нар нийлж гүтгэх гэж байгаа бол гүтгэ. Эмч, лам хоёртой сөргөлдсөн хүн сайнаа үздэггүй юм даа, дүү минь. Улс төр хийх гэж байгаа бол өөр шүү.

-Танай эмнэлэг тийм хүйтэн юм уу?

-Өөр өрөөнд оруулъя гэсэн юм билээ. Тэгэхэд “Үгүй. Өөр өрөөнд ганцаараа орохоос айгаад байна” гэж тэнэгтсэн байна лээ гэв.

“Хатагтай” эмнэлэгтэй холбоотой үйлчлүүлэгчийн гомдол тасардаггүй. Саяхан “Хатагтай”-д өсөлтгүй ургаа авахуулсан эмэгтэйн бие муудаж Солонгост очиж эмчлүүлэхээс аргагүйд хүрсэн аж. “Хатагтай”-н эмч нар ургийг дутуу авснаас ийн хүндэрч, харь улсад үнэтэй мэс засал хийлгэсэн байна.

Ц.ӨРНӨХ


ӨДРИЙН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих