“Алтан гадас”-ын үнэнч фэн

Ашигт малтмал гэж амттай бялуунаас Ардчилсан намын хүртэх бялууны хувь хэмжээ хэр том байхыг тодорхойлох том местийг эзэгнэгч нь Б.Ариунсан. Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд эрдэс баялгийн бодлогыг Ардын намын сайдтай хамт атга хэмээн нам нь түүнийг илгээсэн учраас үүрэг хариуцлага нь ч өндөр. Албан тушаалтнууд хийгээд салбарын нөхөд нь түүнийг сайн таньдаг байж мэднэ. Харин жирийн иргэдэд бол төдийлөн танигдаагүй кадр.
Унасан газар угаасан усаар нь хөөвөл эрхэм дэд сайд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 1961 онд төрсөн юм билээ. Инженер-экологич, эдийн засагч мэргэжлээ тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, Рига хотын Эдийн засгийн дээд сургуулиар эзэмшсэн. Эдийн засаг, техникээр мэргэшсэн гэх ч философиор цол хамгаалсан эрдэмтэн. Улстөрчдийн аргыг олж, улс төрд тоогдож эхэлснийхээ ачаар  2004 онд Үндэсний татварын ерөнхий газрын дэд даргаар томилогдож байлаа. Татварт ирэхээсээ өмнө Улсын нийгмийн халамжийн газрын дарга байсан. Ерөнхийдөө бол Засгийн газрын харьяа агентлагуудад хэдэн жил хүчээ өгсөн. ҮТЕГ-ын дэд даргын суудалд нэг бүтэн сонгуулийн хугацаанд тухлахдаа ч тэрбээр онцгойрч олонд танигдахаар байж чадаагүй. Харин намдаа бол дэмжлэг сайтай, бэл хөрөнгөөр ч бусдын дор орохооргүй байсны ачаар 2008 онд төрсөн нутаг Говь-Алтайгаас УИХ-д нэр дэвшиж байв. Харамсалтай нь нутгийн олон нь түүнд биш тухайн үеийн МАХН өдгөөгийн Ардын намд тал өгснөөс Б.Ариунсан өвдөг шороодсон.
Улс төрийн угшил гарвалаараа бол дэд сайд Б.Ариунсан Монголын социал демократ намынх. Нам нь ардчилсан намд дагаар орсноор тэр ч мөн намтартаа МСДН-д байсан хэмээн бичих болсон. Гэхдээ угшлаа дагаад ч тэр үү, экс соцдекүүд олноор багтдаг “Алтан гадас”-т харьяалагддаг. Тиймдээ ч халамж үйлчилгээ, татвараар мэргэшсэн түүнийг эрдэс баялгийн салбарт томилсон нь “Алтан гадас”-ынхны шахаа байсан гэдэг юм. Монголын уул уурхайг чиглэсэн хөрөнгө оруулалтын галт тэрэг замдаа гарсан энэ цаг үед ашигтай унацтай гэсэн бүгдийг чухамдаа энэ салбартай холбож буй билээ. Баялагтай улс хөгждөггүй юм. Баялгийн хараалд өртөж нийтээр ядуурдаг олон улсын жишгийг Монголд турших боломжийг олгохгүй. Харин түүний оронд “баялгийн ерөөл”-өөр цацал өргөж суух болно гэдэгт Б.Ариунсан дэд сайд тун ч их итгэдэг гэсэн юм. Гэхдээ хараалыг ерөөл болгож хувиргаснаар албан тушаалтнуудад өрөм нь очиж, ард түмэнд хусам нь үлдэх үү гэдэгт тэр өөрөө ч хариулт өгч чадахгүй суугаа.
Яруу найраг, утга зохиолд нугасгүй тэрбээр эрдэс баялагт ойр байгаагийн хэргийг гаргаж саяхан болсон “Алтан өд” наадмаар үнэт чулуун дээр бүтээлийг нь сийлсэн үлэмж тансаг бэлгийг найрагчдад илгээснийг нь гардуулж байсан.
Сонгуульд нэр дэвшиж, сайн муугаа дуудалцаж явах үед нь Б.Ариунсанг бэл хөрөнгөөр бусдын дор орохооргүй нэгэн хэмээсэн ойлголтыг Говь-Алтайн сонгогчид авсан. Гэтэл Авлигатай тэмцэх газарт 2009 онд гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээр нь үзвэл албан тушаалын амидай нарынхаа дунд ядуувтар нэгэн бололтой юм.  Дэд сайдын жилд олдог орлого нь 8.3 сая төгрөг. Гэр бүлийнхний орлого нь 4.2 сая. Б.Ариунсангийнх гэж айлын нэр дээр хоёр ч орон сууц бий гэсэн. Гэхдээ орчин үеийн олон өрөөтэй тансаг биш байх. Учир нь тэрбээр орон сууцнуудаа ердөө л 57 саяар үнэлсэн байна билээ. Үүнээс үзэхүл хотын захад нэг өрөөтэй хоёр сууцтай л юм байлгүй дээ. Унадаг унаа нь ч даруухан. Гарын ая даах “Ланд-80” ганцхантай. Үнэ нь 24.5 сая. Үүнийгээ сайжруулаагүй бол шүү дээ. Мөн энэхүү хөрөнгө орлогын мэдүүлэгт дэд сайдынх 48 саяар үнэлсэн зуслангийн газартай гэж байгаа. Үүнээс өөр өмч хөрөнгө, хувьцаа, тэр ч бүү хэл банкинд хадгалуулсан мөнгө төгрөг ч үгүй юм байх. Ийм л нэг даруухан гэхэд дэндсэн дэд сайд С.Батболдын танхим дахь Ардчилсан намын төлөөлөл болон эрдэс баялаг гэж моодны салбарыг удирдалцаж сууна.

Н.Саран


URL:

Сэтгэгдэл бичих