Тэд гэж хэн бэ
Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудал байна. Монгол Улсын хэмжээнд гэж яриад яах вэ, бүхэл бүтэн улс тэр чигээрээ ганц хотод төвлөрчихсөн учраас Улаанбаатарынхаа асуудлыг л ярья.
Нийслэлийг утаанаас салгаж болно гэнэ. Гагцхүү тэд хүсэхгүй байгаа сураг дуулдаад байна. Түгжрэлийг ч багасгаж болох юм билээ. Замаа өргөсгөх, давхар зам барих, метро байгуулж, нийтийн тээврээ сайжруулах гээд олон арга байгааг судлаачид, эрдэмтэд яриад байгаа.
Жилдээ хэд хэдэн удаа семинар зохион байгуулж байна. Гэтэл тэд хүсэхгүй байгаа болохоор энэ ажлууд хэрэгжихгүй байгаа гэсэн. Махыг хямд үнээрээ зарж болно гэнэ ээ, хүмүүс ээ. Үхрийн мах 7000 төгрөг хүрэх шахаад байгааг зохицуулж болно гэдгийг олон хүн хэлээд байгаа. Ганцхан тэд тэгж хүсэхгүй байгаа юм байх.
Шатахууны үнийн өсөлтөөс болоод Монголд бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Улсаас нефть боловсруулах үйлдвэр барина гэж мөн ч удаан ярьсан. Гэхдээ үр дүн нь одоо болтол гараагүй л байна. Ойрын жилүүдэд ганц нэг үйлдвэртэй болох юм гэсэн. Гэхдээ энэ ч бас баттай биш. Нефтийн үйлдвэр ердөө л хэн нэгний амлалт өгдөг шоу болж хувирчихаад байгаа. Энэ зуур шатахуун импортлогчид нь жинхэнэ даварна гэж юу байдгийг утгаар нь үзүүлж байгаа шүү дээ. Уг нь шатахуун импортлогчдын даварсан занг дарж, асуудлыг зохицуулж, нефтийн үйлдвэр барьж болно. Улс эх орныг шатахууны хомсдолд үе үе ордог аюулаас бүрэн чөлөөж болно гэсэн. Тийм бололцоо манай улсад бүрэн байгаа юм билээ. Ганцхан тэд хүсэхгүй байгаа болохоор ажил урагшлахгүй, ард түмэн үнэтэй шатахуун авахаас өөр аргагүй байна.
Монголын хүнсний хэрэглээ тэр чигээрээ урд хөршөөс хамааралтай. Хятад хилээ хаавал бид өлсч үхдэггүй юм гэхэд хэдэн жилийн турш хэцүүднэ. Тариа байхгүй үед хэцүү байлаа. Гурил үнэд ороод, иргэд худалдаж авч чадахгүйд хүрэх шахсан. Одоо байхаар хадгалах сав олдохгүй хэцүү байна. Угтаа бид ядаж бүх хүнсээ эх орондоо хангалттай үйлдвэрлэж, тэр битгий хэл цагаан будаа тарьж болохоор байгаа. Нэг үгээр хэлбэл, хүнсээ гаднаас авахгүй, дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн үг. Даанч тэд үүнийг хүсэхгүй байна.
Нийслэлийн утаа хэрээс хэтэрсэн гэдгийг хэнээр ч хэлүүлээд байх шаардлагагүй бүгд мэднэ. Утаанаас салахын тулд жил бүр хэчнээн сая, тэрбумаар нь мөнгө цацаж байна. Монгол Улс одоохондоо 2.8-хан сая хүнтэй байна. Ийм цөөн хүнийг, ийм их байгалийн баялагтай оронд хангалттай баян амьдруулж болно. Бид бүгдээрээ Арабын баян орнуудын хүмүүс шиг амьдрах боломжтой. Тийм баялаг, хөрөнгө мөнгө нь байгаа. Даанч тэд л хүсэхгүй байна.
Тэд хүсэхгүй л бол Монголын мал 100 сая болоод ч ард түмэн хямд мах идэхгүй. Улаанбаатараар дүүрэн орон сууц барьсан ч иргэд нь гэр хорооллоос салж чадахгүй. Тэр хэрээрээ утаагаараа амьсгална. Давчуу зам дээр түгжирнэ. Сонирхолтой байгаа биз дээ. Түүнээс ч сонирхолтой нь шийдвэр гаргах төвшнийхөн, УИХ-ын гишүүд, Засгийн газрын тэргүүн, сайдууд, бүр Ерөнхийлөгч хүртэл “тэд хүсэхгүй байна” гэдэг үгийг амнаасаа унагаад байгаа юм. Тэгэхээр бүхэл бүтэн улсын эрх ашиг тэдний хүслээр болж байна гэж ойлгож болох нь. Ер нь тэд гэж хэн юм бэ.
Н.Пунцагболд
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: