Ш.Сайхансамбуу: Хэрэв би ерөнхий сайд болбол өөрийнхөө засгийн газрыг байгуулна

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг “Ярилцах танхим”-даа урилаа.

- УИХ-ын гишүүн Д.Тэр­бишдагва, Ц.Даваасүрэн нарын дөрвөн гишүүн намын даргадаа ил захидал өргөн барьсан. Тэдний өргөн барьсан ил захидлын талаар та ямар бодолтой байгаа вэ?
- Дөрвөн гишүүний өргөн барьсан ил захидлыг би өнөөдрийн /өчигдрийн/ хэвлэлээс л олж харлаа. Ийм зүйлд анхаараач ээ, ингэж ажилламаар байна гэдгээ тавьсан юм байна. Намын Удирдах зөвлөл нам дотроо болж байгаа асуудлаа эргэж цэгцлэх ажлыг хийх хэрэгтэйг л хэлсэн байна лээ. Сая бүлгийн хурал завсарлахаас өмнө Д.Тэрбишдагва гишүүн “Бидний өргөн барьсан ил захидалд хэзээ хариу өгөх вэ” гэхэд намын дарга “Хүлээж авсан. Зүй ёсны асуудлууд байна. Бид эхлээд намын Удирдах зөвлөлөөрөө яриад хариуг чинь өгнө” гэж хэлээд гарч явсан. Харин дараа нь Ерөнхий нарийн бичгийн дарга “Ц.Шинэбаяр гишүүнийг Ардын намын гишүүн биш. Өөрийнхөө үзэл баримтлалаар МАХН-даа үлдсэн” гэдгийг хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Шинэ¬баяр МАХН хэмээх товчлолыг авна гэснээрээ авч чадлаа. Харин Ардын нам МАХН гэдэг товчлолыг авч болохгүй гэсэн мөртлөө өөрсдөө ийм товчлол бүхий хэд, хэдэн намын нэрийг авсан. Та энэ үйл явцыг намын гишүүнийхээ хувьд юу гэж харж байна вэ?
- Би үүнийг улс төр гэж харахаасаа өмнө намын асуудал яригдаж байна гэж ойлгоод байгаа. Тэнд нэг хүн хуучин нэр дээрээ байна гээд байдаг, их хурлаараа Монгол Ардын нам болгоно, ингэх ч шаардлага байна гэсэн. Үүнийхээ дагуу л явж байгаа. Харин Ц.Шинэбаяр гишүүн юу гэж бодож, ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь хамаагүй. Энд намын асуудал л яваад байгаа юм. Үүнийг төрийн ажилтай холбож яримааргүй байна. Сэтгүүлчид Ц.Шинэбаяртай нийлээд, дэмжээд хэсэг хүмүүс явчих гээд байгаа юм шиг ярьж байгаа. МАХН-ыг байгуулаад явах уу гэж над дээр 45 гишүүний хэн нь ч ирж санал тавиагүй. Би ч Хувьсгалт намд оръё гэж бодсон зүйл алга. Ардын нам гэдгийг олон хүн дэмжээд л явж байна шүү дээ. Олноо дагаад явахаас яахав. Ц.Шинэбаяр гишүүнтэй хувь хүнийх нь хувьд би гайгүй сайн найз.

- Та төрийн ажилтай намын ажлыг холимооргүй байна гэлээ. Гэтэл яах аргагүй улс төрийн томоохон хүчний хувьд намын асуудал төрийн ажилтай хутгалдаад л байгаа шүү дээ?
- Хувьсгалт нам хэвээрээ байх уу, Ардын нам байх уу гэдэг нь надад сонин биш. Хамгийн гол нь бид өнөөдөр Сонгуулийн хуулиа яримаар байна. Юун төлөө хоёр нам нэгдээд засгаа бариад явж байгаа билээ. Төрийнхөө ажлыг намын эрх ашгаас түрүүнд нь тавих хэрэгтэй. Гэтэл жижигхэн Дэгийн тухай хууль, Эрүүгийн хуулийн ийм зүйл ангид өөрчлөлт хийнэ гэж хэсэг хүмүүс яриад л байх юм. Ер нь хоёр нам хоорондоо биш Ардчилсан нам нь бүлэг дотроо, Ардын нам нь бүлэг дотроо үзэлцдэг болчихсон байна. Би УИХ өөрийнхөө асуудлыг авч хэлэлцэж, ярихгүй бол байдал маш эвгүй болжээ гэж харж байгаа юм. Захиргааны хэргийн төрөлжсөн хууль, Эрүүгийн хэргийн төрөлжсөн хууль гээд хоёр хууль санаачилан боловсруулчихаад байна. Гэхдээ Эрүүгийн хуулийг нь өргөн бариад одоо жил болж байна. Энд нэг их эдийн засаг, нам улс төрийн бодлого оролцсон зүйл байхгүй. Уг хууль нь хэрэгтэй чухал хууль уу гэвэл чухал. Иргэд энэ хуулийг хүсээд байгаа юм. Орон нутгаар явж байхад ажиглагддаг, асуудал тавьдаг. Миний өргөн барьсан Төрийн одон, медаль олгох тухай хууль бас л жил боллоо.

- Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх хугацаа байсан. Чухам яагаад хэлэлцэхгүй гацаад байгаа юм бэ?

- Ардчилсан нам манай намын бүлэг хоорондоо тохирч өгөхгүй байна гэж нэг хэсэг ярьсан. Он гарсны дараа намын бүлгүүд тохирсон, учир зүйгээ оллоо гэж дуулдсан. Миний бодлоор бид жижиг тойргоор явсан. Мөн томсгосон тойрог, 1992 онд пропорционалиар явчихсан. Одоо ганцхан холимог систем л үлдчихсэн байгаа. Үлдсэн ганц арга нь л энэ байна. Үүнийгээ хэлэлцээд батлачих хэрэгтэй. Сонгуульд ялагдсан тал нь заавал хэл ам, хэрүүл шуугиан хийж байдаг. Зөвхөн манайд ч ийм зүйл байгаад байгаа юм биш. Европт ч ийм байна. МАХН байхдаа 1996 оны сонгуульд ялагдсан. Тэгэхэд сонгуулийн дүнгээ хүлээн зөвшөөрч дөрвөн жил явсан. Гэтэл Ардчилсан нам дотроо дөрвөн удаа засгаа сольсон. Би ирэх сонгуулийг нэг тал руугаа хэлбийсэн сонгууль болох болов уу гэж бодож байна. Сонгуулийн хамаг будилаан санал хураах байранд л болдог. Үүнийг би 2008 оны сонгуулиар мэдэрсэн. Сонгуулийн саналыг тоолдог хүмүүсийн буруутай ажлаас болж энэ нам цаашлаад улс орны асуудал болоод хувирчихаж байгаа юм. Тэгэхээр энэ Сонгуулийн тухай хуульд тоологч нар санал буруу тоолох, авлигын асуудалтай холбогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох санал, санаачилга тавина гэж бодож байгаа. Надтай санал нийлж байгаа гишүүд бий.

- Ардын намд нэг зүйл ажиглагдаад байгаа юм. Намын гишүүд нь ганцаараа эсвэл хэдүүлээ нийлж намынхаа болохгүй байгаа зүйлийг анхааруулж, ямар нэг санал тавихад намын удирдлагын зүгээс гишүүдээ эргээд хавчих, гадуурхах зүйл байдаг?
- Өнөөдрийн бүлгийн /өчигд¬рийн/ хурлын үеэр намын дарга Д.Тэрбишдагва гишүүний асуултад харилт өгөөд л гарсан. Би ч гэсэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын дарга, Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга нарт захидал явуулсан. Тэр үед намайг дарамтлаад, машин тэргээр дагаж, утас чагнасан зүйл байхгүй. Би захидалдаа “За дарга нар аа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гарч байгаа хуулиуд эргээд Үндсэн хуультай зөрчилдөж байна. Үүнд анхаарч, санал дүгнэлтээ гаргаж өгөөч” гэсэн. Тэгээд Ө.Энхтүвшин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад Үндсэн хуульд өөрчлөл, оруулах журмын тухай хууль ороод ирж байгаа юм. Тэгэхээр энэ дөрвөн хүнд өгсөн захидал маань үр дүнгээ өгсөн гэж бодож байна. УИХ-ын нэр бүхий 15 гишүүн Үндсэн хуульд 2000 онд өөрчлөлт оруулсан долоон заалтын эхний ээлжинд хоёрыг нь өөрчлөхөөр болсон. Гол санаачилгыг нь “Дуусдаггүй яриа”-ны зургаан гишүүн гаргасан. Биднийг есөн гишүүн дэмжсэн. Хоёр заалт нь Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд гурав нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг өөрчлөлт оруулсан.

- Нэр бүхий дөрвөн гишүүний ил захидалд гурван санал тавьсан байсан. Үүний нэг нь намын онц их хурлыг хуралдуулах шаардлагатай гэж байгаа. Таны хувьд Ардын намд үнэхээр онц их хурал хуралдуулах шаардлага байна уу?

- Онц их хурал гэдэг чинь их хурцадсан, тулгамдсан үед л хуралдах ёстой. Харин одоо их хурлаа хийгээд нэг улирал ч өнгөрөөгүй байна. Миний хувьд онц их хурал ач холбогдолтой зүйл биш. Их хурлаас гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх гээд явж байхад эргээд онц их хуралдуулна гэдгийг ойлгохгүй байгаа. Чухам манай дөрвөн нөхөр юу гэж бодсоныг мэдэхгүй байна.

- Тэгвэл гишүүдийн гаргаад байгаа саналыг улстөржилт гэж ойлгож болох уу?
- Тэр дөрвөн гишүүн ямар учраас онц их хурал хуралдуулах шаардлагатайг бүлгийн хурлын үеэр хэлэх байх.

- Аливаа асуудлыг хэлэлцэх үед намын зүгээс улстөржүүлэх нь их бий. Улстөржилгүйгээр, цаг алдалгүйгээр асуудлыг шийдэх боломж байхгүй гэж үү?
- Байлгүй яахав. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг амар албан тушаал биш. Маш хүнд. Би өөрөө урьд нь төр захиргааны байгууллагад ажиллаж байсан. Социализмын үед намын үүрийн дарга хийгээд явж байсан. Намын үйл амьдралд маргаан гарахгүй байна гэж байхгүй. Манай удирдлагууд үг сонсдоггүй гэж гишүүд шүүмжилдэг. Би ч гэсэн үүнтэй санал нийлдэг. Чуулган, байнгын хороонд асуулт тавьдаг. Түүнд хариулсан болдог. Харин үүнд л гишүүд бухимдалтай байдаг. Миний бодлоор удирдах хүмүүс доороос тавьж байгаа санал, шүүмжлэлийг хүлээж аваад боловсруулалт хийх ёстой. Саналаа нэгтгээд асуудлын гол нь хаана байна гэдгийг л удирдлагууд гаргаж ирэх хэрэгтэй юм. Хоёр, гурван янзын дүгнэлт гарч ирэх байх. Үүнийхээ хамгийн сайныг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм чадвартай удирдлагыг л хүсч байна. Болохгүй зүйлийг тайлбартай нь болохгүй гэдгийг нь хэлж өгөх нь зүйтэй. Тэгвэл асуудлыг яриад байгаа хүн буруу, зөв өө ойлгоно. Гэтэл тэрийг нь ч хэлж өгдөггүй, чадвар ч байдаггүй юм уу. Надад ийм л зүйл ажиглагдаад байгаа юм. Тиймээс манай намд анализ хийдэг, гишүүдийн саналд дүн шинжилгээ хийдэг газар хэрэгтэй байна. Бас хуучин гишүүд шинэ гишүүддээ халамжтай, үг хэлийг нь тоодог байх чухал. Одоо бол “Чи юугаа мэддэг юм. Ядаж яамны сайд хийчээд дуугар” гэж шинэ гишүүдээ ад үздэг хуучин гишүүд бий. Энэ бол хоцрогдсон зүйл шүү дээ. Тэр тусмаа хуучин гишүүд шүүмжлэл хүлээж авдаггүй. Шүүмжлэл хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Ингээд байвал УИХ-ын үйл ажиллагаа яаж сайжрах юм.

- Стандарт бус Засгийн газар байгаа учраас аливаа асуудлууд үүсч байна гэж зарим хүмүүс хэлж байгаа. Таны хувьд хамтарсан Засгийн газар байх хэрэгтэй юү?
- Би Засгийн газрыг хамтраад хэрэггүй, дангаараа байгуулах хэрэгтэй л гэж боддог. Намын хуучин дарга С.Баяр тухайн үед “Хамтрахаас өөр арга алга” гээд л хамтарчихсан. Ямар ч хяналтгүй төр бий болж байгаа хэрэг. Хяналтгүй болоод ирэхээр л хуйвилдааны шинжтэй болж байгаа юм. Бүх юмыг л тохирдог. Эхлээд бүлэг дараа нь Засгийн газар дээр тохирдог. Албан тушаалаа хүртэл 60 болон 40-ийн харьцаагаар хуваана гэдэг. Хамтраад сайн зүйл ихийг хийлээ л гэж ярьдаг. Миний хувьд сайн юм нь харагдахгүй байна. Хамтарсан Засгийн газарт тавьж байгаа эцсийн дүнг нь харахад “Хамтрах нь дэмий байжээ” л гэж байгаа. Хэрэв хамтраагүй байсан бол Оюутолгой, Тавантолгойн чанаргүй, муу гэрээ гарахгүй л байсан. Ардчилсан нам ийм муу гэрээг яагаад ч хийлгэхгүй байсан юм.

- Зарим хүмүүсийн хэлж байгаагаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг “унагаах” маягаар хамтарсан Засгийн газрыг буулгана гэж байгаа. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
- Ерөнхий сайд шинээр томилогдоод өөрийнхөө багийг бүрдүүлээд ажилладаг. Урьд нь С.Баяр дарга багаа бүрдүүлээд ажиллаж байсан. Гэтэл биеийн байдлаас болоод үүрэгт ажлаа С.Батболдод шилжүүлсэн. Энэ Засгийн газар С.Батболдын байгуулсан Засгийн газар биш. Тиймээс түүний үгэнд орох хүмүүс ч бий, орохгүй хүмүүс ч байгаа. Мөн Засгийн газрын гишүүдээсээ том толгойтой агентлагийн дарга нар байна. Ерөнхий сайд, салбарын сайдынхаа үгэнд ордоггүй, дуудахад ирдэггүй дарга нарыг гишүүд бүгд мэдэж, ярьж байгаа. Жишээ нь Гаалийн ерөнхий газар, Газрын тосны хэрэг эрхлэх газар гээд байна. Тэгэхээр С.Батболд сайд бүтцийн өөрчлөлт хийгээд, Засгийн газраа байгуулаад ажиллах ёстой. Үүнийгээ хийж өгөхгүй жил гаруй болчихлоо. Хэрэв би Ерөнхий сайд болбол надад ийм зүйл тохиолдвол татан буулгачихаад өөрийнхөө Засгийн газрыг байгуулна. Хийх ажлаа хийгээд, үүрэх ёстой хариуцлагаа үүрээд л явчихна. Ер нь ингэх хэрэгтэй.

Улс төрийн тойм


URL:

Сэтгэгдэл бичих