Д.Энхбат: Эдийн засгийн хувьд Монгол Улс коммунист зам руу буцаад орж байна

Эдийн засаг сэргэж болно. Гэхдээ улстөрчдөөс болоогүй. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ л нэмэгдсэн. Маргааш ханш унахыг үгүйсгэхгүй- УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.

-Улс төрийн намууд сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж ирэх сарын 1-ээс иргэн бүрт сар бүр 21000 төгрөг өгөхөөр төсөвт суулгасан. Энэ асуудлыг шийдэхдээ гуравдагч хүчний байр суурийг яаж хүлээн авсан бэ?

-Миний бодлоор коммунист нийгмийн үед хүн бүхэнд тэнцүү мөнгө хуваарилдаг байсан. Бүгд 600 төгрөгийн цалинтай, сайхан байсан. Ардчилсан нийгэмд бол хүн бүхэнд хийснийх нь хэрээр мөнгө өгдөг. Уг нь төр засгийн зүгээс иргэдийг ажлын байраар хангаж, шударга ажиллах эрүүл орчинг нь бий болгож өгөх үүрэгтэй. Тэрнээс биш хүн бүхэнд тэнцүү мөнгө өгөхдөө гол нь биш. Тэгэхээр Монгол Улс эдийн засгийн хувьд коммунист зам руу буцаад орж байна.

-Та яагаад ингэж бодов. Ашигт малтмалаас олсон ашгаасаа ард түмэндээ хувь өгөх нь коммунист үзэл гэж үү?

-Мөнгө аваад явсан ард түмэн архичин болдог гашуун туршлага бий. АНУ-ын индианууд, манжийн эрчүүд бүгд л цалин аваад алга болсон. Бид ийм замаар явахгүй. Хүн ам, ард түмэн нь ядуу байлаа гээд мөнгө тараах байдлаар асуудлыг шийдэж болохгүй биз дээ. Тиймээс гуравдагч хүчний байр суурь маш энгийн. Хүмүүст бэлэн мөнгө өгнө гэж ярихын оронд хүн бүрийг ажлын байраар хангаж, нэг өрхийг сард сая төгрөгийн орлоготой болгох бодлого боловсруулах хэрэгтэй. Гэхдээ би улс төрийн тогоонд нь байгаа хүний хувьд ойлгож байна.

-Юуг ойлгож байна гэж. Эрх баригчдад шалтгаан байгаа юм уу?

-УИХ-ын 2008 оны сонгуулиар МАХН иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гээд амласан. Одоо тэр мөнгөө өгч ч чадахгүй, өгөхгүй байж ч чадахүй гацаанд орсон. Одоо ганцхан арга бий. Тэр нь бүр том амлах, үүнээс өөр гарц байхгүй. За яах вэ, хүн бүхэнд шинэ жил, Цагаан сараас өмнө 1.5 сая төгрөгийг өглөө гэхэд бүгд Эрээн явна. Тэр мөнгөнөөс Монголд юу ч үлдэхгүй, Эрээнийг хөгжүүлнэ. Он гараад иргэн бүрт сард 21 мянган төгрөг өгнө гэж байна. Ичсэндээ өгөх байх. Тэрнээс биш энэ мөнгийг нэхэж байгаа нэг ч монгол хүн байхгүй. Ядуу хүмүүст хоолны мөнгө хэрэгтэй байж болох ч угтаа бол тэд ажилтай байх нь чухал. Тэгэхээр эрх баригчид дахин сонгогдох гэж ийм алхам хийж байна.

-Тэгэхээр та иргэдэд 1.5 сая төгрөг өгөх хэрэггүй гэж хэлэх гээд байна уу. Тэд энэ мөнгөний сургаар зээл авч, одоо өрөө дарж чадахгүйд хүрсэн гээд байгаа шүү дээ?

-Хүн бүрт 1.5 сая төгрөг хэзээ ч өгөхгүй, шилний цаанаас чихэр долгоолгож байгаа юм. Би хэлдэг юм, “Америкчууд эхлээд улс орноо үйлдвэржүүлж, дэд бүтцээ шийдэж, хүн бүрийг сарын гурван мянган ам.долларын цалинтай ажилтай болгосон. Тэгээд жилд 1300 ам.долларыг иргэддээ урамшуулал болгон өгдөг” гэж. Гэтэл манайх эсрэгээрээ байна. Арабууд хөрөнгө оруулалтын компани байгуулж, дэлхий даяар сүлжээ зочид буудал, усан онгоц худалдан авсан. Тэндээс олсон ашгаасаа иргэддээ урамшуулал олгодог. Гэтэл Африкийн негрүүд яасан, мөнгө зээлж зууны бүтээн байгуулалт хийсэн, зам харилцаа, дэд бүтцээ сайжруулсан. Үүний гол зорилго гэвэл дарга нар нь том “юм” унагаах байсан. Нефтийн баялгаараа дэлхийд дөрөвт ордог энэ улс өнөөдөр өрөнд баригдаж, иргэний дайнтай байна. Хүмүүс нь ядуу, тарчиг.

-Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ нэмэгдэж байгаа нь манай улсын эдийн засагт эергээр нөлөөлөх байх. Эдийн засагчид ч эдийн засаг сэргэж байна гэж ярих болсон. Гэхдээ таны бодлоор эдийн засгийн сэргэлт хөрсөн дээрээ яаж буух бол?

-Эдийн засаг сэргэж болно. Гэхдээ улстөрчдөөс болоогүй. Бид ажлаа сайн хийдэг болоогүй, үйлдвэр бариагүй. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ нэмэгдсэн. Маргааш ханш унахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр Монголын эдийн засаг ямар үед сайжрах вэ гэвэл бидний өрсөлдөх чадвар, засаглал сайжирсан цагт л сэргэнэ.

-Гэхдээ засаглалаа сайжруулж, улсаа хөгжүүлье гэдэг бодол үе, үеийн эрх баригчдад байдаггүй юм биш үү. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Дахин сонгогдохын тулд юу ч амлаж болно. Ардчилсан намын бүлгийн дарга “Нэг удаа сая төгрөг өгөх биш насан туршид нь байгалийн баялгаас хувь хүртээнэ” гэж сонин дээр ярилцлага өгсөн байна лээ. Нэг удаа өгч чадахгүй байж юун насан туршид нь өгнө гэж. Миний ойлгож байгаагаар цайрна гэж л энэ байх. Харамсалтай нь улстөрчид маань нийгмээсээ тасарчихлаа. Ард түмэн тэднийг дагна гэж юу байх вэ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, ядуу учраас дагаж мэднэ. Манжууд ч, африкчууд, индианууд ч дагасан. Тэгэхээр монголчууд бидний билгийн ухаан л мэднэ.

Н.Хулан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих