Мэлрэг цэцгийн хувьсгал буюу цахим бослого
-Тунис “Wikileaks”-ийн анхны хохирогч уу-
Хойд Африк төдийгүй Арабын ертөнцөд улстөр, нийгмийн тогтвортой байдал, амар тайван шинжээрээ танигдсан Тунист сүүлийн хэдхэн долоо хоногт дэгдсэн үймээн самуун олон арван хүний аминд хүрч, мөнхийн удирдагч гэгддэг Ерөнхийлөгч Бен Алийг эрх мэдлээс нь хагацаав. Түүнийг зугтах шахам Саудын Араб уруу ниссэний дараа нийслэл Тунис хотод энд тэндгүй түүдэг асч баярласан, цухалдсан аль нь мэдэгдэхгүй хүмүүс эх, зах нь олдохгүй шуугилдан байна.
Нутгийн өнцөг булан бүрд гудамж талбай үймсэн олноор дүүрч, шорон ганданд хүртэл бослого дэгдсэн гэх мэдээлэлтэй зэрэгцэн парламентын дарга Фоуэд Мебазаа төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч болоод байгаа. Энэ эмх замбараагүй байдалд уламжлалыг баримталдаг улстөрийн нам, хүчнүүд болон үйлдвэрчний эвлэлүүд багагүй үүрэг гүйцэтгэсэн ч шинэ үеийн тэмцэгчдийг интернэт хэмээх “далдын хар хүч” бэлтгэснийг шинжээчид дуу нэгтэйгээр баталжээ.
Хавчих тусам хамтарна
Цахим ертөнц орчин цагт хэчнээн хүчтэй зэвсэг болсныг Тунисын төрийн бодлого, интернэт хэрэглэгч хоорондын зөрчлийн түүх нотолно. Тус улс цахим сүлжээг айхтар гярхай хянаж цагддагаараа зартай. Гэсэн ч эрх баригчдын эсрэг жагсаал цуглаантай холбоотой мэдээллүүд Араб, Франц, Англи гээд олон хэлээр Тунисчуудад хүрсээр байна. Бичил блог, мэдээллийн сайтуудад зураг, дүрс бичлэг, сэтгэгдэл үлдээсэн интернэт хэрэглэгчдийн дунд Франц болон Арабын бусад оронд буй Тунисчууд мэдээж олон байгаа.
Гэвч дийлэнх хувь нь Тунисын хилийн дотроос эрх баригчдынхаа эсрэг мэдээ, мэдээлэл түгээжээ. Интернэт хэрэглэгчдийнхээ тоогоор Тунис Хойд Африк, Арабын ертөнцөд тэргүүлсээр ирсэн нь үүний нэг шалтгаан. Тус улсын 10 сая хүний 34 хувь нь цахим сүлжээнд тогтмол холбогддог гэх баримт бий. Тэдний хоёр сая орчим нь буюу хүн амынх нь 18 хувь “Facebook”, “Тwitter” зэрэг нийтийн харилцааны сайтуудын идэвхтэй гишүүд. Энэ нь хөрш орнуудынхаас нь даруй 2-10 дахин их үзүүлэлт юм. Тунисын эрх баригчид олон цахим хуудсын нэвтрэх эрхийг хааж, 404 тоот мессэж бүхий нүүр хуудсаар интернэт хэрэглэгчдийг бухимдуулдаг ч цахим ертөнц дэх Тунисчуудын тоо өссөөр байна.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын дүгнэлтээр Тунис хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 178 орноос 164-т бичигджээ. Уг байгууллага интернэтийн засаршгүй 15 дайсан орны жагсаалтад хүртэл тус улсыг багтаасан нь бий. Учир нь Тунисын албаныхны цахим сүлжээнд то1Тоосон хяналт нягт нарийн бөгөөд үр дүнг нь сайтар тооцоолсон арга мэхээр дүүрэн байдаг гэнэ. Харин эрх баригчдын ов мэх ч Тунисчуудын нэгдэн нийлэхийг зогсоосонгүй.
“Тунис” ажиллагаа
Төр засгийнхаа эсрэг зарласан Тунисчуудын цахим дайн өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлээр чимээгүйхэн эхэлсэн юм. Өнгөрөгч оны гол сенсацын эзэн “Wikileaks”-ийн тэргүүн Жулиан Ассанж ээлжит “сахилгагүйтлээрээ” Арабын дипломат харилцаатай холбоотой Цагаан ордны нууц мэдээллүүдийг задалсны дотор Тунисын Ерөнхийлөгч Зин эль-Абидин Бен Алийг (1987 онд төрийн тэргүүн болсон) мафийн толгойлогч мэтээр дүрсэлсэн байв. Алдагдсан мэдээлэлд Бен Алийн гэр бүлийнхэн хувийн сургууль, эрүүл мэндийн салбараас хэд хэдэн саяар ам.доллар завшдаг, ард иргэд нь ажилгүйдэл, ядууралд туйлдаж байхад Ерөнхийлөгч эрх, мэдлээ авч үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байгаа тухай дурдаж, Тунисчууд эрх баригчдынхаа шударга бус үйлдлийг мэддэг атлаа албаныхны хяналт хамгаалалтаас эмээж нэгдмэл хүчээр эсэргүүцэж чаддаггүй гэжээ.
Энэ нь дор бүрнээ дургүйцэл тээж явсан Тунисчуудыг сэрээсэн нь мэдээж. Уг мэдээллийг түгээсэн Ливаны мэдээллийн агентлагийн “Аль-Акбар” сайт тэр дороо Тунист хаагдаж, хакеруудын халдлагад өртсөн. Харин өнгөрөгч сарын 17-нд нийтийг хамарсан эсэргүүцлийн эхний хөдөлгөөн дэгдэхэд орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн жагсаал цуглааны тухай огт мэдээлээгүй юм. Гэвч нийтийн дургүйцэл улс орныг бужигнуулна гэдгийг мэдэж байсан, “Wikileaks”-ийн мэдээллийг сэрүүлэг хэмээн хүлээж авсан Тунис хакерууд “Тунис” ажиллагаа хэмээх нууц явуулгаараа DDoS буюу хориотой үйлчилгээ бүхий төрийн мэдлийн сайтууд уруу халдсан гэх. Үүнийг мэдсэн албаныхан бичил сайт буюу блог хөтлөгчдийн эсрэг мөн хариу халджээ.
Үймээн самуун газар авсны дараа блог хөтлөгчдийн нууц үг алдагдах, сайтуудын бүтэц өөрчлөгдөх зэрэг олон хачирхалтай үзэгдэл болсон гэх гомдол иргэдээс их ирж. Тэр ч бүү хэл “ВВС”, “Аль-Жазира” зэрэг олон улсын мэдээллийн агентлагуудын Тунисын үймээнтэй холбоотой мэдээллүүд “Ачааллаж байна” гэсэн дохионоос өөр юуг ч Тунис уншигчдад харуулаагүй гэнэ. Ард иргэдийн эсрэг цэрэг, цагдаагийн хүч ашиглаж байгааг шүүмжилсэн АНУ-ын Засгийн газар Тунисын эрх баригчдыг мөн “Facebook”, “Yahoo”, “Google” зэрэг америк компаниудыг үймээн самууны мэдээллийг түгээсэнд буруутгалаа хэмээн дургүйцлээ илэрхийлсэн. Хэрэглэгчийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг эдгээр сайт бүхлээрээ бус хэсэг бүлгээрээ Тунист хаалттай байдаг ч “Тунис” ажиллагаа зэрэг цахим бүлгэмээр холбогдсон залуус энэ сайтуудыг тэмцлийн гол талбар болгосон нь маргаангүй.
Тиймээс ч тус улсын үндэсний цэцэг мэлрэгээр овоглогдоод байсан улстөрийн эргэлтийг “Twitter” хувьсгал, “Wikileaks”-ийн хувьсгал хэмээн “хочлоод” байна.
Нуугдаж тоглоё
Цахим сүлжээний хяналт, хавчлага нь огт сулраагүй Тунист яагаад цахим төдийгүй хүний аминд хүрсэн бослого дэгдэв гэдэг хачирхалтай. Интернэтэд Foetus хэмээх нууц нэрээр холбогддог нэгэн Тунис эрийн хэлснээр блогчид нэгэндээ арын хаалгатай сайтуудыг хэлж өгдөг бөгөөд төрийн хяналтаас нэгнээ хол байлгадаг, амь нэгтэй гэнэ. Foetus-ийн хэлснээр Тунисын хилийн дотор цахим сүлжээг эзэгнэнэ гэдэг хөөцөлдөх юм уу нуугдаж тоглохтой ижил. Тэрбээр 1998 онд сөрөг хүчнийхний дуу хоолой болсон “Такриз” хэмээх цахим бүлгэмийг байгуулсан хоёр хүний нэг юм.
Тус бүлгэмийн хүрээ тэлж Хойд Африкийн өөр нэг улсад үйл ажиллагаа явуулдаг ч Foetus өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүйн үүднээс тэрхүү орны нэрийг хэлэхээс татгалзжээ. Foetus болон Тунисын нууцлаг олон форумын нэг “Наваат”-ийн бичсэнээр Тунисаас “Facebook”-т холбогдох хэн ч тусгай хамгаалалтгүй компьютерээс интернэт рүү хандах хэрэггүй. Чадварлаг Тунис программистууд овжин, сүйхээтэй байгаа ч эрх баригчид тэдний “Нуугдаж тоглоё” гэсэн өдөөлтөд хариу барьсаар байгаа гэнэ.
Интернэт ажиглагчдын онцолсноор 2009 онд Иранд дэгдсэн үймээнд гүйцэтгэсэн цахим ертөнцийн үүргийг Мэлрэг цэцгийн хувьсгал дахь нөлөө, хамрах хүрээтэй харьцуулшгүй. Ерөнхийлөгч Бөн Алийг төрийн эрхээс холдуулсан цахим хувьсгал Тунисын улстөрийн бужигнааны төдийгүй “Wikileaks”-ийн дуулианы үр дагавар, дэлхий нийтийг хамарч мэдэх интернэт хувьсгалын өрдөө эхлэл юм.
“ВВС”
URL: