Хөдөөгийнхөн чинь малаа ломбарданд хадгалуулчихсан хүмүүс шүү дээ

Өдөр ирэх тусам махны үнэ тэнгэрт хадах боллоо. Махны үнэ яагаад ингэж өсөв гэсэн асуултад худалдагч нар “Малчид махаа өндөр үнээр өгдөг. Дээр нь ченжүүд үнэ нэмнэ. Ингэж явсаар ийм байдалд хүрлээ” гэдэг. Харин малчид үүнээс тэс өөр зүйлийн тухай өгүүлдэг. Үүний дагуу Дундговь аймгийн Адаацаг сумын тавдугаар багийн малчин Б.Цэрэнхүүтэй ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу. Махаа ямар үнэ ханштай зарж байна вэ?

-Энэ жил өнтэй сайхан өвөл боллоо. Мал ч тарга хүч сайн авсан. Малчид бидэнд хэдэн малаа өсгөж үржүүлж ашиг шим авахаас өөр орлогын эх үүсвэр байдаггүй. Иймээс 40-45 кг жинтэй ууцны хэдэн мах борлуулах санаатай хотод орж ирээд байна. Өөрсдөө зогсоод зарж борлуулах зав байх биш. Гулууз махаа нэг кг-ыг нь 3500 төгрөгөөр мах авдаг хүмүүстээ өгөөд явах санаа байна. Юу болох нь уу.

-Нэг кг мах ямар үнэтэй байгааг мэдсэн үү. Орон нутагт малыг ямар үнээр худалдаалж байна вэ?

-Хөдөөнөөс олон махтай хотод орж ирвэл шууд л 22-ын товчоон дээр өгөх шаардлагатай болдог. Товчоон дээр махны ченж нар нэг кг-ыг нь 3000 төгрөгөөр авна. Max элбэгтэй үед бараг зүгээр авъя гэх нь халаг байдаг. Мөнгөнд нь боогдоод малчид бид өгөхөөс өөр арга байдаггүй. Харин сая хамаатан садандаа өгнө гэж худал хэлж цөөхөн хэдэн мах оруулж ирээд зарж байгаа нь энэ.

Хөдөө ч ялгаагүй хэдхэн хоногийн өмнө нас гүйцсэн эр хонь 100 мянган төгрөгөөс дээш авахгүй байсан. Харин энд авчраад зарахаараа 200 мянга гаргаад зарж байна. Гэхдээ хэрээс хэтэрсэн үнэ гэдэгтэй санал нийлж байна. Төлөг гэхэд 50-60 мянган төгрөгийн үнэтэй. Ченжүүд малчдаас үнэ хямдхан мах авчихаад нийслэлийнхэнд дахин нугалаад зарж байна. Ер нь махны ченж нарын “үнийн дарлал”-д малчид, хэрэглэгчид ороод удаж байгаа шүү дээ.

-Малчнаас хэрэглэгчийн гарт махыг шууд хүргэх арга байна уу. Энэ талд Та ямар бодолтой явдаг вэ?

-Хамгийн зөв хувилбар бол энэ. Төр засаг үүнд хяналт тавихгүй бол махны ченж нар даварсаар үнийн дарамтаар ард иргэдийг сөхрүүлж мэднэ. Нөгөө талд улсаас нөөцийн махыг ахиухан нөөцлөх шаардлагатай байна. Орон нутгаас мах оруулж ирдэг товчоонууд дээр улсын харьяалалтай хэд хэдэн томоохон махны цехтэй болчихвол малчдаас нийслэлчүүд хямд үнэтэй мах авах боломжтой. Манай улсын цаг агаарын эрс тэс байдлаас үүдэн малын тоо толгой зарим аймагт цөөрсөн. Гэхдээ энэ нь мах үнэд орох шалтгаан биш шүү дээ. Ер нь махыг ченжийн гараар дамжуулахгүй байх арга замыг хайх хэрэгтэй. Гараас гар дамжсан махны наймаачид байгаа цагт үнэ хэзээ ч буухгүй.

-Малчид малаа барьцаалаад банкнаас зээл авдаг гэсэн. Зээлтэй малчин хэр олон бол?

-ХААН банк малчдад зээл олгож эхэлснээс хойш зээл аваагүй айл бараг байхгүй болсон. Зээл олгохдоо үнэлгээ маш доогуур. Хонийг 25, ямааг 15 мянгаар бодож зээл олгодог. Банкны хүү нь 4.8 хувь, төлөх хугацаандаа мөнгөе төлж чадахгүй бол хүүгийн хүү гээд сул мөнгө их төлнө гэх зэргээр дарамт их. Хөдөөгийнхөн чинь малаа ломбарданд хадгалуулчихсан хүмүүс шүү дээ.

-Малчид ноолуураа тушаагаад овоо хэдэн төгрөгтэй болдог. Энэ мөнгөө юунд зарцуулдаг юм бэ?

-Хавар ноолуурын үеэр өөрсдийн хэрэгцээний бараа материалаа авна. Болж өгвөл унаа тэрэгтэй болохыг эрмэлзэнэ. Банкны өртэй айл их болохоор ноолуурын үеэр өрнөөсөө ангижирдаг. Мөн цагаан сараар мөнгө муутай малчид ноолуурын зээл хийнэ. Хавар ноолуур гарахад үнэ хэд болж өссөн нь хамаагүй тухайн зээл өгч байгаа хүний хэлсэн үнэд баригдаж өгдөг. Энэ мэтээр хэдэн тийш нь хуваасаар байгаад дуусдаг. Харин сүүлийн жилүүдэд ноолуурын үнэ гайгүй өсөх хандлагатай байна.

Ноолуураа боловсруулаад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын компани цөөхөн. Иймээс ихэнх ноолуурыг хятадууд худалдаж аваад чамин ганган бүтээгдэхүүн болгочихоод эргээд бидэнд хэд дахин нугалаад зардаг шүү дээ. Энэ талд ч анаарах цаг болсон.

-Малын гаралтай түүхий эд урд хөрш рүү ихээр гарч байна. Хятадын ченжүүд Эмээлт зах дээр малчдыг амдаж аваад мах, түүхий эдийг нь авчихдаг гэсэн. Энэ үнэн үү?

-Хятад ченж нар хаа сайгүй. Зөвхөн Эмээлт гэлтгүй орон нутагт ч монгол хүнээр хөл, гараа хийчихсэн мөнгө өгөөд мал авахуулж байгаа хүн олон. Гэхдээ тэд харьцангуй илүү өндөр үнээр авдаг болохоор хэн ч арай ахиу мөнгө төлсөнд нь өгөхийг бодно биз дээ.

Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: “Unen.mn”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих