Эрх баригчидаа: Ард түмнийхээ эсрэг хүчирхийлэлд бэлдээд байна уу?

Хэзээ эрх баригчид ард түмнийхээ эсрэг хүчирхийлэл хийдэг вэ гэвэл хийсэн гэмт хэргээ нуун дарагдуулах эцсийн арга ядсан арга болгон хэрэглэдэг. Үүний тод жишээ бол Египет, Ливи одоо “асуудалтай” байгаа Сири зэрэг улсууд бөгөөд тэд шударга ёс, сайн сайхан амьдралыг хүсэн тэмцсэн ард түмнийхээ эсрэг хүчирхийлэл хэрэглэж олон зуун хүний амийг эрсдлүүлж, сүүлдээ иргэний дайнд хүрснийг мэдэж байгаа.

Монголын эрх баригчид яагаад хүчирхийлэлд бэлдээд эхлэв ээ. Батлан хамгаалахын сайд нь тулгай бэлтгэгдсэн хоёр рот цэргийг хэний эсрэг, юуны төлөө байгуулж байгаа юм бэ? Манай улсад террорист, алан хядагч бүлэглэлүүд аюул тариад байгаа юм уу. Эсвэл эрх баригчдийн хувьд ард түмэн чинь террористууд шиг харагдаад байна уу? Одоо  та нар хариулах хэрэгтэй.

Сүүлийн 22 жил монголд хамгийн том бүтээн байгуулалт бол шорон гяндан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Хамгийн сүүлд яармагт “Ганц худаг-2” нэртэй шинэ хорих газар барьсан. Өнөөдөр Монгол улс чинь шоронжсон улс болчихлоо. Яагаад ингэтлээ шорон нэмж бариад яагаад дотоодын цагдаа нарынхаа тоог нэмээд байгаа юм бэ? шалтгаан нь юу вэ үүний бас тайлбарлах хэрэгтэй.

Өнгөрсөн 22жилд Монголын төрийн эрх барьж байсан луйварчдын хийсэн үйл хэргийг дүгнэвэл “Чадал хүрвэл дэлхийн хөрснөөс Монголыг арчих юмсан, арчиж чадахгүй учир Монголын төлөөюу ч хийхгүй байж аажимдаа устан алга болохыг нь алга ташин харж суумаар байна” гэх зарчмаар явж ирсэн.

Монголын аюул гаднаас биш харин одоо дотроосоо гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Эрх баригчид үүнийг сайн мэдэж байгаа. Тэд ард түмэн босно гэдгээс үнхэлцгээ хагартал айж байгаа.

Ард түмний хувьд дайсан №1 нь төрийн нэр барьж 22 жилийн турш ард түмний баялгийг ханаж цадахаа мэдэхгүй хулгайлж баяжчихсан хулгайч луйварчид. Эдгээр хулгайч луйварчид гадныхантай хуйвалдаж, тэднээс олон сая доллар авчихсан нөхдүүд учраас эрх мэдлээ алдахыг хүсэхгүй. Нөгөө талаар гадаадынхан Монголын баялгийг ховх сорохын тулд өөрсдийнх нь урьдчилан бэлдсэн хавханд нь орсон эрх баригчдийг хэвээр нь байлгахын хичээнэ. Харин ашиглаж дууссаныхаа дараа “ард түмний дайсан”, “дарангуйлагч”, “гэмт хэрэгтэн”, “луйварчин”-аар цоллоод, хүн төрөлхтний дайсан гээд “буудчихна” эсвэл Каддафи шиг хөнөөдгийг мэдэхгүй л байна даа.

Тиймээс эдгээр төрийн нэр барьсан луйварчид болох өнөөгийн эрх баригчдийн №1 дайсан бол мэдээж шударга ёс, сайн сайхан амьдралыг хүсэн тэмүүлсэн ард түмэн. Нэгэнт ард түмний төлөө ажиллах төрийг амин хувийнхаа төлөө ажиллах “компани” мэт болгосон эрх баригчид гадаадын хуйвалдагчиддаа тааруулж хууль баталж, тэднийг хамгаална. Эдийн засгийн бодлого ч мөн адил Монгол улсад ашигтай байх ёстойгоос биш хэзээ ч гадаадынханд ашигтай байж болохгүй. Нэгэнт гадаадынхан том компаний хавханд орж, мөнгөөр оосорлуулчихсан эрх баригчид хэзээ ч ард түмний төлөө сайн сайхан зүйл хийдэггүйг өнөөгийн Монголын эрх баригчдийн үйлдлээс харж болно.

Олон жилийн уур бухимдал тэсэрч, ард түмэн ба төрийн нэр барьсан хулгайч, луйвардчын хоорондын тэмцэл өрнөх болно. Хохирол амссан ч эцсийн эцэст дарангуйлагч бус харин ард түмэн ялдгийг хүн төрөлхтний түүхээс харж болно. Ард түмнийхээ эсрэг хүчирхийлэл хэрэглэх гэж байгаа бол та нарын өөрсдийн ялаа хүндрүүлж, тамын хаалга руу ойртож байна гэдгээ л ойлгох хэрэгтэй. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдгийг санах хэрэгтэй. Монголчууд буудуулаад, жадлуулаад суугаад байх хонь шиг номхон, ноомой ард түмэн биш гэдгийг Монголын түүхийг уншсан бол эрх биш гадарлах биз. Монгол хүнийг Арабуудаас дор гэж битгий андуураарай. Монгол хүн босвол боссон шиг босдог ард түмэн шүү.

Нэг бууд, хоёр бууд, таван хүний халуун амь хөнөөчихөөд одоо Монголчууд хулчгар болчихсон яаж ч доромжилж болно гэж байгаа бол горьдсоны чинь гарз. Монгол хүмүүс олон гэдгээ ухамсарлан нэгдэн нийлж тэмцэх цагт  дэлхийн дахин ч тэсэхгүй шүү.

Монгол хүмүүс хүчирхийлэлгүйгээр асуудлаа шийдэхийг хүсэж байхад харин ч эсрэгээрээ хүчирхийлэл хэрэглэх гэж байгаа бол өөрөөр үзэх болно. Хонь шиг номхон ч бас чоно шиг зан гаргаж чадна шүү. Миний Монголыг багахан доромжлоорой бас битгий дутуу үнэлээрэй.

Б.Гансүх


URL:

Сэтгэгдэл бичих