Намаржингаа юу хийсэн 76 вэ

УИХ-ын Намрын чуулган завсарлана гэж мэдээ бичихээс “айдаг” боллоо. Завсарлана, завсарлана гэсээр хоёр хоногийг үдэж, гурав дахь хоногтоогоо залгаж байгаа болохоор шүү дээ. Өнөөдөр ч гэсэн чуулган завсарлах юм уу, үгүй юм уу, бүү мэд. Юутай ч сүүлийн хэдэн өдөр эрхэм төрийн түшээд маань ихээхэн ачаалалтай ажиллаж байх шиг байна. Аргагүй шүү дээ, бүхэл бүтэн намаржингаа хийх ажлыг гуравхан өдрийн дотор багтаана гэдэг хэцүү. Хууль, тогтоолын төслүүдийг ёстой нэг бөөндөж байна даа. Улс төрийн томилогоо, сайд дарга нарын асуудлаа ярьж болно, гэхдээ тэрэнтэйгээ хамт хэлэлцээд, шийдэж болох асуудлуудыг шийдээд явж болоогүй юм байх даа. Тэгээд ч ер нь хэчнээн сайд дарга нарын асуудал ярьсан байлаа төрийн машин явдгаараа л явж байх ёстой баймаар. Харин манай улстөрчид өнгөрсөн хоёр сард яг эсрэгээр нь хийчих шиг боллоо. Өөрөөр хэлбэл, сайд нарын асуудал яригдаж эхэллээ, төрийн машин таг гацсан. Ядаж байхад “дайны хажуугаар дажин” гэгчээр сайд нартай зэрэгцээд хэд хэдэн аймгийн засаг дарга нарын асуудал яригдав. Ингээд арайчүү асуудлуудаа шийдсэний дараа дэд сайд нар, байнгын хороодын дарга нар гээд л.
Уг нь УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу хавар, намрын чуулган хаагдах хугацааг хуульчилсан. Хэдэн өдрөөр ч хамаагүй хуралдаад, асуудлаа дуусгасны дараа завсарладаг байсан бол шинэ хуулиар намрын чуулган хоёрдугаар сарын 5, хаврын чуулган зургадугаар сарын 15-нд хаагдах ёстой байдаг шиг санагдана. Энэ жишгээр сая намын чуулганыг хоёрдугаар сарын 5-нд хаах гэж оролдсон ч одоо яая гэх вэ дээ, хийх ёстой ажил овоорчихсон байхад завсарлачихаж болохгүй шүү дээ. Намрын чуулган нь ийм назгай, улстөржсөн байхад хаврын чуулган ч бүтэхгүй шинжтэй. Сонгууль дөхсөн болохоор энэ улстөрчид хам хум намрын чуулганаа завсарлуулчихаад тойрог руугаа мордож таарна. Намрын чуулганаа дуусгах гэж зовсон бол дараа нь хаврын чуулганаа эхлүүлэх гэж бас бөөн төвөг удах вий дээ. Хэдэн гишүүд нь тойрогтоо ажиллаад, ирц нь бүрэлдэхгүй бол яана аа.

Л.Дэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих