Сонгууль угтсан улс төр: ДОРНОД

Дорнодын тойрогт энэ жилийн сонгууль ширүүн тэмцэл дунд өрнөх нь тодорхой болоод байна. Хуучин, шинэ намуудаас нутгийнхны хувьд таних, танихгүй хүмүүс УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр горилон Дорнодын их тал руу гүйдэлтэй болжээ. Дорнод аймаг бол халх, буриад, үзэмчин, барга ястнуудын өлгий. Түүнчлэн со циа лизмын үед хамгийн их үйлдвэржсэн ганц аймаг шүү дээ. Тэр үед Монголын бараг бүх аймгаас сэхээтнүүд, ажилчид илгээлтээр очиж, олноороо суурьшсан. Уугуул нь ч, суугуул нь ч ажилсаг хичээнгүйгээрээ алдартай. Дорнодын талхны сайхныг нэг удаа амталсан хэнбугай ч мартдаггүй. Монгол Улсын зүүн хязгаарын уудам талын төгсгөлд Орос, Хятадын хил залгадаг тул төмөр зам бүхий дөрвөн боомт бий. Энэ нь угаас зүгээр суух дургүй нутгийн зонд арилжаа наймааны аятай өгөөжийг олгож ирэв.

Дорнодчууд хөдөлмөр эрхлэх, үр шимийг нь ахиухан хүртэх боломжийг эрэлхийлэхээс бус тэгтлээ улстөржиж, аль нэг нам, хүчнийг шүтэж туйлширдаггүй гэдгийг УИХ-ын сонгуулиудын дүн харуулж байна. УИХ-ын гурван мандаттай байсан өмнөх сонгуулийн дүнг харвал, дорнодчууд 2000 онд МАХН-ын Д.Базарсад, Б.Баатархуяг, ИЗН-ын С.Оюун, 2004 онд МАХНын Д.Одбаяр, “Эх орон-Ардчилал” эвслийн М.Зоригт, Ж.Батхуяг, 2008 онд МАХН-ын Д.Одбаяр, Ц.Шинэбаяр, АН-ын П.Алтангэрэл нарыг сонгосон. Сонгуулийн тухай шинэ хуулиар тус аймагт ногдох мандатын тоо нэгээр цөөрсөн бөгөөд ялангуяа МАН, АН-ын дотоодод нэр дэвших эрхийн төлөө “гал ассан” өрсөлдөөн эхлээд байгаа аж.

МАН

МАН дотор УИХ-ын гишүүн Д.Одбаяр, нэн шинэхэн дэд сайд, МАК Нямтайширын хүү Н.Номтойбаяр, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, аймгийн Засаг дарга Ц.Жанлав нар нэр дэвшихээр хоёр мандатын төлөө өрсөлдөж байна. Н.Номтойбаяр, Б.Ундармаа гэсэн Дорнодод танигдаагүй “битүү морьд” 2004 оны сонгуулийн дүнг харан өөрсдөдөө найдаж байх шиг. 2004 онд Дорнодын уугуул ч биш ИЗН-ын М.Зоригт, ЭОН-ын Ж.Батхуяг гэсэн цоо шинэ хүмүүс Дорнодын сонгуульд өрсөлдөн ялж, УИХ-д сууж байсан түүх тэгтлээ хуучраагүй тул найдахаас яах билээ. Гэхдээ Дорнод “битүү морьдод” хоёр дахь удаагаа боломж олгодоггүй гэдгийг удаах сонгууль ИЗН-ын М.Зоригтод лав хатуу ойлгуулсан. Н.Номтойбаярын хувьд өмнө нь огт сонгуульд нэр дэвшиж байгаагүй боловч гэр бүлийнхээ санхүүгээр улс төрийн өгсүүр шатаар огцом харайж яваа залуу хүн. Түүнтэй танилцахдаа дорнодчууд нэг их дургүйцэхгүй болов уу. Харин Б.Ундармаа НИТХ-ын төлөөлөгч төдийгүй өмнө нь УИХын сонгуульд нийслэлийн тойрогт өрсөлдөөд өвдөг шороодож байсан нь энэ нутгийн иргэдэд таалагдахгүй байгаа аж. Д.Одбаярын хувьд нэр дэвших эрхээ Удирдах зөвлөлөөс бардам атгаж гарах цөөн парламентчийн нэг юм. Түүнийг Н.Номтойбаяр, Б.Ундармаа хоёрын хэнтэй нь хамт нэр дэвшмээр байгааг нь Удирдах зөвлөлөөс тандахад “Өөрсдөө мэд” хэмээн хариулсан гэх яриа МАН-ын цагаан ордонд сонсогдсон.

Д.Одбаярын хувьд Н.Энхбаярын дэмжлэгээр их улс төрд хөл тавьж, төрөлх аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байгаад нутгийнхныхаа итгэлээр УИХ-д найм дахь жилдээ төр түшихдээ Хууль зүйн сайд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын албыг түмэнд нүүртэй хашсан гэж дүгнэдэг. Тэрбээр одоо ч Хууль зүйн байнгын хороог даргалж байгаа бөгөөд сүүлийн хэдэн жилд тойрогтоо очиж ажиллах эрч хүч нь өмнөхөөсөө багассан гэж өрсөлдөгчид нь шүүмжлэх болоод байгаа. Энэ удаагийн сонгуульд Д.Одбаяр нь Дорноддоо итгэсэн, Дорнод нь Д.Одбаяртаа итгэсэн шулуун зам давхацвал Дорнодыг Д.Одбаяр УИХ-д гурав дахиа төлөөлөх болно. Дорнодын Засаг дарга Ц.Жанлав мөн л хүчтэй өрсөлдөгчдийн нэг. 2008 онд алдсан “даагаа” нэхэх бодол түүнд байгаа. Аймгийн даргын алдаа, оноо иргэдийн нүдэнд ил, айл өрхийн аж байдалд шууд мэдрэгддэг учраас бусад нэр дэвшигчээс хамгийн түрүүнд сонгуулийн дүнгээ тавиулдаг. Иргэд ч илүү хатуу хандах гээд байдаг тал бий. Тиймдээ ч өнгөрсөн 20 жилд УИХ-ын сонгуулиудад аймаг, дүүргийн нийт 70-аад Засаг дарга өрсөлдсөн боловч 10 нь л Парламентын босгоор алхсан байх аж.

АН БОЛОН БУСАД

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, 1996-2000 оны УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан, 2004 оны сонгуульд нэр дэвшсэн Б.Мөнхцэцэг нарын хоёрт нь Дорнодын мандат ирнэ. П.Алтангэрэлийн хувьд аймгийнхан нь хүргэн хүүдээ муугүй амтай байдаг аж. Гэхдээ юм л болбол “Би бүгдийг нь ганцаараа хийсэн, би л…” хэмээн сурталчилдаг нь ИЗН-ын М.Зоригтын гишүүн байх үеийг санагдуулдаг хэмээн сонгогчид нь ярих юм билээ. Энэ Парламентад Дорнодын иргэдийг төлөөлөн сууж буй Ц.Шинэбаяр МАХН нь нэрээ өөрчлөн МАН болоход бууриа сахиж нэг үзээд, өдгөө Хамаг Монгол хөдөлмөрийн нам байгуулаад байгаа. Тэрбээр Дорнодод рейтингийн судалгаа хийж үзэхэд дээгүүр давхиж яваадаа сэтгэл хангалуун байгаа боловч цоо шинэ нам байгуулсан, түүнийгээ удирдаж УИХын сонгуульд өрсөлдөх том ажилтай тулаад буй. ИЗНН-ын хувьд Дорнодод хамгийн өндөр шаанстай.

2000 онд С.Оюун, 2004 онд М.Зоригт нар эндээс УИХ-д сонгогдож байв. Орон нутгийн сонгуульд ч амжилттай давхиж дадсан газар нь. ИЗНН-аас энэ удаа Тайвань дахь Монгол Улсын төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад ирсэн М.Чойдорж, “Монгол шилтгээн” зочид буудлын захирал Н.Отгонбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Б.Буяндэлгэр нараас Дорнодод сойх гэнэ. М.Зоригт харин Сүхбаатар аймагт нэр дэвшихээр тойрог шилжсэн сурагтай. Харин бие даагчдын чимээ одоогоор алга. Дорнод аймгийнхны нэгэн бахархал болсон паралимпийн баатар Д.Баатаржавыг нутгийнхан нь УИХ-д бие даан үзээд алдахыг санал болгосон байна. Харин тэрбээр хараахан хариу хэлээгүй байгаа аж.

Б.ЭНХЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих