Н.Энхбаярын балгаар сэтгүүлч Н.Биндэрьяа ажлаасаа гарчээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын дарга болсон цагаас эхлэн ТВ9 телевизийн бодлогод огцом өөрчлөлт гарсан билээ. Өнгөрөгч сард тус телевизээр гарсан “Детектив” гэдэг нэвтрүүлэг шуугиан тариад байна. Энэхүү нэвтрүүлэг Н.Энхбаяр нь “Улаанбаатар таймс” сонины менежментийн хувьчлалтай ямар ч холбоогүй гэдгийг үзүүлэхийг зорьсон байдаг. Эхний бүлэгт өгүүлснээр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр дээр хотын дарга М.Энхболд орж “Улаанбаатар таймс” сониныг хувьчлахыг гуйсан гэнэ.

Ажил ихтэй Ерөнхий сайд Н.Энхбаяр “Хууль ёсны дагуу хувьчлахгүй юу” гэсэн юм байх. Харин хотын мафийнхан газрын наймааг баруун солгойгүй хийж, Дуурийн театрын урд талын газрыг 500 сая төгрөгөөр зарчихаад байсан үе гэнэ шүү. “Улаанбаатар таймс” сониныг хувьчлах болсон шалтгаан нь ашигтай байрлал бүхий газарт нь байжээ.

Эхлээд хэвлэх үйлдвэрийн газрыг авахын тулд “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч Ү.Хүрэлбаатарт “Түгээмэл” дээд сургуулийн байрыг өгчээ. Ингээд яруу найрагч Ж.Саруулбуян тэргүүтэй менежментийн багийнхан “Улаанбаатар таймс” сониныг авсан байна. Энэхүү багийн гол зорилго бол хэвлэх үйлдвэрийн газрыг зарах далд санаа байжээ. Тус багийн хөшигний цаана М.Энхболд, Т.Бадамжунай, Сү.Батболд тэргүүтэй улстөрчид байсан гэнэ.

Хотын мафийнхан “Улаанбаатар таймс” сонины хөрөнгө оруулагчаар “Хангарьд” компанийн захирал Л.Сэргэлэнг сонгосон байна. Л.Сэргэлэн нь ОХУ-аас сая ам.доллар залилж авсан юм байх. Ерөнхий сайд Н.Энхбаярыг мэдээ ч үгүй явахад “Улаанбаатар таймс” сонины хөрөнгө оруулагч Л.Сэргэлэн хэвлэх үйлдвэрийг нурааж эхэлжээ. Нураах явцад нэг барилгачин нас барсан тухай ч өгүүлж байв. Мөн тэрээр тус хэвлэх үйлдвэрийн газрыг солонгос, япончуудад 10-15 сая ам.доллараар зарах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн аж.

Тэгвэл Н.Энхбаяр огт хамаагүй гэж нэвтрүүлсэн “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгатай яагаад нэр холбоод байдаг юм бэ. Үүнд “Детектив” нэвтрүүлэг ийн тайлбар хийсэн байна. “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөг луйвардсан хэрэгт У.Хүрэлсүх тэргүүтэй улстөрчид холбогдсон үед Н.Энхбаяр “Шударгаар шалга” гэсэн юм байх. Үүнд хорссон улстөрчид сөрөг хүчинтэй хавсайдан Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчээ унагаасан гэнэ шүү.

“Детектив” нэвтрүүлгээр Н.Энхбаяр, Сү.Батболд, Т.Бадамжунай, М.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Ж.Бямбадорж нарын хоорондын харилцаа, зөрчлийн талаар өгүүлсэн байх юм. Энэ нэвтрүүлгийн хоёрдугаар хэсэг гарсны дараагаар хууль хяналтын байгууллага ТВ9 телевизийн уран бүтээлчдийг дуудаж эхэлжээ. Тэгэхдээ нэвтрүүлгийг хөтөлсөн сэтгүүлч, редактор Н.Биндэрьяад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Эрүүгийн цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч Р.Отгонжаргалын гомдлын мөрөөр хэрэг үүсгэсэн гэдэг. “Детектив” нэвтрүүлгийг хөтөлсөн сэтгүүлч Н.Биндэрьяа “Би удирдлагынхаа өгсөн текстийг л уншсан. Нэвтрүүлгээр гарч байгаа бусад баримт дүрсийг мэдэх ч үгүй. Би бол зүгээр гүйцэтгэгч. Цаашдаа захиалгатай нэвтрүүлэг хийхгүйн тулд ажлаасаа гарах өргөдлөө өгсөн” гэсэн юм. Тус телевизийн сэтгүүлчдийн яриагаар “Манай телевизийн удирдлага сэтгүүлч Н.Биндэрьяаг энэ хэргийг ганцаараа даачих” гэсэн. Үүнээс болоод манай сэтгүүлч Н.Биндэрьяа ажлаасаа гарсан” гэлээ.

Зарим нэг эх сурвалжийн ярьж байгаагаар телевизийн удирдлагууд “Детектив” нэвтрүүлэгтэй огт хамаагүй болсон гэнэ. Өөрөөр хэлбэл сэтгүүлч Н.Биндэрьяад бүхнийг тохсон сурагтай. Уг нь бол энэхүү нэвтрүүлэгт сэтгүүлч, телевизийн удирдлага ч хамаагүй. Гол эзэн болох “Сумаа тавиад нумаа нуусан” Н.Энхбаяртай шууд холбоотой. Тэрээр өөрийнхөө зуун хувийн эзэмшил телевизэд гарч буй нэвтрүүлгийг хянаагүй байх үндэсгүй. Бүр хоёр ч цуврал гарч байхад шүү дээ.

Хэвлэлийн эрх чөлөөний хуулинд нэвтрүүлэг, нийтлэлийн үнэн бодит байдлыг тухайн хэвлэлийн газар хариуцна гэсэн утга бүхий заалт бий. Гэтэл телевизийн зүгээс ажилтнаа хамгаалахын оронд “Ганцаараа даачих” гэсэн гэнэ. Үнэн шударгын төлөө дуугарч л байгаа юм бол сэтгүүлчээ урдаа барин нүүр буруулах хэрэг байсан юм болов уу даа.

Т.ЭРДЭНЭ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих