Аавынхаа нэрээр гадаад улсад суух элчинд томилогдсон “шинэ цагийн сэхээтнүүд”
-Батж.Батбаярын охин, З.Алтайгийн хүү, Д.Лүндээжанцгийн дүү нь арлын оронд, УИХ-ын даргын охин Кремльд-
Энэ гишүүдийн эрх мэдэл арай хэтэрч байна. УИХ-ын гишүүн гэж баахан эрх ямба эдэлнэ. Тухайлбал, 2009 оны байдлаар УИХ-ын нэг гишүүн жилдээ үндсэн цалин гэж 10 сая, туслахууд болон зөвлөхийн цалинд 26 сая, утасны зардалд 1,44 сая, унаанд 8,6 сая төгрөг төсвөөс авсан. Үүн дээр нэмээд болсон болоогүй хууль санаачилсныхаа төлөө 20 сая төгрөг \хууль тутамд\ авдаг гэж буй юм.
Үүнийг бүгдийг нь нийлүүлбэл, эрхэм гишүүд нэг жилийн дотор 287 сая 650 мянган төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас авдаг гэсэн үг. Уншигч та үүнийг 76 гэсэн тоонд үржүүлээд үзээрэй. Дээр нь жил жилийн тэрбумууд байна. Эрхэм гишүүн гэсэн нэр сүрээр халаасны хүмүүсээ төрийн албанд шахна. Энэ нь сүүлдээ улайм цайм болж, гадаад харилцааны салбарыг л гэхэд бүрнээр нь эзлэх хандлага тогтоожээ.
Тэдний үр хүүхэд, хамаатан саднаа аль боломжийн таатай гэсэн улс оронд Элчин сайдын яамны ажилтан нэрээр явдаг болсон. Хамгийн сонирхолтой нь тэдний олонх нь Гадаад харилцааны яаманд ганц хоёрхон жил ажилласан болоод шуудхан гадаад томилолт өвөртлөн аль нэг улсад байх Элчин сайдын яаманд тэнгэрийн амьтан болж дархлагдцаг жишиг тогтжээ. Зарим нэгээс нь цухасхан ч бол дуулгая.
Батж.Батбаярын улсын нууц “задруулсан” охин Японд
Хэрэв уншигчид санаж буй бол УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ц.Жаргалсайханыг улсын нууц задруулсан хэргээр шалгаж байхад Гадаад харилцааны яамны ажилтнууд нэр холбогдсон билээ. Тэдний нэг нь манай нөлөө бүхий улстөрч, УИХ-ын гишүүн Батж. Батбаярын дагавар охин Болор байсан юм.
Тэрбээр энэ хэрэг намжмагц Японд байх Монголын Элчин сайдын яаманд томилолт аваад оджээ. Үүнд мэдээж аав ээжийн нөлөө их гэдгийг эх сурвалжууд баталсан. Яагаад гэвэл түүнийг Ц.Жаргалсайхантай хамт энэ хэрэгт холбогдон Тагнуулын ерөнхий газарт шалгуулж байхад түүний хойд аав Батж.Батбаяр, ээж Засгийн газрын ХЭГ-т ахлах референтээр ажилладаг Н.Буяндэлгэр нар нэр нөлөөгөө ашиглан охиноо энэ хэргээс мулталж дөнгөсөн гэж байгаа юм.
Уг нь Болор санаатай, санамсаргүй ямар ч байдлаар байсан ажлын хариуцлага алдсан нь үнэн учир Гадаад харилцааны яаманд цаашид ажиллах эсэх тухай асуудлыг ч хөндөх ёстой байж. Гэвч тэрбээр сайн аав, ээжийн буянд энэ бүх хариуцлагаас мултарч арлын Японд Монголын Элчин сайдын яаманд ажиллахаар чимээгүйхэн томилогджээ.
З.Алтай гишүүний хүү мөн л Арлын орныг зорьжээ
УИХ-ын гишүүн З.Алтай өөрийгөө шударга имижтэй хэмээн тодотгох дуртай. Тэр ч бүү хэл “Төрийн алба гэж хэн танил тал, мөнгөтэй хүмүүсийн шахаа нүүрлэсэн газар” хэмээн шүүмжилдэг. Тэгвэл түүний хэлж ярьдаг нь хийж буй үйлдлээсээ алд дэлэм зөрүүтэй байдгийг Гадаад харилцааны яамныхан ам уралдан ярьж, басхүү үе үе Япон руу гүйх болсон тухай нь дуулгаж байгаа юм.
Өнгөрсөн жилийн сүүлээр УИХ-ын даргын Японд хийсэн айлчлалд дагалдаж яваад ирэлгүй үлдсэн. Хүүгээ төвхнүүлж, хөл гарыг нь олуулж эцэг хүний үүргээ биелүүлэхээр үлдсэн тухай нь хамт явсан улс нь ярьж л байсан. З.Алтай УИХ-ын гишүүн болмогцоо хүүгээ Гадаад харилцааны яаманд ажилд оруулж, нэг жил болов уу үгүй юу Япон дахь Монголын Элчин сайдын яам руу илгээсэн юм байна.
Уг нь аливаа улсын Элчин сайдын яаманд дөнгөж сургуулиа төгссөн англи хэл халти мөлт гадарладаг хүнд хөвгүүд биш овоо дөнгүүр мэдлэггэй юмны наана цааныг гадарлахтайгаа болсон хүмүүсийг илгээдэг хэмээн хэн хүнгүй боддог. Харамсалтай нь, УИХ-ын гишүүний хүү хэмээх том тодотголын хажууд Монгол Улсын гадаад бодлого жижигдцэг байж таарах гээд байгаа юм.
Д.Лүндээжанцангийн дүү Осакад консул
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан. Харахад их л гоё хүн л дээ уг нь. Өвөрхайнгайчуудын дэмжлэггэйгээр парламентад чамгүй хэдэн жил суусан юм. Түүнийхээ ачаар Монголын туршлагатай парламентчдын жагсаалтад нэлээд дээгүүрт бичигддэг. Тэр ч утгаараа хууль энэ тэрийг гадарлах биш бүр доторлох хэмжээнд мэддэг болсны хувьд наад хэдийгээ бодвол овоо тулхтай үг хэлж ард түмнийхээ сонорыг мялаагаад байдаг юм.
Хувьдаа хуулийн дээд сургуультай гэдгээс өөр элдэв таагүй хэл аманд орооцолдоод байдаггүй болохоор хууль бус үйлдэл хийгээд нэр сүрээрээ далайлгасан элдэв бусармаг зүйлээс хол явдаг гэс олон хүн ойлгодог. Гэтэл шударга хуульч бас л шахааны хүнтэй. Тодруулж хэлбэл, тун саяхан Д.Лүндээжанцан эхнэрийнхээ дүү Батжаргалыг Осакад консулаар томилуулж Гадаад яамныхны нүдийг орой дээр нь гаргаж орхисон юм байна.
Хадам ахынхаа дэмжлэг авч дэвшсэн Батжаргалын хувьд бас ч хоосонгүй. Өмнө нь тус улсад байх манай Элчин сайдын яаманд худалдааны зөвлөх гэсэн алба хашиж байсан ч өндөр дээд албатай хамаатангүй бол тэгсхийгээд хугацаагаа дуусгаад буцаж ирэх ёстой байж л дээ.
УИХ-ын даргын охин Москвад
Гадаад улсад байх Монгол Улсын Элчин сайдын яаманд үр хүүхэд танил талаа харамгүй илгээсэн хүмүүсийн тоонд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч бас багтаж байна. Мэдээж амттай бас үр шимтэй бялуунаас хэн татгалзах вэ. Тэрбээр өөрийн охиноо Москвад суугаа Элчин сайдын яаманд улс төр хариуцсан дилломат ажилтан болгожээ.
Сургууль төгсөөд удаагүй охинд улс төр, тэр дундаа дэлхийн том гүрэнтэй улс төрийн талбарт хамтарч ажиллах бодлогыг боловсруулна гэдэг ахадсан томилгоо байж таарна. Их хурлын даргын охин учир энэ бүгдийг бусдаас илүү мэднэ гэж тооцсон байж болох ч өнөөх нь ажилдаа түүртээд ахицгүй байсан бололтой.
Иймээс аав нь дэмжлэг болгон “Миний охинд хань бараа болж, зааж зөвлөж байгаач” хэмээн Их сургуульд багшилж байсан Базархүүг өнгөрсөн оны аравдугаар сард явуулсан байна. Эх сурвалжийн өгүүлснээр Москвад байх манай улсын Элчин сайдын яаманд энэ мэт шахааны хүн зөндөө бий ч манай томчууд төрийн айлчлал хийлээ гэхэд хэлсэн ярьсныг нь алдаагүй орчуулчих ч хүн олдохгүй бөөн ажил болдог тухай цухуйлгасан.
Тэр ч бүү хэл, тус ЭСЯ-нд ном журмынхаа дагуу явсан хүн ердөө ганц байдаг тухай ч чих дэлсч л байсан.
Дээрх жишээнээс харахад Гадаад харилцааны яам болоод гадаад оронд Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайд, консул, дипломат ажилтнуудын олонхи нь манай гишүүдийн үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд болж таарч байгаа биз. Манай улстөрчдийн Элчин сайдын яамдад хийсэн шахааны талаар цухас дурдахад ийм байна. Мэдээж хэний хүү охин хаана байна гээд жагсаалтыг үргэлжлүүлбэл овоо урт болох нь гарцаагүй юм билээ.
А.Тэнгэр
Эх сурвалж: “Нүд & шуудан”
URL: