Эх орны хишгийг нийгмийн даатгал болгох төрийн луйвар-2

Иргэний үнэмлэхээ сунгуулах мөнгө тушаахаар дүүргийнхээ Иргэний бүртгэлийн хэлтэс дэх “Хадгаламж” банкинд дугаарлан зогслоо. Гал тогооны өрөөний дайтай жижигхэн бүгчим өрөөнд 30 гаруй хүн шавжээ.

“Нийгмийн даатгалын мөнгийг эх орны хишгээр төлөхөөр улсаас заавар ирсэн” гэсэн кассчны өмнөөс даатгуулагчид “Яахаараа миний мөнгийг миний зөвшөөрөлгүйгээр шийдчихэв”, “Нэгэнт л бид өөрсдөө төлөөд чадаад байхад төр ингэж байгаа нь бидний мөнгөөр ахиад л луйвар хийх гэж байгаа хэрэг биш үү” хэмээн бухимдаж харагдав. Цагаа үрэн байж хүлээгээд, мөнгөө төлөх гээд иртэл ийм хариу сонссон нь тэр.

“Чамд нэгийг, надад хоёрыг”
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.3-т “Иргэнд хувь, хишиг хүртээхдээ хүртээмжтэй, тэгш, шударга, үр ашигтай, олон нийтэд ил тод байх зарчим баримтална” гэжээ. Сангийн яамны 100 жилийн ойгоор хэмээн С.Баярцогт сайд сэтгүүлчидтэй уулзалт хийхдээ “Монголчууд баяжихад бэлдээрэй” хэмээжээ. Сайдын хэлээд байгаа өнөөх бэлтгэл нь хууль хэрэгжсэн цагт хангагдах нь тодорхой. Иргэддээ сар бүр өгч байгаа энэ хувь, хишиг нь хуримтлал болох учраас тэрээр ийн хэлсэн биз. “Өчигдөр нь өнөөдрийг тодорхойлдог” гэдэг үгийг санавал Сангийн сайдын хэлсэн нь үлгэр болох төлөвтэй.

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2010 оны урьдчилсан гүйцэтгэлийг энэ сарын 12-нд танилцуулсан. Өнгөрсөн онд нийгмийн даатгалд 576 мянган хүн шимтгэл төлж, даатгуулагчаар бүртгэгдсэний 61 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, үлдсэн нь төсөвт байгууллагынх байжээ. Харин нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 360 тэрбум төгрөгт хүрэв. Үйлдвэрчний эвлэлийн холбооны санаачилгаар нийгмийн даатгалын байгууллагуудыг 2007 оны сүүлээр гурван талын оролцоотойгоор шалгахад даатгуулагчийн нэрийн дансны орлогод тооцох жил жилийн хүүг буруу тооцоолсноос 209 тэрбум төгрөг дутуу бүртгэгдсэнийг тогтоосон билээ. Үүний дараа Засгийн газраас тэтгэврийн даатгалын санд эргэн төлөх өр тодорхой болж, дутуу төлөгдсөн санхүүжилтийг 236.3 тэрбум, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийг 1766.9 тэрбум төгрөгөөр тогтоосон.

Ичсэн нүүрэндээ төр 2010- 2013 онд багтаан энэ мөнгийг төсвөөс гаргаж, даатгалыг бие даалгахаар болсныг эргэцүүлье. Энэ мөнгө одоо хэр нь төлөгдөөгүй. Тэгсэн хэр нь энэ онд улсын төсөв анх удаа гурван их наяд төгрөг хүрлээ гэж дарга нар хэлэх үгээ олохгүй байна. Ард түмний төлөөлөл болоод сонгогдсон л юм бол юун түрүүнд бидэнд өрөө төлөх ёстой биш үү. Нийгмийн даатгал нэрээр иргэдээс авсан мөнгөө энэ оны төсөвт суулгаж өгөх нь хамгийн эхний зорилт нь баймаар. Гэтэл иргэн миний, таны хөрөнгийг өөрсдийнхөө үрэлгэн зарлагад шингээчихээд Сангийн сайд маань бидэнд “Баяжихдаа бэлдээрэй” гэж хэлж байна. “Чамд нэгийг, би өөртөө хоёрыг” гэгч болж байна гэхээс өөр тайлбар энд алга.

Эх орны хишгээр давхар даатгалд хамрагдаж, хуримтлал үүсгэж болно

Эх орны хишгээр иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд төрөөс санхүүжилт хийх нэрээр төсөвт эргэлдэх мөнгө нэмэгдэж байгааг эндээс харж болох нь. Гэтэл нийгмийн даатгалд бид сар бүр цалингийнхаа арван хувийг төлдөг ч эмнэлэгт эм, тарианы мөнгөө дийлдэггүй биш үү. Тэгсэн хэр нь иргэдийн өмнөөс хувь, хишгийг нь даатгалд хийчихсэн гэж төр данайж байна. Тайваний үндэсний Ян мин их сургуульд эрүүл мэндийн даатгалын удирдлагаар суралцаж буй оюутан Э.Хүдэрбат “Эрүүл мэндийн даатгалтай хүн Тайваньд хоёр ам.доллараар шүдний бүх эмчилгээ хийлгэдэг” гэж ярьсан.

Ийм л даатгал монголчуудад хэрэгтэй байна. Тиймээс иргэд өөрсдөө хувь хишгээ яагаад давхар даатгал бий болгоход зарцуулж болохгүй гэж. Төрд даатгалаа төлөхийн хажуугаар давхар өөрсдөө хувийн даатгалын компаниудад даатгуулах боломж нээлттэй байна. Яагаад манай ахмадууд барууны орны хөгшчүүл шиг хувийн даатгалын томоохон компаниудад даатгуулсныхаа хүчинд өндөр тэтгэвэр авч, эсвэл төрөөс олгож байгаа тэтгэврээс гадна илүү их хуримтлал үүсгэж болдоггүй юм бэ. Азай буурлууд маань, бас одоо даатгалд шимтгэл төлж байгаа залуучууд даатгалаараа хүссэн зүйлээ хийх боломж үнэндээ зөвхөн гадаадынханд заяасан “аз” биш гэдгийг төр монголчуудад ойлгуулахыг хүсэхгүй байгаад хамаг учир байна. Яагаад ганц төрд даатгуулсан нэр зүүгээд, төр нь даатгасан нэрээр луйвраа үргэлжлүүлэх ёстой гэж.

Үнэн хэрэгтээ ард нь ажил олгогч, хөдөлмөрчдийн хөлсөө дуслуулж олсон мөнгө төрийн халаасыг ийн түнтийлгэж байна. Бүх зүйлийг нь төр хариуцдаг энэ тогтолцоо хэзээ арилах вэ. Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчилнө хэмээн Сангийн яам мэдэгдсэн. Гэвч хэчнээн өөрчлөөд өнөөдрийн хэв маягаараа, төрийн алдсаныг ард түмний цалингаар нөхдөг жишиг хэзээ арилах вэ. Яст мэлхийн хурдтай сульдаа төрийн нүүдлийг ард түмэн нуруундаа үүрсээр явах уу?

Төрийн луйварт боломж бүү олго!
“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайн байхад нөлөөлөх тодорхой хэдэн хүчин зүйл байдаг даа. Эдгээрээс хамгийн гол нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, зардлын асуудал байдаг. Жишээ хэлэхэд, та шүдний эмнэлэг орлоо гэж бодъё. Зөвхөн 50 тайван доллар буюу хоёр ам.доллар л төлнө. Ингэсний дараа шүдний бүх эмчилгээ үйлчилгээг авна. Өөрөөр хэлбэл зураг авалт, ломбо тавиулах гэх мэт үйлчилгээнүүд нь үнэгүй болно. Энэ төлбөр, үйлчилгээ нь даатгалын байгууллагаас заасан журмын дагуу хийгддэг.

Та даатгалд хамрагдсан бол аль ч эмнэлэгт очсон яг журам нь адилхан, энэ нь хүмүүст их хүртээмжтэй байж чаддаг” гэж Э.Хүдэрбат ярьсан. Тэгвэл ийм баталгаат даатгалыг иргэд өөрсдөө төрөөс бус хувийн хэвшлээсээ олох цаг нэгэнт ирээд байна. Харин төр “Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчилнө”, эсвэл “Баяжихад бэлдээрэй” зэргээр луйврын сурталчилгаа хийхийн оронд юун түрүүнд иргэдэд өгөх өрөө төлөх ёстой. Иймд луйварчдад боломжийг бус хариуцлагыг нь үүрүүлье.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих