Г.Занданшатарын наймаа

-Тэрбээр Баянхонгорт өрсөлдөх байсан Л.Элдэв-Очиртой Элчин сайдаар тохироо хийжээ-

Л.Элдэв-Очироос салах арга хайсан Г.Занданшатар сайд албан тушаалаа ашиглахаар шийджээ. Эрх мэдэлд нь Элчин сайдын томилгоо байгаа нь Г.Занданшатарт том боломж.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тун ч зальтай эр юм. Тэрбээр Баянхонгороос УИХ-д хоёр дахиа сууж буй бөгөөд дархан гишүүн болоход нь саад болох нигууртай асар том гайг өөрөөсөө холдуулж дөнгөөд байгаа гэнэ. Энэ гай нь өрсөлдөгч намынх биш өөрийнх нь намд данстай, бас өөрөөс нь илүү мөнгөтэйд л хамаг учир байсныг эх сурвалж дуулгаж байна.

Ирэх сонгууль шинэ хуулиар явна. Ингэхээр түүний өмчилсөн Баянхонгорт ердөө хоёр мандат ногдож байгаа бөгөөд хонгор нутгийнхны үнэнч сонголт нь Ардчилсан намын Х.Баттулга гэдгийг ч залуу сайд хамгийн сайн мэдэж буй юм. Тиймээс “Женко”-той зуузай холбохын тулд намаасаа өрсөлдөгчгүй дэвших ёстой.

Өөрөөр хэлбэл, өөрөөс нь илүү танигдсан хийгээд нутгийн олонд өгөөжтэй гэдгээ зарлачихсан нэгэнтэй аяны дөрөө нийлэхгүйг бодох нь зүйн хэрэг. Гэтэл ирэх сонгуулиар Баянхонгорт хүч үзнэ хэмээн эртнээс бэлтгэж, энэ хооронд нутгийн олны төлөө хувийн буурай хөрөнгөө ч үл хайрлан зүтгэсэн улс Ардын намд нэг биш. Тэдний толгойд Монгол Улсын Засгийн газраар хувийн компанийнхаа ажлыг хийлгэж дөнгөдөг гэх MCS группийн гэх Л.Элдэв-Очир байгаа.

Ашиг орлого нь дундарч дуусдаггүй гэх “Спирт бал бурам” компанийг нь тэргүүлж асан тэрбээр одоо бол Монгол Улсын Ерөнхий сайдын Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын зөвлөх, МАН-ын Бага хурлын гишүүн. Жил жилийнх нь наадмаар 50-60 сая төгрөг гаргаж элбэг хангалуун баярлуулдаг, хүүхэд залуучуудын ордон байгуулахад хандив нэрээр аймагг нь гурван сая ам.доллар бэлэглэсэн, сум бүрт өөрийнх нь нэрээр үйл ажиллагаа явагдаж байдаг гэхчилэн Баянхонгорт тэр сүүлийн хэдэн жил чамгүй их хөрөнгө, цаг, хүч зарж ажилласан.

Зөвхөн тойрогтоо ажиллаад байсан ч юм биш. Намтайгаа тулж ажилласан. Нэр дэвших эсэхийг нь бараг дангаараа шийдэж магадгүй МАН-ын генсек У.Хүрэлсүхийн продюсерлосон гэх “Долоон бурхан жаргадаггүй” нэртэй уран сайхны киног бэлэн 100 саяар ивээн тэтгэсэн нь яг үнэндээ ирэх сонгуулийн бэлтгэл ажил байсан гэдэг.

Ийм хүчтэй өрсөлдөгч Л.Элдэв-Очироос салах арга хайсан Г.Занданшатар сайд албан тушаалаа ашиглахаар шийджээ. Эрх мэдэлд нь Элчин сайдын томилгоо байгаа нь Г.Занданшатарт том боломж. Тиймээс Л.Элдэв-Очирт УИХ-ын гишүүн байснаас гадаадад Элчин сайд байх нь MCS группийн ажил үйлст төдийгүй хувийн нэр хүндэд ч хэрэгтэй гэдгийг ойлгуулж дөнгөсөн байна.

Гэхдээ шуудхан тийшээ хэмээн тулгасан ч юм биш. Хэд хэдэн улсыг нэрлэн сонголт хийлгэсэн гэнэ. Шилж сонгох эрх олдсон дээр нь эрхэм MCS-чүүд ч өөрсөндөө хэрэгтэй газрыг онилох нь мэдээж. Тиймээс уул уурхайн акулуудын нутаг Канадыг сонгосон байна.

Нэгэнт сонголт хийсэн учраас Л.Элдэв-Очир ирэх сонгуульд нэр дэвшихгүй. Канадад суугаа Элчин сайд Залаа-Уул ч мөдхөн буцаж ирж халаагаа MCS-т өгөх хэрэггэй болж буй юм. Ингэснээр Баянхонгорт Г.Занданшатар ялалтынхаа замыг засч, MCS-ийн ноёд энэ нутагт зуу зуун саяар нь цацсан их мөнгөнийхөө оронд Канадад Монголыг төлөөлөх эрх олж, уул уурхай, эрдэс баялгийн салбарт эндээс орж ирэх мөнгөний урсгалыг хэтэвч рүүгээ хандуулах их боломжийг атгаж буй аж.

С.Мөнхтамга
Эх сурвалж: “Нүд & шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих