Ука: Уран бүтээл хийж л байвал хамтлагаараа байна уу, ганцаараа байна уу ялгаагүй

“Киви” хамтлагийн ахлагч Ука буюу Д.Уламбаяр өөрийн бие даасан анхны цомгоо гаргажээ. Тэрээр цомгоо танилцуулахаар “Чингэс хаан” зочид буудалд өчигдөр хэвлэл, мэдээллийнхнийг урьсан юм. “Киви” хамтлаг, продюсер Б.Ангирмаа, “Про саунд” студийн продюсер Рагу Раман, ая зохиогч Оки нарын хамт танхимд орж ирсэн тэрээр тод ягаан өнгийн пиджак, хар бариу өмд өмсч сувдан ээмэг, зүүлтээр гоёсон байлаа.

“I am in Love” нэртэй түүний анхны бие даасан цомог 12 дуутай. Цомгийн ажлыг Нью-Йорк хотын “Тһе Lodge” студийн продюсер Жое Лапорта хийжээ. Энэхүү студи нь хэдхэн хоногийн өмнө болсон Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас гурван төрөлд шагнал гардсан “Фу Файтерс” хамтлагийн инженерийнх нь студи юм гэнэ. Харин цомгийнхоо зураг авалтыг Парис хотод хийлгэсэн бөгөөд гэрэл зургийн хоёр ч студитэй хамтран ажиллажээ. Укагийн зургийг байгалийн зураг авалтаар дэлхийд алдартай Филип гэдэг гэрэл зурагчин авсан юм байна. Нүүр хувиргагч, үсний засалтуудыг мөн л Парисын нэртэй мэргэжилтнүүд хийж өгчээ. Харин имиж бүрдүүлэгчээр Б.Ангирмаа, Ука нар өөрсдөө ажилласан гэнэ. Цомогт багтсан 12 дууны найман дуун дээр нь тэрээр Оки гэдэг дууны ая, шүлэг зохиогч залуутай хамтран ажиллажээ. Оки өмнө нь “Киви” хамтлагийн уран бүтээл дээр хамтран ажилладаг байсан бөгөөд нэг ёсондоо тэднийхний уран бүтээлийн асуудлыг хариуцан ажилладаг нэгэн гэж хэлж болохоор ажээ.

Укагийн анхны цомогт “Хоосон”, “Hi Lady s”, “U and me”, “Танго”, “Тэнгэр хөгжим тоглосоор”, “Би нислээ” зэрэг дуунууд багтжээ. Ингээд тэд цомогтоо багтсан дуунуудыг танилцуулав. Одоогийн байдлаар зургаан дууг нь дүрсжүүлчихээд байгаа гэнэ.

Харин үлдсэн зургаан дууныхаа талаар Ука “Ангираа багш аа үлдсэн дуунуудаа бүгдийг нь дүрстэй болгомоор байгаа шүү. Хүсэлтээ олон хүний өмнө хэлчихье” гээд инээж байв. Түүний цомогт багтсан дуунууд нь жинхэнэ чанарыг мэдрүүлнэ хэмээн ярьж байлаа. Шинэ цомгийн талаар “Киви” хамтлагийн болон Укагийн продюсер Б.Ангирмаа “Бүтэн жил Укагийн цомог дээр ажиллалаа. Укагийн хувьд “тэвчээрийн тэнгэр” байсан гэдгийг онцлон хэлмээр байна. Францад очсон хойноо тэндхийнхнийг ёстой нэг гайхашруулж байлаа. Өдөржингөө зураг авалттай, нүүр амаа будуулаад ачаалал ихтэй байсан ч үргэлжийн инээмсэглэлтэй, эрч хүчээр дүүрэн байсан.

Францууд бүр “Чи яаж ийм их эрч хүчтэй байдаг юм бэ. Жинхэнэ уран бүтээлчдэд байх зан чанар чамд л байна даа” гээд байнга магтаж байсан. Ука тэдэнд хамтран ажиллах бүх л таатай зүйлийг бүрдүүлж өгч чадсанд хувьдаа их бахархаж байлаа” гэж байв.

“I am in love” цомог маш өндөр зардалтай бүтсэн бөгөөд ашиг олох ямар ч боломжгүй гэж байв. Яагаад гэхээр “Чанар, чанар, чанар” гэсэн уриатай ажилласан учраас “Hi Fi”-д худалдаалагдаж байгаа “халтуур”-ны цомгуудаас тэс өөр зүйл хийхийг хүссэн гэнэ. Түүний продюсер Б.Ангирмаа “Удахгүй “Киви” хамтлагийн цомог гарна. Таван дуутай. Одоо бид тоо хөөхгүй, чанар хөөх болно. Харин Укагийн цомгийн баярыг дулаарахаар хийх төлөвлөгөөтэй байна. Учир нь хүйтэнд гадаа хүүхдүүд  дугаарлаад зогсчихдог. Тиймээс дөрөв юмуу тавдугаар сард хийх байх” гэлээ. Харин түүний шинэхэн цомгийн талаар Рагу “Би   ганцхан   л   юм хэлье. Энэ цомог бол Монголын номер нэг саунд трактай цомог. Одоогоор энэ цомгийг гүйцэх мэргэжлийн цомог алга” гэж магтаад авна лээ.

Цомгийн талаар мэдээлэл хийсний дараа шинэ цомогт орсон “Би нислээ”, “Танго”, “Party man” дуунуудын клипийг үзүүлсэн юм. “Би нислээ”-гийн клип гарч байхад Ука “Яанаа би энийг ээжид үзүүлэхээс ичээд байсан ш дээ” гэж байв.

Ингээд шинэ цомгийнх нь талаар түүнтэй ярилцсан юм.

Би анхныхаа цомгийг мэргэжлийн өндөр түвшинд хийхийг үнэхээр их хүслээ. Тийм ч болж чадсан болов уу гэж бодож байна. Мэргэжлийн маш мундаг хүмүүстэй хамтран ажилласан болохоор өөртөө итгэлтэй байгаа. Дууны үг ч их гоё. Ялангуяа бүегүйчүүдийгээ сонсоод, үзээсэй гэж хүсмээр байна. Би дуугаа бичүүлж байхдаа маш олон зүйл сурсан. “Би дурласан эмэгтэй” болсон.

-Дурлалт залуугаа олсон гэж үү?

-Үгүй ээ. Тэр утгаараа биш л дээ. Дурлал гэхээр заавал эсрэг хүйсийн хүн байх албагүй шүү дээ. Би гэр бүлийнхнийгээ, хамтран ажиллаж байгаа хүмүүсээ, хажуугаар минь гүйж яваа бяцхан хүүхдийг өдрөөс өдөр ирэх бүр улам их хайрлаж байна. Тэр утгаараа би дурласан эмэгтэй.

-Тэгвэл уржигдар болсон Валентиний баярыг яаж тэмдэглэв?

-Өнөөдрийн арга хэмжээнд өөрийгөө бэлдэхэд зориулсан. Ганцаараа өнгарөөлөө.

-Француудтай хамтран ажиллах ямар байсан бэ?

-Бурхан миньүнэхээр гайхалтай. Ямар байсан гэж бодно. Өөрийгөө маш гоёор мэдэрсэн. Цаг агаар ч гэсэн маш таатай байлаа. Ер нь энэ цомгийн ажил цаанаасаа л бүтэмжтэй, бүх зүйл л бодсоноор минь, мөрөөдөж байгаагаар минь болж байсан шүү. Тэнд би долоо хоногийн турш ажилласан. Явахад маань хамтран ажиллаж байсан хүмүүс “Чамайг санана даа” гэж хэлсэн нь сэтгэл догдлуулж байсан шүү.

-Урьд нь хамтлагаараа уран бүтээл хийж байгаад одоо ганцаараа дуулах ямар санагдав?

-Маш их ганцаардсан. Хамтлагаа их санаж байлаа. Ялангуяа “Mongolian music awards” дээр танго бүжиглэж байхдаа ганцаардлыг маш их мэдэрсэн. Гэхдээ дуу хөгжим дандаа л надтай хамт байсан.

-Тэгэхээр цаашид хамтлагаараа уран бүтээлээ хийх үү. Эсвэл бие даах бодол байна уу?

Уран бүтээл хийж л байвал хамтлагаараа байна уу, ганцаараа байна уу гэдэг ялгаагүй. Гагцхүү тухайн уран бүтээл ямар болж вэ гэдэг л сонин. Би болоод намайг сонсож байгаа хүмүүс таашаал авч чадаж байвал хамтлагаараа байна уу, ганцаараа дуулна уу хамаагүй шүү дээ.

-Клип дээр үсээ хар, бор, улаан болгосон байсныг хараад мөн үү гэж гайхсан шүү. Ингэхэд таны үсний үндсэн өнгө ямар юм бэ?

-Би чинь судлагдаад л байгаа хүн шүү дээ. Өөрийнхөө дүр төрхийг байнга л өөрчилж, туршиж үзэж байдаг. Миний үсний үндсэн өнгө нүдний минь өнгөтэй адилхан бор.

-Түрүүн клип үзээд “Ээждээ үзүүлэхээс ичээд байна” гэж байсан. Ямар клип билээ?

“Рarty man” гэж дууны клип. Яахав дээ ээжийнхээ хажууд жаахан ичмээр юм ярихаасаа ч юм уу хүн чинь ичдэг ш дээ. Тэрэн шиг л. Дотуур хувцастайгаа бүжиглэхээр чинь ямар таатай байхав дээ. Гэхдээ манай ээж намайг ойлгодог л доо. Ядаж байхад нимгэн цагаан арьстайг хэлэх үү. Ув улаан болчихдог доо.

-Цомгийн зургийг харахад Монротой адилхан, бас зогсолт нь хүртэл адилхан харагдаад байна. Түүнийг дуурайдаг уу. Бас өөрөө адилхан гэж бодогддог уу?

-Тийм шүү. Адилхан гэж боддог. Би Мэрилин Монрог сонсох дуртай. Киног нь үзэх дуртай. Зураг авахуулах үед янз бүрийн поз аваад зогсохоор яагаад ч юм адилхан харагдчихаад байдаг юм. Гэхдээ шаргал үстэй хүмүүсийг Мэрилин Монрогоор төсөөлдөг шүү дээ.

-Хамтлагийнхаа уран бүтээлийн талаар ярихгүй юу. Шинэ цомог гаргаж байгаа гэсэн байх аа?

-”Киви” дараагийнхаа цомогт орсон байгаа. Миний цомгийн ажил дууссан учраас хамтлагийнхаа уран бүтээлд бүр илүү хүч зарцуулна. Саяын цомог дээр минь манай Намуунаа, Агий хоёр маань үргэлж хамт байж тусалж байсанд баярлалаа гэж хэлмээр байна. Дууны ард вокал хоолой хийхээс эхлээд ажил их байлаа. Одоо хамтлагийнхаа цомгийг өөрийнхөө цомгийн жишгээр маш өндөр чанартай хийнэ.

-Энэ ондоо багтаагаад ч юм уу Ука бие даасан тоглолтоо хийх болов уу?

-Бид нар хамтлагаараа арванхоёрдугаар сард тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Хамтлагийнхаа найман жилийн ойд зориулан тоглоно. Миний бие даасан тоглолтын хувьд одоо хэлэхэд арай л эрт байна.

С.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих