МАХН гэсэн товчлол худалдаж авна
Зарлал: МАХН гэсэн товчлол худалдаж авна. Дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн минь утас руу өглөө, орой, үдэш, шөнө,
үүр цүүр хэзээ ч хамаагүй утасдаж авч болно. Хэрэв та бэл багатай ч бэлчээр томтой болохыг хүсдэг бол цаг алдаад хэрэггүй. МАХН гэсэн товчлолыг арвижуулж, улс төрийн арвин баян намтарт өөрийнхөө нэрийг мөнхлөхийг чин сэтгэлээсээ хүсч л байгаа бол шууд залга.
Учир нь, ажил төрлийнхөө завсар чөлөөгөөр иймэрхүү бизнест зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, жаахан ажил хийх санаатай байгаа маань энэ. Та бүхэн бидэнтэй холбогдохоосоо өмнө нэг нэр байна гэж ганц хувилбар дээр тархиа гашилгах хэрэггүй. Заавал сайн сайхан утгатай ч байх шаардлагагүй. Гол нь МАХН гэсэн товчлол өнгөн талаасаа шууд нүдэнд бууж, тархинд зурагдахуйц байхад л болно. Нэг хүний ард нэг бус нэлээд хэдэн нам байж болоод байхад юунд ч битгий эргэлзээрэй. Эрх мэдэлтнүүдэд л зөвхөн хууль үйлчилдэггүй юм биш шүү дээ. Монгол Ардын намд яг одоо үүн шиг хэрэгтэй бараа, бүтээгдэхүүн гэж байхгүй болчихсон байгаа.
Энэ үед боломжийг алдвал ёстой л амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэгч л болно байх. Иймд ашиг нь атганд тань тэр даруйдаа эргэлдэх энэхүү ашигтай бизнес рүү аав ээж, ах эгч, ах дүү хамаатан саднаа бүгдийг нь татан оролцуул. Хүсвэл сүлжээ хэлбэрээр хэлхээ ч үүсгэж болно. Хамгийн гол нь Монгол Ардын нам аль хэдийн “МАХН гэдэг товчлол худалдаж авна” хэмээн ил тодоор биш ч эргэцүүлж боддог хүнд шууд л хэлчихсэн байгаа шүү дээ. Ойрын мэдээллээс харахад тус намын залуу гишүүд дор бүрнээ нэгийн зэрэг МАХН гэдэг товчлолыг зохиож, намдаа нэмэр хандив оруулах үүрэг хүлээсэн бололтой юм билээ.
Нэг хүнийг заавал нэг, товчлол бодож ол гэж эрхийг нь хязгаарлахгүй байгааг бодоход Ц.Шинэбаяр хэмээх эрхмээс өрсч МАХН гэдэг товчлолыг Монгол Ардын намдаа үлдээхийн тулд тэд юу эсийг ч хийхэд бэлэн гэж ойлгож болно. Монголын ардчилсан хөгжлийн нам, Монголын ардчилсан хөдөлмөрийн нам, Монголын ардын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хүмүүнлэгийн нам, Монголын ардын хувьсгалчдын нам, Монголын анхны хувьсгалчдын нам, Монгол ардын хүмүүнлэгийн нам, Монгол ардын хамтын Нам, Монголчуудын амьдрал хөгжүүлэх нам, Монгол ардын хөдөлмөрчдийн нам…
Алиа гэмээр энэ социализмын үеийн уриа лоозонгийн утга бүхий дээрх нэрийн араас та өөрийнхөө үргэлжлэлийг нэгтгээд Монгол Ардын намд оч. Утга нь нэг их чухал биш учраас Монголыг аймшиггүй хулхидагчдын нам, Монгол ардын хөгжилгүй нам, Монголын алдарт хуйвалдагчдын нам, Монголын ардыг хөгжөөх нам… 3а юу эсээр нэрлэж болно гээч. Зохиосон нэр тань эцсийн бүлэгт МАХН гэсэн товчлолтой, хаанаас нь ч харсан, уншсан, зурсан, бичсэн давхцаж байхад л хангалттай. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 90 намын 19 нь өнгөрсөн долоо хоногт мэндэлжээ.
Адилтгах хоёр том хүчин зүйл нь Монгол ардын намд бүртгэлтэй залуус үүсгэн байгуулагч нь, бас МАХН гэсэн товчлол байна билээ. Цаашид ч энэ төрлийн зарлал үнэд хүрч, энэ зэргийн санаачилга эрэлт ихтэй байх нь тодорхой. Учир нь, Ц.Шинэбаяр гишүүн Монголын алдарт хувьсгалт нам гэгч шинэ улс төрийн хүчнээ бүртгүүлж, ирэх сонгуульд энэ бол МАХН гэдэг товчлолд хамаг итгэл найдвараа тээж оролцох хүртэл энэ бүхэн үргэлжилнэ гэдэгт битгий эргэлзээрэй. Энд бас онцолж хэлэх нэг чухал зүйл нь та шинэ нам бүртгүүлэхдээ “Би өөр улс төрийн намын гишүүн шүү дээ” гэж айх хэрэггүй. Анх тогтсон жишиг нь Монгол Ардын намын залуу гишүүд тус намынхаа гишүүн, шинэ намынхаа үүсгэн байгуулагч гээд явж болоод байна шүү дээ.
Уг нь Улс төрийн намын тухай хуульд Монгол Улсын иргэн нэг намын бүртгэлтэй байна гэсэн заалт байдаг. Гэтэл одоо нэр бүхий нөхөд 2-4 намтай болчихсон тууж яваа. Үүнийгээ “Зөвхөн нэр төдий л” хэмээн тайлбарлаж байгаа ч тус хуульд “нам” гэсэн төгсгөл залгасан бүх улс төрийн байгууллагыг намын статусаар авч үзэх утга бүхий заалт байх юм билээ. Дээр нь, нам байгуулахдаа зохион байгуулах их хурлыг хуралдуулах ёстой. Заавал орон нутгаас төлөөлөгч оролцуулах хэрэгтэй. Заавал намыг бүртгүүлэхдээ тухайн намын даргын гарын үсэг бүхий өргөдөл байх ёстой гээд л… 3айлшгүй гэх дүрэм, журам олон бий. Хамгийн чухал нь 801 хүний гарын үсэг, регистрийн дугаар, иргэний үнэмлэх хэрэгтэй.
Одоогийн байдлаар Монгол Ардын намын залуусын “өндөглүүлсэн” МАХН гэх товчлол бүхий улс төрийн намын тоо 19-д хүрсэн гэж бодохоор 15 мянга 219 хүний гарын үсэг цуглуулсан гэсэн үг. Магадгүй нэг хүн нэлээд хэдэн нэр эзэмшчихсэн болохоор улс төрийн намыг байгуулахад ашигладаг 801 хүний гарын үсэг ч дараа, дараагийн нам дээр солигдоогүй байж болох. Гагцхүү энэ бизнес рүү татагдан орох хүсэлтэй хүн бүрийн өмнө “МАХН гэдэг товчлол худалдаж авна” гэсэн зар хүчин төгөлдөр байгаа гэдгийг битгий мартаарай. Тэнд Ц.Шинэбаяр гишүүн ердөө л Монголын алдартай хувьсгалт нам, Монголын алдарт хувьсгалт нам гэсэн хоёрхон нэр дээр мунгинаад байгаа болохоос бус уг нь манай үгийн сан асар арвин, баялаг шүү дээ.
Эцэст нь сануулахад хэн нэгэн танд “Улс төрийн намын тухай хуульд намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхыг хуулиар хориглоно” гэсэн заалт байдаг гэж том дуугарч магадгүй. Тэр үгэнд битгий итгээрэй. Итгэж, гэнэн царайлахын оронд “Би Монгол Ардын намын залуустай л адилхан” гээд хэлчих. Тэгэхэд л болно. Бүх асуудал таны талд шийдэгдэж, Монгол Ардын намын хаалганы өмнө “МАХН гэдэг товчлол худалдаж авна” гэсэн зарлалын дагуу дугаараа аваарай. Гол нь цаг алдаж болохгүй шүү.
Г.Отгонжаргал
Улс төрийн тойм
URL: