Mиний мэдэх Хрущевууд

Би эхнэртэйгээ хамт Москвагийн их сургуульд сурч байсан одоогоос 30 жилийн тэртээх үе. Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 30 гаруй мянган оюутантай эрдмийн энэ их том уурхайд Монголоос бид зуу шахуулаа байсан ч факультетууд болоод оюутны байрууд нь өөр өөр газар байсан болохоор бие биеийгээ төдийлөн сайн таньдаггүй байлаа. Олны танил болсноос нь тоочвол Үндсэн хуулийн цэцийн  Д.Бямбадорж, нийслэлийн орлогч Да. Ганболд, эрхэм гишүүн З.Алтай, талийгаач С.Зориг асан гээд бид МГУ-гийн нэг үеийнхэн.
Манай Биологи-хөрсний факультетэд гэхэд л Цэдэнбал даргын Зориг гэх даруухан дуугүй залуу сурдаг байсан боловч бид хоёр хааяа энд тэнд тааралдахдаа мэндийн зөрөө ч үгүй өнгөрнө. Аргагүй ш дээ, тэр том даргын хүү харц ардын мань мэттэй юугаа ярихав дээ гэж бодогддог байлаа. Гэвч одоо бодоход мань хүн намайг бараг монгол ч гэж мэддэггүй л байсан болов уу. Харин миний авгайгаа болгоод авчих санаатай араас нь гүйж байсан Сэтгэл судлалын факультетэд сурдаг Булгаа маань нэг удаа “надтай нэг ангид нөгөө мундаг Хрушевын ач хүү Никита сурдаг” гэж ярихыг сонсоод хэзээний сониуч зандаа хөтлөгдөн уулзаж танилцахын хүслэн болдог байж билээ.

Нэг өдөр Булгаатайгаа хамт оюутны гуанзны бужигнасан олны дунд очерлоод зогсож байтал тохойгоороо нудраад “өнөөх чинь энэ ш дээ” гэж байна. Харсан чинь загзгар том толгойндоо  өтгөн шар үстэй л болохоос яг л тэр чигээрээ өвөө Хрущев дүрээрээ мөөн. Намхан, пагдгар бүдүүн биетэй, чанга чанга хашгичсан, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, хэнтэй ч хамаагүй ярьж хөөрсөн, хөөрхөн ааштай залуу анх нүдэнд минь ингэж буусан юм. Бал даргын Зоригоос “томоор” төсөөлж байсан хүн маань ийм далангүй эрвэж цэрвээд байхааргүй цайлган залуу санж. Москвагийн төв дэх  жижигхэн хоёр өрөө байрандаа ангийнхаа оюутнуудаас хэнийг нь хэдээр нь ч хамаагүй дагуулж очоод байгаа л бүх юмаараа дайлж цайлах дуртай нэгэн байж л дээ. Ялангуяа Монголоос ирсэн гэдгийг нь сонсоод манай хүнд бол бүр их сайн, “мэдэхгүй чадахгүй зүйл байвал ичиж зоволгүй хэлээрэй, чадах ядахаараа тусална шүү” гээд л харайлгаж явдаг хүн гэдгийг нь сонсоод түүнтэй танилцаж ярилцахад надад нэг их хүндрэл гараагүй юмдаг.
60-аад оны үед ЗХУ бүү хэл дэлхий дахиныг нэг үе бужигнуулж явсан Хрущевын хүүг Сергей гэдэг бөгөөд  одоо тэр өвгөн 90-ээд оны үед АНУ-д цагаачилж гараад тэндхийн иргэн болон амьдарч байгаа гэсэн. Товчхоноор тайлбарлахад тэр хүн хүүдээ мөн орос заншил ёсоороо  аавынхаа нэрийг хайрласан учраас бидний үеийн ач хүү нь бас л өвөөгийнхөө нэгэн адил Никита Сергеевич Хрущев болчихсон хэрэг. Гэтэл бидний найз Никита маань Америк руу гарчихсан аав ээж рүүгээ ч очихыг хүссэнгүйь эхнэр хүүхэд ч үгүй ганц бие Москва хотынхоо нөгөө л жижигхэн байрандаа даруухнаар амьдран “Московские Новости” сонины газар ажиллаж байгаад бурхан болсныг саяхан сонсоод харуусах сэтгэл төрж энэхүү бяцхан дурсамжаа тэрлэж сууна. Түүнийг  зуурдаар  бие барахад нь очсон найз нөхөд нь Никита нөгөө л байрандаа, хуучин диван ор, ширээ сандал, зурагтаа ч солиогүй, тэр бүү хэл компьютер ч үгүй байгааг нь хараад гайхсан гэж ярьж байсан юм. Цааш нь олон тайлбар нуршилгүйгээр Никита маань тэр үед өвөөгийнхөө тухай зарим нэг онигоо ярьж байсныг зарим энэ дашрамд уншигчиддаа хүргэвэл сонин байх болов уу.
60-аад оны үед Хрущев дарга орон нутгаар явж Сталины дахин шүтэлт, түүний үйлдэж байсан их хэлмэгдүүлэлт хүчирхийллийн тухай байнга яриа таниулга хийдэг байж л дээ. Нэг удаагийн уулзалтан дээр хуран цугларагсдын дотроос асуулт бичгээр ирж гэнэ. Никита Сергеевич туслахынхаа гараас нөгөө бичгийг нь шувт татан булааж аваад шууд өөрөө чанга дуугаар унштал “Та тэр үед өөрөө Сталины яг дэргэд нь ажилладаг байсан, тэгэхдээ юугаа хийж явсан юм бэ?” гэсэн байж. Хурлын заал ч нам гүм болж гэнэ. Хрущев хэсэг дуугүй болсноо “Энэ асуултыг тавьсан хүн одоохон босоод ир” хэмээн нөгөө л чанга дуугаараа зандчиж. Мэдээж хэн зориглож босох вэ дээ. “Би тэр үед яг чам шиг амьтан байсан юм” гэж хэлээд бөөн инээдэм болж байсан гэдэг.
Иосиф Сталины олон жилийн их яргалал хэлмэгдүүлэлтийн талаар 1956 онд болсон ЗХУКНамын ХХ их хурал дээр анх удаа зоригтойгоор дэлгэн тавьж, тэр үед нөгөө Берия гэгч шулмын шууд удирдлаган доор ажилладаг “махны машин” ГУЛАГ-ийн шорон гяндангуудад тарчлан зовж байсан сая сая хүнийг суллан эрх чөлөөний нарны сиймхийг эх нутагтаа авчирсан  Никита Хрущевын ачийг Оросын ард түмэн хэзээ ч мартдаггүй.
Энэ хурлын өмнөхөн намын томчуудын нөлөө бүхий удирдагчдын нэг Микоян “Нөхөр Сталины хийсэн зарим нүгэлтэй бид хоёр ч бас холбоотой шүү дээ” гэж сануулахад нь “Эрт орой хэзээ нэгэн цагт энэ асуудал сөхөгдөж л таарна, ийм учраас бид одоо л үүнийг хийх ёстой” гэж ятгаж байж зөвшөөрүүлсэн тухай өвөөгийнхөө яриаг ач хүү нь  бидэнд дурсаж байж билээ.  Чухам Хрущевын л үед оросын сая сая иргэд өөрийн гэсэн орох оронтой болж, сансарт Гагарин нисэж, атар эзэмших их аян орон даяар өрнөж, оросууд талх тарианы дутагдлаас гарсан юм. Гэхдээ Баруун Берлинийг гадаад ертөнцөөс тусгаарласан зузаан хана бариулан Герман үндэстнийг одоогийн Солонгос шиг хоёр хуваасан, Польш,Унгарт болсон ард түмний тэмцлийг танкаар нухчин дарсан, Сталиныг буруутгаснаасаа болж Мао даргатай  Бээжинд ирж миартлаа муудалцаад Хятадуудыг өөрөөсөө түлхсэн гэх мэтийн түүний тарьсан олон гэм нүглийг нь  өршөөхөд ч бас хэцүү. Хамгийн аюултай нь Фидель Кастрогийн Кубад хийсэн төрийн эргэлтийг нь дэмжин Оросын алсын тусгалтай пуужингуудыг “эрх чөлөөний арлыг” тойруулан байрлуулснаас  болж Карибын тэнгист том дайн дэгдэх дөхсөн ба тэр үеийн Америкийн ерөнхийлөгч Жон Кеннеди буулт хийн зохицуулж байж зогсоосон гэж ярьдаг.
Мөн тэр үед мань эр Сталиныг өмөөрснөөсөө болж өөдөөс нь зөрүүдэлсэн Жуков жанжныг Батлан хамгаалахын сайдаас чөлөөлж, мөнөөх мулзан Молотовыгоо бас хусаад Монгол руу элчингээр “цөлж” байжээ. Тэр нь Монголд ирэнгүүт Сталины хөшөөг нэн даруй буулгах Хрущевын зарлигийг дуулгатал Цэдэнбал дарга тэргүүтэн урьдаас нь олон тайлбар тавиад үгэнд нь ороогүй юм байх. Тэр үед Сталины шарилыг Лениний мавзолейгаас гарган Зөвлөлтийн республикууд тэр бүү хэл Зүүн Европын соц. орнуудад  байсан Сталины бүх хөшөөг буулгаж, түүний нэрээр нэрлэгдсэн хот тосгон гудамж талбайн нэрийг солих Хрущев даргын даалгавар хаа сайгүй хууль мэт  биелэгдэж байж л дээ. Элчин сайд Москва руу буцаж нисэж очоод Монголчуудын зөрүүдлэлийн талаар илтгэхэд нь Хрущев Молотов руу нэг муухай хялайснаа “Пускай он там торчит” гэсэн гэдэг яриа ч байдаг. Үүнийх нь үр дүн ч болсон байж магад яг тэр үеэр Бал  даргын өөрийнх нь төрсөн газрыг нь хүртэл оруулаад баруун хойд нутагаасаа бараг хагас сая шахам га газраа Оросуудад алдсан гашуун түүх үнэн билээ.
Нэгэн үед нилээд дотносож байсан нөгөө Молотовтойгоо өвөө нь яагаад гэнэт муудалцсаныг нь Никитагаас асуухад “Хайртай эхнэрийг нь ямар ч учир шалтгаангүйгээр барьж аваад шоронд хийчихсэн харгис алуурчныг дагаад навсаганаад яваа амьтанд чинь хэн дуртай байх билээ гэж хэлснээс үзэхэд хүн чанарынхаа хувьд өвөө нь ямаршуу хүн байсан нь бас харагддаг.
Хрущев даргын онигоо тасрана гэж ер үгүй. Сталиныг дахин шүтэлт хэтэрч байсныг нь баруун солгойгүй шүүмжилж байсан хирнээ өөрөө хэдхэн жилийн дотор хэн болгон нь хүртээд байдаггүй  баатрын алтан таван хошуу одон дөрвийг энгэртээ зүүлгээд авч, мөн энд тэндгүй явж хаа хамаагүй  бурах болгондоо нам ингэж үзэж байна, нам тэгж байна гэж яриад өөрөөсөө гадна  Ко намынхаа нэр хүндийг давхар унагаад эхэлсэн юм билээ.
1959 онд Н.Хрущев ЗХУ-ын удирдагчдаас түүхэндээ анх удаа их зохиолч А.Шолоховыгоо дагуулаад  Америкаар баахан явж гэнэ. Айлчлалын төгсгөлд ерөнхийлөгч Д.Эйзенхауэр их л доогтойгоор “За ноён Хрущев манай америкууд танай оросуудаас арай дээр амьдарч байгааг харав уу” гэж гэнэ. Тэгэхэд нь угаасаа гүйлгээ ухаан сайтай Хрущев тоох ч үгүй царай гаргаад “Хм, за то у нас цирк лучще” гэсэн гэдэг.
Тэрхүү айлчлалын дараагаар Хрущев уур шарандаа Америкийг арван жилийн дараа хөгжлөөрөө гүйцэж түрүүлнэ, хөгжингүй коммунизмыг өнөө маргаашгүй байгуулна хэмээн үлгэр мэт төлөвлөгөө гаргаж тэр мөрөөдөлдөө автан энд тэндгүй хамтрал коммун хэдэн зуугаар нь байгуулж, эрдэнэшиш тариулж, газар сайгүй гахайн ферм буй болгож гайгүй сайн бужигнуулсан даа.
Нэг удаа мань эр ээлжит гахайн ферм дээр очингоо хоёр том цагаан бодон хүзүүдэн дунд нь явгалж сууж байгаад патиараа татуулчихаж. Нөгөө зургийг нь “Правда” сонины эхний нүүрэн дээр тавих болоод явчихсан чинь хэн ч оносон нэр өгч чаддаггүй гэнэ. Ямар “Никита Сергеевич среди свиньи” гэлтэй нь биш, бодож бодож яахаа мэдэхгүй болсон сэтгүүлчид ерөнхий рүүгээ гүйж очоод зурагаа юу гэж нэрлэхээ асуутал “Второй слева Никита Сергеевич” гээд биччих гэж хэлсэн гэнэ лээ гэж Никитаг ярихад нь бид татаж унатлаа хөхрөлддөг байсансан.
Хамгийн том аюул нь тэрээр 1960 оны 10-р сард болсон Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр уурандаа НҮБ-ийн индэрийг шаахайгаараа нүдэн “Холуи империализма, Я вам покажу Кузькину мать” гэж хашгирчихаад буцаж ирэнгүүтээ жилийн дараа устөрөгчийн бөмбөгийн аймшигт туршилтыг анх удаа гэнэт хийлгэж дэлхий нийтийг цочирдуулсан явдал. Курчатов, Сахаров нарын хамтын бүтээл болох “Царь бомба” хэмээн нэрлэгдсэн энэ ганц бөмбөгийн дэлбэрэлтийн хүч нь 50 мегатонн буюу эх орны II дайны  үед хэрэглэсэн бүх тэсрэх дэлбэрэх бодисыг нийлүүлснээс хоёр дахин хүчтэй байсан гэж судлаачид сүүлд нь тооцсон байдаг. Бөмбөгийг турших үеэр Хойд туйлын ойролцоох “Шинэ газар” гэх том арал дээр нар мандахтай адил хурц гэрэл гарч, газар хөдөлсөнтэй адил доргилт болсон гэж тэмдэглэгдсэн нь ч буй. Ингэж  барууны удирдагчид тухайн үед орчуулагчийн чадваргүйгээс түүний “Кузькина мать” гэж чухам юу хэлээд байгаагий нь сайн мэдээгүй явсан нь энэ бөмбөг болж таарлаа гэж ойлгонгуутаа Хрущеваас үнэхээр үнгэлцгээ  хагартлаа айдаг болсон гэлцдэг юм. Хрущевын даалгавраар устөрөгчийн бөмбөгийг бүтээлцсэндээ харамсаж, үхэн үхтлээ толгой руугаа шаасан хүн бол хожим нь хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч болсон их эрдэмтэн Андрей Сахаров байсан бөлгөө.
1964 онд намын шинэ удирдлагууд нь нууцаар маш сайн зохион байгуулалт хийсний үр дүнд түүнийг гэнэдүүлэн “авч хаясны” ачаар Зөвлөлтийн ард түмэн дараагийн 20 жил амар жимэр аж төрөх “Л.И.Брежневын зогсонги үе” эхэлсэн гэх ажгуу.
Иосиф Сталины зарлигаар Чечень-Ингушетийн хэдэн зуун мянган иргэдийг Казахстан руу хомроголон цөлснийг нь  Никита Сергеевич 1957 онд чөлөөлж, эх нутгийнх нь хил хязгаарыг дахин тогтоосон түүхэн гавьяаг нь үнэлэн ард олны бараг 100 хувийн саналаар Грозный хотын төв талбайг 1991 онд түүний нэрэмжит болгож байлаа. Одоо Москва хотын Новодевичийн оршуулгын газарт түүний хийсэн ариун буянтай үйлс, алдаа дутагдлыг нь дэнслэх мэт хар цагаан гантигаар тойруулан босгосон сүрлэг сайхан хөшөөний суурин дээр амьд цэцгийн баглаа тасардаггүй юм билээ.
Ш.Пүрэвсүрэн     2011-1-15


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих