У.Хүрэлсүх хэл амаар доромжилжээ

МАН-ын бүлгийн хурал тарах үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар ам зөрөлдөж, нударга зөрүүлэх дөхжээ. Өчигдөр 13 цаг өнгөрч байхад бүлгийн хурал удахгүй завсарлах нь, мэдээллээ хийх байх гээд сэтгүүлчид танхимынх нь үүдэнд хүлээгээд зогсч байлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр хоёр түрүүлэн гарч одов. Гэтэл танхимд чанга чанга дуугарч, хэрэлдэж байгаа нь сонсдож эхэлсэн юм. Хаалганы ойролцоо зогсч байсан сэтгүүлч У.Хүрэлсүх Д.Тэрбишдагва гишүүнийг заамдчихсан байгаа юм биш үү гэсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татаж, тэр дороо бүчив. Гэтэл хамгаалалтын албаны ажилтан хаалгыг хааж, бүлгийн хурал хаалттай болдог гээд холдохыг сануулсан юм.

МАН-ын бүлгийн хуралд намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэр бүр суугаад байдаггүй. Онцгой асуудал эсвэл бүлэг, Удирдах зөвлөл нийлж суугаад зөвлөлдөх, ярилцах шаардлагатай гэвэл өргөтгөсөн хуралдаан хийдэг. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өчигдөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарт намын шинэ бат илэрхийлэхийг гардуулах, намын дарга С.Батболдод хүргүүлсэн шаардах бичгийн талаар ярилцахаар бүлгийн хуралд ирж   оролцжээ.

Дээрх хоёр гишүүн Соёлын төв өргөөнд болсон бат илэрхийлэх гардуулах ёслолд ч очоогүй төдийгүй, МАН-ын шинэ үнэмлэхээ авалгүй бултаад байсанд нь Ерөнхий нарийн бичгийн дарга нэлээд бухимдалтай байсан гэнэ. Өнгөрсөн баасан гаригт Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ нар Ерөнхий сайдад хандан бичиг илгээж Онц их хурал зарлахыг шаардсан аж. Шаардах бичгээс үүдэн бүлгийн хуралдаан завсарлах дөхөж байтал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн У.Хүрэлсүхтэй ам зөржээ. Тэрбээр “Та нарын хэтэрхий хуучинсаг арга барилаас болоод нам бутрах  нь. Эв зүйгээ олоод явчих асуудлыг дэвэргээд л. Шинэбаярыг буланд шахаад, элдэвлээд байх ямар хэрэгтэй юм” гэсэнд У.Хүрэлсүх уурсаж “Шинэбаярынхаа араас яваарай, чамайг ална, муу новш минь” хэмээн омогдож ёворч түлхжээ. Гэтэл Ц.Батбаяр гишүүн “боль, боль” гээд Ц.Даваасүрэн гишүүнийг сугадан авч гарч одсон гэнэ. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ц.Даваасүрэн гишүүнийг өмөөрч “Хэн болоод хүн алж талах гээд байгаа юм” хэмээн маргалдаж ана мана авалцсан гэнэ. МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан тэр хоёрыг “больцгоо” хэмээн зандарч салгасан юм байх. Д.Тэрбишдагва гишүүн “Хууль хяналтын байгууллагад хандана даа” гэж амандаа үглэсээр танхимаас гарч ирэв.. Түүнээс ямар шалтгаанаар хууль хяналтын байгууллагад хандах гэж байгаа юм бэ гэхэд “Хэл амаар доромжилсон” гэснээс өөр тайлбар хийсэнгүй. МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцангаас У.Хүрэлсүх бүлгийнхээ гишүүдтэй гар зөрүүлээд байгаа юм уу гэхэд “Зодолдсон зүйл байхгүй. Бүлгээр хэлэлцсэн асуудлаас болоод ам зөрсөн. Иймэрхүү зүйл байж л байдаг” гэв. Асуудлаа хэлэлцэж дуусаагүй гээд үдээс хойш МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдсан юм. Дугаар шилжих мөчид тараагүй байв.

Д.ДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих