Арабын хувьсгалыг “мөрөөдөж” мэргэн буучид бэлтгэх санал гаргажээ
Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурал дээр Ж.Энхбаяр хоёр рот цэрэг тусгайлан бэлдэх тухай санал гаргасан гэнэ. Энэ хоёр рот цэргийг тэрбээр 2012 оны сонгуулийн дараа үймээн дэгдвэл иргэдийг хүчлэн тараахад зориулах аж. Зөвлөхүүд нь энэ саналыг хүлээж авч дэмжсэн сурагтай. Харин Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал н.Бямбажав “Тэгж арай ч болохгүй байх” хэмээн эсэргүүцсэнээр энэ асуудал тэгсхийгээд өнгөрчээ. Хэрэв Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр дээрх саналаа хэрэгжүүлбэл нулимс асгаруулагч, химийн хорт хийнээс авахуулаад хутга, жад буугаар агссан орчин үеийн бүхии л зэвсгээр зэвсэглэсэн тусгайлан бэлтгэгдсэн цэргүүд иргэд рүү дайрна гэсэн үг юм.
Гурван салаа цэрэг нийлж байж нэг рот болдог. Нэг салаа цэрэг гэдэг дунджаар 30 хүнтэй байдаг аж. Нэг рот гэхээрээ 80-90 хүн байх тооцоо гарч байгаа юм. Үүн дээр рот хариуцах офицеруудын тоо ч нэмэгдэнэ. Тэгэхээр хоёр рот цэрэг нийлээд 180 гаруй хүн болж таарах нь. Ийм хэмжээний хүнийг иргэд рүү турхируулах зорилгоор бэлдэх аж. Ж.Энхбаярын хүсч байгаа шиг зүйл болбол иргэд л хохирно. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа иргэд жагсаж тэр нь улмаар үймээн болж таван хүн бууны суманд оногдож амиа алдаж, олон хүн шархадсан. Энэ үйл явдал монголчуудын хувьд гашуун туршлага болсон. Гэсэн хэдий ч энэ жилийн сонгууль шударга болохгүй бол иргэд дахиад жаг-сана. Харин тэр үед зэвсэглэсэн цэргүүд ард түмний өөөөс босох нь.
Салбарын сайд нэг ёсондоо Арабын хувьсгалыг “мөрөөдөж” мэргэн буучид бэлтгэхийг санаархаж байна. Сонгуулийн дараа Арабын хувьсгал шиг жагсаал цуг-аан өрнөвөл зэвсгийн хүчээр дарж төрийн эргэлт хийх зорилго агуулагдав уу. Түүний энэ саналыг Үндэсний аюулгүй байдлынхан анхааралдаа авах нь дамжиггүй биз ээ. Арабчууд өлссөндөө бус шударга ёс алдагдсаны төлөө хувьсгал өрнүүлсэн. Эрх баригчид энэхүү хувьсгалыг цэргийн хүчээр дарахыг оролдож байсан. Дараа нь оросууд хулгайлагдсан саналынхаа төлөө нэгдэж В.Путин, Д.Медведев нарын ноёрхлын эсрэг зоригтойгоор жагссан. Дэлхийн хэвлэлийн агентлагууд тухайн үед ОХУ-д Арабын хувьсгал хэдийнэ салхилсан гэж үзэж байгаа юм. Москва найтаахад Монголд ханиад хүрнэ гэгчээр Арабын хувьсгал Монголд гарч магадгүй гэж болгоомжлогчид байгаа бололтой. Тэр тусмаа Батлан хамгаалахын сайд энэхүү хувьсгалыг урьдчилан хараад буу зэвсэг бэлдээд байна уу гэлтэй.
Д.ТАНА
Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН
URL: