МАН-ын гишүүд МАХН-ынхныг өмөөрч ил захидал бичжээ
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар өнгөрсөн баасан гаригийн орой намынхаа дарга, Ерөнхий сайд С.Батболдод нэгэн ил захидал илгээжээ. МАХН-д үлдэгсдийг өмөөрч тэрхүү захидлыг бичсэн байна. МАН болсноос хойш намын нэрээ хуучнаар нь авч үлдээд, үзэл баримтлал үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр зүтгэж буй МАХН-д үнэнч явсан хэсэг нөхөд бий. Гэвч тэднийг энэ байр сууриа илэрхийлсэн цагаас эхлэн МАН-ын удирдлагууд элдвээр дарамтлан дайрч давших болсон нь ёс жудгаа ч бодсон хүн ёсны бус зүйл гэдэг санааг дээрх гишүүд тэрлэсэн захидалдаа өгүүлжээ. Нэгэн цагт нэг зорилгын дор нэгдэж, нэг намаар овоглож явсан журмын нөхдөө гадуурхан хавчиж хуншгүй загнах хэрэггүйг удирдлагууддаа сануулж, асуудалд ухаалаг хандахыг хүсч, нөгөө талаар зөвлөсөн байна.
Тэд “Монгол орон ардчиллын замаар тууштай замнаж 20 жилийн босгыг алхлаа. Шинэ Үндсэн хуулиар тунхаглагдсан эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэсэн ардчиллын үнэт зүйлс Монгол оронд төлөвших үйл явцдаа багагүй саад бэрхшээлийг туулсаар өнөөдрийг хүрч байна.
Та бид үзэл бодлын зөрүүтэй хүмүүстэйгээ дайсагналцах бус харин тэдэнтэй зохицож, зөвшилцөн амьдардаг тийм эринд амьдарч байгаа билээ. Тун саяхан өөрчлөлт, шинэчлэлтийн уриан дор болсон МАХН-ын XXVI их хурлаас сонгогдсон МАН-ын удирдлага үзэл бодлын зөрүүтэй “журмын нөхөд”-өө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн эрх мэдлээр далайлган дарамтлах ажиллагааг маш шуурхай явуулж байгаад бидний нөхөд үнэхээр харамсч байна.
Нэгэн үйл хэргийн төлөө хамтран тэмцэж явсан журмын нөхдөө үг зөрлөө, үзэл бодол сөрлөө гэж буруутган, аймшигтай гэмт хэрэгтэн бидний дунд байсан мэтээр олон нийтэд бухий л арга хэрэгслээр ойлгуулахыг хичээж байгаа нь манай намын түүхэнд байсан өмнөх архаг дутагдал илаарших биш, харин ч улам сэдэрч байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна” хэмээжээ. Үүгээрээ тэд МАХН, МАН болж муу муухайгаасаа салж, сайн сайхан болж өөрчлөгдөөгүй гэдгийг хэлсэн байна. Үзэл бодлоо илэрхийлсэн, үг сөрсөн болгоныг нухчин дардаг хуучны арга барилаа таягдан хаяагүйг МАН-ын жирийн гишүүд нь өөрсдөө ийн нотлоод өгчээ.
Тэд цааш нь захидалдаа Тухайлбал, сүүлийн саруудад “МАХН” нэрээ авч үлдье гэсэн бодол, байр сууриа илэрхийлж байгаа хэсэг нөхдийн талаар явуулж буй төлбөртэй захиалгат нэвтрүүлгүүдийг дурдахад хангалттай юм. Иймэрхүү захиалгат гүтгэлэг нь намын нэрийг солихгүй байх, мөн намын шинэчлэлийн талаар сэтгэл дундуур явдаг, тэдэнтэй адилхан бодож сэтгэж яваа манай намын олон мянган гишүүдийг мөн л хамруулан дайрсан хэрэг болно. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ, удирдлагатай ам зөрлөө гэж гишүүдээ нүд үзүүрлэж нэр төрийг нь гутаан доромжилдог үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлсээр байх уу” гэжээ.
Үүгээрээ тэд Ц.Шинэбаяр гишүүнийг хэлсэн бололтой. Үнэндээ сүүлийн үед түүний талаарх доромж, гүтгэлгийн нэвтрүүлгүүд телевизээр байнга цацагдах болсон нь нууц биш. МАН-ын удирдлагууд түүнийг дагаж, мөрдөх нь хэрээс хэтэрсэн гэж байгаа. Зөвхөн Ц.Шинэбаяр гишүүнээр тогтохгүй МАХН-ын түр штабынхныг дуудан уулзаж, хүүхэд хуурч байгаа аятай элдэв санал тавьж, дээрэлхэх болсон гэх. Иргэн хүн Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, МАХН гэдэг нэрийг сэргээх гэсний төлөө МАН-ын удирдлагууд ийн үхэлдэн тэмцэж, увайгүй аашилж байгааг намынх нь жирийн гишүүд олж хараад өмнөөс нь санаа зовсон бололтой, ийн сануулсан байх юм.
Захидлынхаа төгсгөлд “Түүнчлэн намдаа үнэнч, сэтгэлээрээ ханддаг шударга, зарчимч журмын нөхдөө эрхэмлэхээсээ илүү эрх ашгийн сонирхол, хөрөнгө чинээний боломжийг гол шалгуур болгож боловсон хүчний асуудалд хандаж буйд намын жирийн гишүүд, дэмжигчид илт дургүйцэж байгааг та анхаарч байна уу? Энэ мэт зөрчлөөс намд ямар нэг хэмжээгээр үл ойлголцол, хагарал үүсэх нь дараагийн том ялагдлын эхлэлийг тавина гэж бид үзэж байна. Тийм учраас намаасаа нэг ч гэсэн гишүүн, дэмжигчээ “яв” гэж хэлэх бус, харин яаж явуулахгүй байх талаас нь бүхий л арга хэмжээг намын удирдлага авч ажиллах ёстой. Саяхан хуралдсан түүхэн гэж нэрлэж буй XXVI их хурлын шийдвэр намаа хагалан бутаргаж, хүчгүйдүүлэх бус харин ч намын эв нэгдлийг бэхжүүлж ажиллахыг намын удирдлагад үүрэг болгосон билээ. Иймд намын дарга таныг нам, түүний гишүүдийг хагарч бутаргахад хүргэж буй үйл явцыг цаг алдалгүй хэлэлцээ, ойлголцлолын зарчмыг эрхэмлэн шийдвэрлэхийг хүсч байна.
Ард иргэд маань тэдний амьдралд нааштай үр дүн гарсан, мэдрэгдсэн ажил хийгээсэй гэж хүсэж байгааг та бид анхаарч ажиллах ёстой. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаасаа “үсэргээд өгнө, одоо л сайхан болгоно” гэж амласан нь саяхан билээ. Үүнийг монголчууд мартаагүй. Гэтэл ам, ажлын нэгдэл төдийлөн сайн хангагдахгүй байна. Түүнчлэн С.Баярын Засгийн газрын үед гарын үсэг зурагдсан, ард түмний итгэл алдраад байгаа “Оюу толгойн” гэрээг хугацаа алдахгүй засч, сайжруулахыг өнөөгийн Засгийн газраас олон нийт хүсэн хүлээж байна. Стандарт бус гэгч Засгийн газрыг хаацайлж хамгаалахын тулд төр засаг нь эхнээсээ стандарт бусаар асуудалд хандаж, ажиллаж ирсэн. Энэ байдал нь нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын бүхий л шатанд ардчиллын зарчмуудыг гажуудуулж, муу үр дагавар дагуулсан ноцтой нөхцөл байдлыг бий болгож байна. Үүний нэг тод жишээгээр, зэс нь цухуйж буй “Оюутолгойн гэрээ” болон намын XXVI Их хурлын дараахь нөхцөл байдлыг дурдаж болох юм” хэмээсэн байлаа. Эцэст нь дээрх дөрвөн гишүүн Ерөнхий сайд, намын даргадаа гурван санал тавьжээ.
Эхний ээлжинд намын гишүүдийг эвлэрүүлэхийг санал болгосон байна. “Намд сүүлийн үед үүсээд байгаа хагарлын асуудлаар намын нийт гишүүд, дэмжигчдийн дунд “Санал асуулга” явуулж, намын гишүүдийг эвдрэлцүүлэх бус, эвлэрүүлэх ажиллагааг яаралтай зохион байгуулах, намын ээлжит бус онц Их хурал яаралтай хуралдуулах асуудлыг судалж үзэх”-ийг хэлсэн байна. Дараа нь Оюу толгойн хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдийг хянаж, УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу дахин шинэчлэн батлуулахыг хүсчээ. Хамгийн сүүлд нь Ашигт малтмалын тухай хуулийг өөрчилж, Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх асуудлыг МАН-аас санаачлахыг гуйсан байна. Ямартаа ч МАН-ын гишүүд МАХН-ынхныг өмөөрч үг дуугарч. Харин МАН-ын удирдлагууд жирийн гишүүдийнхээ үгийг авах уу, үгүй юу гэдэг нь дараагийн асуудал болох биз ээ.
Я .Мөнгөн
URL: