Зайсанг эмтэлж, ашиг олохоор улайрч буй “Софт трейд”
-Хяналтын шатны шүүх хурлын шийдвэр хэний талд гарах вэ?-
Дархан уулыг тал талаас нь сэндийлж тансаг харшаа сүндэрлүүлж буй мөнгөтэй хүмүүсийн балаг дуусахгүй бололтой. Нийслэлийнхний чөлөөт цагаа өнгөрөөдөг ганц газар болох Зайсан толгойг бүхэлд нь хашаалж, ашиг олох зорилготой үйлчилгээний барилга барихаар улайран зүтгэж буй “Софт трейд” компанийнхны хууль бус үйлдлийг таслан зогсоох төр Монгол Улсад алга.
Өнгөрсөн хавар Зайсан толгойг хашихад эхэлсэн газрын маргаан бараг бүтэн жилийг тойрч, мөнгөтэй хүмүүс Дээд шүүхийн шийдвэрийг өөрт ашигтайгаар гаргуулж чадсан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансух өнгөрсөн зургадугаар сард тушаал гаргаж дархан цаазат Богдхан ууланд төвхнөхөөр оролдсон 60 гаруй компанийн газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон ч зарим нь өрийн шийдвэрийг үл тоосоор энэ хүрээд буй юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27,1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1,5,40,1,6, Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн учир Зайсангийн ам, бидний нэрлэж заншсанаар Зөвлөлтийн дайчдын хөшөөний орчимд төвхнөхөөр газрыг нь хашаалсан “Софт трейд”-ийнхний газар эзэмших гэрчилгээг БОАЖЯ-ныхан хүчингүй болгосон ч ийнхүү хүчгүйдээд байна. Зайсан толгойн унаган төрх, тогтоцыг өөрчлөх учир дээрх компанид газар эзэмшүүлж болохгүй гэдгийг УИХ дахь Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан тогтоосон.
Хэдийгээр ийм шийдвэрүүд гарсан ч мөнгөтэй компанийнхан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар давж заалдаад эхний удаад амжилт олоогүй. Тэд дахин улсын Дээд шүүхэд давж заалдан хяналтын хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан юм. Улсын дээд шүүхээс тус компанийн нэхэмжлэлийг үндэстэй гэж үзсэн ч Монгол Улсын хуулийг үл тоосон мөнгөтэй хүмүүсийн үйлдлийг зогсоох ёстой. Удахгүй болох Хяналтын шатны шүүх хурлаар нийслэлийнхний эрх ашигт нийцсэн шийдвэр гарах уу, нэг компанийн эрх ашгийг хамгаалах уу гэдгийг харах л үлдэж байна.
Ө.Батхүү
URL: