Хайрыг хайрла, Н.Хүрэлбаатар сайд аа

Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт хаягласан захидлыг  илгээхээр шийдлээ. Гэхдээ Н.Хүрэлбаатар сайдаа, хайрын захидал биш шүү. Андуурав аа. Танд хаягласан энэ захидалд хайраас мэндэлсэн хүүхдүүдийн амь насны тухай асуудал юм шүү.
Сайдын суудалд хүрч тамга дарж гарын үсэг зурах эрхтэй болно гэдэг хэр баргийн хүний давдаг даваа биш. Энэ өндөрлөгт хүрэхийн тулд юуны өмнө мэргэжлийн хүн байх гэсэн өндөр давааг давж түүний араас дагалдах “туслах” шаардлагуудыг хангасан байх ёстой. Таны бусдаас ялгарах гол “үзүүлэлт” чинь мэргэжлийн хүн. Тэгээд энэ салбарт чамгүй удаан ажиллсан. Гэтэл үйл явдал цаг үеэ мэдрэх мэдрэмж аргагүй дутагдаж байгаа бололтой. Хэдхэн хоногийн өмнө “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” 2012 оны эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөлгөөний үеэр шагналын хур буулгаж байх юм. Бусдын жишгийг дагаж, салбартаа нэр нүүр олохын тулд доорх хүмүүстээ цаасан малгай өмсүүлж нүглийн нүдийг гурилаар хууран шагнал урамшуулалд гарын үсгээ таталж суухаар бодит байдлыг сайдын суудлаас энгийн иргэний нүдээр хараадахаач.
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 46 тоот тушаалын дагуу Эрүүл мэндийн удирдах ажилтны 2012 оны зөвлөгөөний үеэр 2011 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээгээр шалгарсан байгууллагууд, шилдэг менежерүүд, шилдэг хувийн хэвшлийн эмнэлэг, сайн ажилласан агентлагуудыг шагнаж урамшуулан өргөмжлөл, мөнгөн шагнал олгосон байх юм. Ажил хийж байгаа хүмүүсийг урамшуулах нь зөв. Гэхдээ таны эдгээр шагналуудад хэр нүдээ олсон шагнал вэ гэдэг нь бас учир дутагдалтай.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дээдлэгч шилдэг байгууллага, Эх нялхсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дээдлэгч шилдэг байгууллага, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг эрхэмлэгч шилдэг байгууллага, Хүний нөөцийн хөгжлийг дээдлэгч шилдэг байгууллага, Байгууллагын соёл, ил тод байдал, ээлтэй үйлчилгээг дээдлэгч шилдэг байгууллага гэхчилэн урмаар тэтгэсэн гэхээсээ илүүтэй өөрийгөө рекламдах гэсэн оролдлого гэмээр хачирхалтай номинациуд гаргаж байгууллагуудыг урамшуулсан байх юм. Эмч нар өргөсөн тангарагтаа үнэнч бас хийсэн ажилдаа эзэн болох үүрэгтэй. Тодруулбал, эх нялхас гэлгүйгээр хүний эрүүл мэндийг дээдэлж бас эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх үүрэгтэй хүмүүс. Энэ үүргээ гүйцэтгэснийх нь төлөө мөнгөн шагналаар шагнана гэдэг зоосны нүхээр хардаг гажиг тогтолцоог өөгшүүлэх хэлбэр гэлтэй.
Гэтэл энэ он гарснаар 105 хүүхэд энджээ. Тодруулбал зөвхөн өнгөрсөн нэгдүгээр сард 0-1 хүртэлх насны 105 хүүхэд эндсэн байна. Энэ нь 2011 оны нэгдүгээр сарынхаас 11 хүүхэд буюу 11.7 хувиар өссөн үзүүлэлт. Харин 1-5 хүртэлх насны 21 хүүхэд эндсэн нь мөн өмнөх оны үеийнхээс 5 хүүхэд буюу 31.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна.
Ганцхан сарын дотор 105 хүүхэд эндэнэ гэдэг хэвийн үзэгдэл үү Н.Хүрэлбаатар сайд аа. Сүүлийн үед Эрүүл мэндийн салбар хариуцаж байгаа нөхдүүд “Улсын хэмжээнд” гэдэг үгийг ихээхэн хэрэглэж, үүгээр бамбай хийдэг болоод байгаа. Гэвч тахал тархаагүй тайван цагт буюу нэг сард 105 хүүхэд эндэнэ гэдэг улсын хэмжээнд ч байж боломгүй асуудал гэдгийг ойлгоорой сайд аа.
Эх хүүхдийн эндэгдэлгүй аймгийн шалгаруулан шагнал урамшуулал өгөн хөл болж байхаар эх хүүхдийн эндэгдэл ихээхэн гарч байгаа аймаг сумдыг эмнэлгийн нөхцөлийг судлан юунаас үүдэн нярай хүүхдүүд эндээд байгааг олж хариуцлага тооцох нь чухал. Эцэст хэлэхэд тайван цагийн тахлаар хорвоог орхиж байгаа нялх үрсүүдийн эндсэн шалтгааныг олж арга хэмжээ авна гэдэг найдая. Бас хайраас мэндэлж буй хүүхдүүдийг буюу хайрын хайрлаарай Н.Хүрэлбаатар сайд аа.

URL:

Сэтгэгдэл бичих