БАЙЛДААН ТҮҮХЭЭР ЭХЭЛНЭ…
Одоо ч бараг 2-3 жил сунжирсан дажин болох нь тодорхой байна. Бүгдээрээ бэлэн болчихож. Зөвхөн команд л хүлээж байна. Уг нь монголын ард түмэн байлдах гэж байгаа биш, энэ улиг болсон хэдэн томчуудын дайны хөлд нэрвэгдэх асуудал нь мэдээж хэрэг. Энэ жил хэд хэдэн том ой болно. Юу хэмээвээс тун удахгүй энэ 3 дугаар сарын эхээр МАХН, МАН байгуулагдсаны 90 жилийн ой болно. Зун нь Ардын хувьсгалын 90 жилийн ой болно. Намар нь 1911 оны Үндэсний Хувьсгалын 100 жилийн ой болно. Тэгээд л “түүхийн” байлдаан эхэлнэ дээ…
Хачин хурал
Саяхан болсон МАХН-ын XXYI Их Хурал нэг л сонин болов. Нэрээ л сольсон, тэгээд юу нь сонин байгаам гэж олон хүн асууна байх. МАХН-ын түүхийн 90 жилийн хугацаанд эр бяртай, гунигтай, хатуу ширүүн олон л хурал болж байсныг бид сайн мэднэ. Гагцхүү нэг хурал дээр гурван дарга гурван илтгэл тавьсан тохиолдол огт байхгүй л юмдаг.
Одоо илтгэл тус бүрийг товч авч үзье.
1. МАХН-ын дарга Сү.Батболд “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” гэсэн эдийн засгийн илтгэл тавив.
Агуулга нь би ч яахав, улс төр, нам мам мэдэх биш, эдийн засгийн хөгжил, гэрээ хэлэлцээрээ хөөцөлдөе гэсэн шинжтэй. Ардчиллын 20 жилийн үйл явцыг үнэлж дүгнэсэн гэх боловч шилжилтийн үе дууслаа гэсэн ганц дүгнэлттэй, бүтээн байгуулъя гэсэн ганц уриатай цэвэр эдийн засгийн илтгэл аж.
2. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Баяр “Намын хичээн эрмэлзэх зүйл”-ийн төсөл боловсруулсан тухай илтгэл тавив.
Энд “Монгол Ардын Нам-ын хичээн эрмэлзэх зүйл” гэсэн хураангуй хувилбар, хоёрт, “Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр” гэсэн дэлгэрэнгүй хувилбар хоёр хувилбар боловсруулсан. Дэлгэрэнгүй хувилбарыг Намын Их хурлаар нэгэнт хэлэлцэхгүй…“Монгол Ардын Намын Хичээн эрмэлзэх зүйлийн” төслийг төлөөлөгч та бүхэнд одоо ингээд тараахаар олшруулж байгааг хэлъе. Ингээд өргөн барьсан төслийг шүүн хэлэлцэж, баталж өгөхийг намын Их хурлын төлөөлөгч Та бүхнээсээ хүсье гэж мэдэгдэв.
“Дэлгэрэнгүйг” нь сонгуулийн үеэр дахин хэлэлцэж батална, “хураангуйг” нь одоо л дөнгөж олшруулж байгаа болохоор Их Хурлын төлөөлөгчид С.Баярын амаар хоосон цаас баталчихжээ. Ингээд шинэчлэгдсэн МАН шинэ хөтөлбөрийнхөө дэлгэрэнгүй болон товч хувилбарынхаа алинийг нь ч хэлэлцсэнгүй. Учир нь баталсан “хөтөлбөрөө” хэзээ хойно саяхан сайтдаа тавьсан юм…
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “МАХН-ын XXY Их Хурлаас хойш Намын Бага Хурал, Удирдах Зөвлөлөөс хийсэн ажлын тайлангийн тухай” илтгэл тавив.
МАН-ын шинэ залуу дарга У.Хүрэлсүх намын ажлаа хариуцаж тавьсан анхны илтгэл юм. Их Хурлын илтгэл яаж бэлтгэдэг, хийдгийг бишгүй л харсан байлтай. Хамгийн мундаг Б.Даш-Ёндон багш хүртэл ямар ч илтгэлийг асар олон мэргэжилтэн цуглуулж, хэсэг хэсгээр нь бэлтгүүлээд дараа нь системийн аналитик хэдхэн хүнээр нэгтгүүлж, эцэст нь өөрөө дор хаяж сар шахам нухдаг байсныг ажлаа мэдэхгүйн илрэл гэж хэн ч хэлэхгүй юмдаг.
Ингээд МАХН түүхэндээ анх удаа их хурал дээрээ гурван илтгэл тавив. Нарийн яривал 4 илтгэл болчихож байгаа юм. Энэ бол миний “найз”, хуучин МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үг болно. Төлөөлөгчид үндсэн 3 илтгэлээс үүнийг л илүүтэй сонирхсон гэж санасан шүү. Н.Энхбаяр: “Албан тушаал муу ашиглавал хайрцаг болдог. Сайн ашиглавал тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж олгодог. Хайрцагнаас гаръя. Албан тушаал чинь хайрцаг болох вий. Нам өөрөө хайрцаг болчих вий гэдгээс байнга болгоомжил. Уг нь ядуурал, хээл хахууль бол ард түмнийг зовоож буй хайрцаг” гэж мэдэгдэв. Ингээд тэр шинэ намдаа орж ч өгөхгүй, гарч ч өгөхгүй “хоолойд тээглэсэн яс” болов…
Аль нь тэмдэглэх вэ
Өөр сонин хачин олон юм болсон. МАН Удирдах Зөвлөлийнхөө гишүүдийн тоог 31 хүргэж нэмсэн бөгөөд одоо болтол намын шинэ удирдагчдын нэрс бүрэн гараагүй байна. Төрийн нууц, намын нууц хоёрын нэгэн бололтой ?! МАХН-ын түүхийн 90 жилд Удирдах Зөвлөл ийм өргөн бүрэлдэхүүнтэй хэзээ ч байгаагүй.
Энэ нь МАН Удирдах Зөвлөлөө бүлэглэлүүдийн улигт “зөвшилцөл”-өөр бүрдүүлсэн бөгөөд дотоод зөрчлөө шийдвэрлээгүй гэсэн хэрэг болно…
Жишээ авъя. Ухаандаа МАН-ын будаг нь ханхалсан шинэхэн нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАХН түүх болон үлдсэн” гэсэн суут дүгнэлт хийв. УИХ-ын залуу гишүүн Ж.Сүхбаатар “Шинэчлэгдэж чадаагүй улстөрчид нь зайгаа тавьж өгөх цаг болсон” гэж шууд хэлснээс гадна “дуу дуулах залуусын ард алга таших хэрэгтэй” гэж ахмадууддаа “зааж” өгөв.
Гачлантай нь энэ удаад хэн ч зайгаа тавьж өгсөнгүй, шинэковууд “хооронд” зогсож үлдэв. Хуучин нь дуулах дуугаа дуусчихсан, шинэ нь дуугаа бэлтгэж амжаагүй тохиолдолд тайзны төлөө зодоон үргэлжлэх нь гарцаагүй юм…
Ингээд юу юугүй намын баяр ойртов. Сондгой биш, тэгш ойн жил таарав. Хуучин бол сүр дуулиантай, их эртнээс бэлтгэдэгсэн. Гэтэл энэ ойг МАХН, МАН хоёрын аль нь тэмдэглэх асуудал их зовлонтой болчихов, болчихов ч гэж дээ болгочихов…
Миний л мэдэхээр МАН болон МАХН-д түүхээ мэддэг хүн бараг байхгүй. Гэтэл юу вэ, саяын хурлаар МАН-ын дарга нусгайчууд бүгдээрээ “гарамгай түүхч” болчихдог юм байна.
Энэнд нь МАХН-ынхан уурлах нь мэдээжийн хэрэг. Ц.Шинэбаяр бол МАХН-ынхаа ойг тэмдэглэнэ л гэж дайрч таарна аа даа. 45 хоногийн дараа хийнэ гэж түүнийг амлаж байгаа МАХН-ын Их Хурал хэдий үеэр болохыг бодож тооцоолж байгаа хүн олон л байх…
Н.Энхбаяр “Энэ том танхимд намын түүхийг ярьж байна. Харамсалтай нь түүхийн 90 жилээс 3-4 жилийг сугалж ярьж байгаа нь учир дутагдалтай. Хүнд бүтэн намтар, намд, улсад бүрэн бүтэн түүх хэрэгтэй. Намд мандаж, унаж байсан түүхийн аль аль нь бий” гэж хэлснийг зүгээр л нэг “унагачихсан үг” гэж ойлгож болохгүй л байх. Ингээд л “түүх” рүү арга буюу орчихож байгаа юм…
Харин АН-ынхан энэ ойгоор идэвхиждэг зан нь оргүй алга болж. Хэлмэгдэл мэлмэгдэл гэсэн улиг болсон юмаа ч ярихгүй таг чиг. Тэгээд хэн тэмдэглэх юм ?! Энийг Баабар сайн мэдэж байгаа учраас нам төрийн түүхийн асуудлаар “гэм халгүй” хэдэн цуврал өгүүлэл бичив. Түүх бичдэг хүн түүхээ л бичиж байна гэж олон хүн бодож болох авч сайтар ажиглавал тийм биш. Өөрөөр хэлбэл Баабар туршилтын буудлага хийж даапаалав. Таг чиг. МАН болон МАХН Баабараар түүхээ бичүүлсэн гэж “түүхэнд” орох нь гарцаагүй болж байх шиг. Наад Баабар чинь бүтэн хоёр жил гаруй “танай” түүхийг бичнэ, чингэхдээ ямар жор тунгаар юуг, яаж бичихээ хэнээр ч заалгахгүй дэндүү сайн мэднэ…
Хэрэв дээрээс нь сэтгүүлч А.Баатархуяг нэмэгдвэл Та нар намаа эртхэн шиг татан буулгасан чинь өлзийтэй дөө. Энэ нь МАХН-ын түүх үү, МАН-ын түүх үү гэдгийг ялгах хоншоортой “түүхч” Та нар дундаас л огт гарахгүй…Тэдний өөдөөс эрдэм шинжилгээний мянган хүрээлэн, түүхэнд гаргуун түмэн “дарга-пацаан” байгаад ямар ч нэмэр болохгүй, лай л болно. Та нар их л сайндаа тэр хоёрыг мэргэжлийн биш л гэнэ биз. Ингэвэл хаашаа харж “үхэхийг” чинь би л лав хэлж мэдэхгүй юм байна…
Түүхээр тоглохуй
Хуучны МАХН түүхээ яагаад заавал бүх нийтэд заадаг байсныг мэдэх хүн Та нарын дотор л лав байхгүй. Учир нь тайван амгалан цагт улс төр-үзэл суртлын ажил байнга хийдэг байсан бөгөөд энэ нь улс төрийн итгэл үнэмшил тогтооход чиглэдэг байсан юм. Чингэхдээ маш сайн хийдэг байсан юм шүү. Энэ систем нэгэнт эвдэрсэн. Зөв буруу нь хамаагүй МАХН шиг түүхээ хайрлаж, үнэлдэг газар байгаагүй. Тийм учраас л амжилт олж байсан. Одоо бол эдийн засагч, хуульч, улс төрч дарга пацаанууд нь хүртэл түүхээр тоглодог болж байвал тоглоом чинь хэтэрлээ л гэж би хэлэх байна…
Түүх гэдэгт нэн түрүүнд болоод өнгөрсөн үйл явцыг ойлгодог. Дараа нь үүнийг тайлбарласан бичлэгүүд орно. Энэ нь үй олон янз байж болно. Харин түүхэн үйл явдал, түүхэн тайлбарлал хоёр их өөрөөс гадна тухайн үеийн нийгмийн ухамсар, сэтгэлгээ их нөлөөлнө. Мөн болоод өнгөрсөн үйл явдлыг бүрэн бүтэн сэргээж, ямар ч алдаагүй төгс түүх бичих боломж байхгүй. Гэхдээ түүх бичлэгийн орчин үеийн арга, арга зүйг ашиглавал нэлээд өндөр нарийвчлалтай нөхөн сэргээж болно.
Түүх бичлэгийн явцад маргаантай, шийдвэрлэх боломжгүй олон асуудал ямагт байдаг бөгөөд үүнийг эрдэм шинжилгээний маргаан мэтгэлцээнээр шийдвэрлэдэг. МАН-ынхантай адилхан хэдэн эрдэмтэндээ “буу тулгачихаад” тийм ийм дүгнэлт гарга гэж хүчиндэхийг хэлдэггүй юм.
Уг нь МАН-д сайн түүхч чамгүй олон буй ч тэд нь ягшмал академик стильтэй, хэт номхон даруу хүмүүс учраас одооны ихээхэн хурдтай сэтгэл зүйн болон мэдээллийн дайнд орох ямар ч чадваргүй гэдгийг би баталж чадна.
Нөгөө талаас хэдэн түүхч урьчихаад ярьсан юмыг нь хагас дутуу, хам хум тогтоочихоод энэн дээрээ давс хужир нэмж байгаад ТВ-ээр юм уу намын хурал дээр чалчихыг түүх хөгжүүлж байна гэж хэн ч хэлдэггүй юм.
Аливаа том эргэлтийн гол гол үндэслэлийг түүх бичлэгээр л гаргадаг. Нарийн яривал яг түүх ч бас биш юм. Түүхийн гүн ухаан, улс төр судлал, нам судлал, сэтгэл зүй зэрэг асар олон шинжлэх ухааныг шүтэн барилцуулсан системийн шинжилгээгээр үндэслэн гаргаж өгдөг юм. Өөрөөр хэлбэл үзэл санааны эх үүсвэрээ гаргаж авдаг…
Ухаандаа социал-демократ Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэсэн бичвэр бүхэлдээ түүхийг шинээр шүүн тунгаасан бүтээл байсан бөгөөд тухайн үедээ ямар их алдаршиж байсныг олон хүн санаж байгаа байх. Гэхдээ энэ бол дан ганц түүхийн бүтээл байгаагүй, бүдүүн тоймоор бол нийгэм, улс төр, гүн ухаан, үзэл санааны цогц байсан юм. Энд би өөрөө нэгэнт түүх болчихсон энэ бүтээлийн сайн муу, буруу зөвийг огт хөндөөгүй. Ийм маягаар “түүхийг” далд ухамсарт чинь хийгээд өгчихдөг юм…
Холимог байлдаан
Саяхан миний ярилцсан нэг хүн асууж байна. Одоо байлдаан хаана, чухам юунаас эхлэх бол гэж. Нэгэнт байлдаанд бэлэн болчихсон “арми” салан задгай нэг цэрэг буу алдахад л эхэлнэ. Гэхдээ “түүхийн” байлдаанаас эхлэх нь гарцаагүй гэж би хариулав. Манайхан түүхээ мэддэггүй ш дээ, яаж байлдхийм гэж дахин лавлаж байна. Тэр ч үнэн, гэхдээ манайхан түүх мэдэхгүй ч, түүхээр байлдах “хууч өвчтэй” юм ?! гэлээ. Тэрбээр жаахан бодолхийлснээ нээрээ тийм ч юм болов уу гэж хүлээн зөвшөөрөв.
Уг нь бол түүхийн байлдаан нэг их чухал зүйл биш боловч өөрсдөө тэнэгтсээр байгаад ийм болгочихсон юмыг чинь би яалтай бил ээ. Түүхийн байлдаантай залгаад юм уу зэрэгцээд ашигт малтмалын байлдаан, сонгуулийн байлдаан, бүлгүүдийн байлдаан, үндсэн хуулийн байлдаан гээд тоочиж барахын аргагүй олон байлдаан холилдох нь гарцаагүй. Түүхийн энэ байлдаан дээр энэ олон байлдааныг нэмэхээр галзуурал, солиорол л болдог жамтай.
Энэн дотроос яаж ч харсан түүхийн байлдаан гол нь болчихоод байгаа юм.
Иймээс энэ болон ирэх жил түүхийн болон үзэл санааны байлдааны жил болно, энэ нь цаашаагаа бүх салбарыг хамран шатлан өргөжинө гэж дүгнэж бүрнээ болно.
Учир нь намын баярыг яаж ийгээд тэсээд өнгөрөөлөө гэхэд Ардын хувьсгалын 90 жилийн ойг яахав. Намар, өвлийн 100 жилийн ойг яахав. Байлдааны гурван боломж алддаг тэнэг улс төрч Монголд ганц ч байхгүй юмдаг.
Уг нь асуудал баяртаа байгаа юм огт биш, зүгээр л олон нийтийг татан дагуулах үзэл санааны үндэслэл байхгүйд оршино. “Үзэл санаа олон түмнийг эзэмдээд ирэхээрээ сая материаллаг хүч болдог” гэсэн хуучин багш К.Марксын үндэслэлийг одоохондоо Монголоос өөр хаана ч, хэн ч няцаагаагүй байгаа.
Иймээс олон түмэндээ түүхийн байлдааныг л даган хөөрцөглөж огт болохгүй шүү гэж л сануулж хэлмээр байна даа. Яагаад гэвэл энэ бол Та бидний биш, томчуудын байлдаан…
Ямар ч гэсэн энэ 3 дугаар сарын 1-нд МАН, МАХН хоёр агуу түүхт намынхаа баярыг яаж “тэмдэглэхийг” харах л үлдэж байна даа. АН ч яахав, баяраа “зарчихсан” улс чинь юугаа ч ярих билээ…
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 1 дүгээр сарын 8.
URL: