“Жаран насандаа ухаарч, 61-тэйдээ үхнэ” гэдэг л болж байна

Намаасаа хөөгдсөн, сонгуульд ялагдаж хорссон улстөрийн хуучин кадрууд нэгдэн үймж байгаа нь ирэх сонгуулийг ихээхэн сонирхолтой болгох нь хэмээн ажиглагчид ярьж байна. Тийм ч байж болно, үгүй ч байж болно.Үгүй ч байж болно гэсний учир улстөрийн гуравдагч хүчнийг бүрдүүлэгчид бүгд улстөрөөс жийгдсэн хоосон өшөө авагчид, Монголын орны сайн сайхны төлөө хэмээн ард түмний нэр барин давшиж байгаа нөхөд учраас ингэж хэлээд байгаа юм. Давшиж байгаагийн тэргүүн магнайд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар явна. Тэдгээрийн дараагийн эгнээг бүрдүүлэгчид нь МАХН талаас ХЗДХ-ийн сайд асан Л.Цог, ЭМ-ийн дэд сайд асан Н.Удвал гээд ямар нэгэн шалгуурт тэнцэлгүй улстөрийн тавцангаас хөөгдсөн аснууд, урваач шарваачид.

МYAH талаас Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил, УИХ-ын гишүүн асан Н.Батцэрэг, БХБ-ын сайд асан Ц.Цолмон гэсэн ганц нэг cap сайдын ажил хийж үзсэн хүмүүс байна. Нөгөө талаас УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан гэх мэт бас л аснууд. Түүний дараагийн шатныхан ч аймаг орон нутаг, сум дүүрэг, хороодын төрийн албанаас зайлуулагдсан гомдогсод. Ийм хүмүүсээс бүрдсэн улстөрийн гуравдагч хүчин бий болж байгаа нь тэдний ирээдүйг бүрхэг харагдуулж байгаа хэрэг. Санаа нэгдсэн ч үзэл баримтлал өөр намын аснууд өчигдөр “Монголын бүх ардтүмний нээлттэй хэлэлцүүлэг” хэмээх зүйлийг зохион байгууллаа. Нэгэн цагт хонь, чоно байсан эдгээр аснуудыг улстөрийн тавцанд эргэж гарах гэсэн улайрал нь нэгэн дээвэр дор цуглуулсан нь дамжиггүй.

Түүнээс биш бүгд үзэл бодлын зөрчилтэй хүмүүс. Тэд ийнхүү үзэл бодлынхоо зөрчлийг эс тоон сүжрэлдэх болов. Дээрх хэлэлцүүлгийнхээ салхийг хагалж Н.Энхбаяр “Монгол Улс орших уу, эс орших уу” хэмээх илтгэл тавилаа. Мэдээж илтгэлийн гол санаа нь баялгийг ард түмний гарт өгөх тухай үлгэрээр эхэлж, өнөөгийн эрх баригчдын муу муу хайгдуудсанаар төгсөнө. Түүнд ямар ч шинэ зүйл байхгүй. Илтгэлийн агуулга ч гэж алга. Зүгээр л бусдыг муучлах гэсэн шар сонины мэдээлэл шиг зүйл уншив. Уг нь тэд “МАНАН-г арилгана МАНАН-гийн Засгийн газрыг унагана. Ажлаа хийж чадахгүй байна, ард түмэн ядуурч байна. Эх орны баялаг гадагшаа урсч байна” гэсэн жижүүрийн хэдэн үгтэй. Гэтэл өнөө муулаад байсан хамтарсан Засгийн газраас АН гарчихсан учраас арай өөр хэлбэрээр илтгэл тавьцгаана билээ.

Н.Энхбаярыг илтгэл тавихад зааланд суусан дэмжигчид нь алга нижигнүүлэн ташиж байгаа нь ч өрөвдөлтэй. Ямар ч утга учиргүй, бодлоггүйгээр хэн нэгнийг муулж байгаа хүнийг дэмжээд алга ташиж байгаа хүмүүсийг ч ойлгох юм алга. Өнөөдрийн төр, засгийг хараагаад байгаа тэд ингэхэд юу хийсэн бэ? Н.Энхбаяр 1992-2005 он хүртэл УИХ-ын гишүүн, салбарын сайд, УИХ-ын дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын дарга, Ерөнхий сайд Ерөнхийлөгч байхдаа өнөөдөр яриад байгаа зүйлээ хийчихгүй яасан юм бэ гэж хэн ч асуух биз. Түүний хамтрагч М.Энхсайхан ч Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд байсан хүн. Тэд Оюутолгойн гэрээг буруу хийсэн л гэнэ. Эрх дархтай байхдаа эртхэн эдийн засгийн эргэлтэд оруулчихгүй яасан юм.

Тийм л сайн байсан юм бол Дорнод-Сайншанд-Өмнөговь гэсэн төмөр замын ажлыг эхлүүлээд орд газраа төмөр замын гарцтай болгочихгүй яасан юм бол. Үүнийг Н.Энхбаярын болон М.Энхсайханы Засгийн газар хийх нь бүү хэл зүүдэлж ч яваагүй байх. Эрхэм хоёрыг эрх дархаа эдэлж суухад нийслэлийн энэ олон зам гүүр ямар байсныг эргэн хараад өнөөдөртэй харьцуулахад бас л нэгийг өгүүлнэ биз. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд олноор нэмэгдэж байгаа орон сууцыг Н.Энхбаяргүйгээр, М.Энхсайхангүйгээр харахад хоёрыг бодогдуулах нь лавтай. Энэ хоёр эрхмийг төрийн эрх атгаж байхад бүтээн байгуулалтын төлөвлөгөөт олон ажил төсөв хөрөнгөнөөс болж царцаж байсан.

Лав 2003 онд төлөвлөсөн 256 том, жижиг бүтээн байгуулалтын ажлаас 160 орчмыг нь царцааж байв. Ажил ийм л байсан. Гэтэл өнөөдөр томоохон хөрөнгө оруулалтаар төлөвлөгдсөн ажлууд жигд явж, төсвийн тодотгол хийхэд мөнгө хангалттай хүрэлцэж байна. Уул уурхайн салбараас түүхэндээ байгаагүй эдийн засгийн өсөлтийг бий болгочихлоо. Энэ өсөлт Н.Энхбаярыг Ерөнхийлөгч, М.Энхсайханыг Ерөнхий сайд Б.Жаргалсайханыг УИХ-ын гишүүн байхад бий болоогүй. Үнэхээр төрд зангарагтай, түмэндээ хэрэгтэй байсан бол Н.Энхбаяр, М.Энхсайхан нар албаа хашаад л явж байх байсан биш үү. Хэрэггүй болоод л ард түмэн тэднийг сонгосонгүйгээр барахгүй, намын журамт нөхөд нь жийчихсэн хэрэг бус уу.

Өнөөдөр л гэнэт улс орныхоо сайн сайхны төлөө санаа тавиад эхэлж гэнэ. “Жаран насандаа ухаарч, 61 насандаа үхнэ” гэгч энэ болов уу л гэмээр байна. Үнэхээр л эх орон, ард түмнийхээ төлөө санаа тавьж байсан бол юуг ч хийвэл хийчих хугацаа хангалттай байсан шүү дээ, тэдэнд. Ахиад нэг Монгол Улс байгуулчих хугацааг дэмий үрчихээд өнөөдөр ингэх учир юу вэ. Зүгээр л улстөрд байх гэсэн ашиг сонирхол, жийгдсэн өшөөгөө авах гэсэн хоёр муйхар нөхрийн дүр зураг л харагдана. Тийм л мундаг улстөрчид юм бол МАХН нэрийг авах гэж үхэн хатан зүтгэхийн учир юу байна вэ, ҮШН нэрээ МҮАН нэрээр солихын хэрэг юу байна. Тэр ч бүү хэл нам эвслээр ч яадаг юм. Ийм л эрх ашгийн төлөө бусдын хийснийг үгүйсгэж, ард түмэн гэж үлгэр ярьж яваа нөхдөд итгэх хэн байх билээ. Тэгэхээр арга ядсан аснуудаас бүрдсэн гуравдагч хүчин ахихгүй биз ээ.

Бичлэг эхлэхэд “тийм ч байж болно” гэсэн талаар өнгөрч байх шиг. Лавлан харвал Н.Энхбаяр, М.Энхсайхан нар МАХН, МҮАН гэсэн брэнд нэрийн ард бичигдэхгүй бол хэн ч бишээ мэдэрсэн дүр зураг тодоос тод харагдаж байна даа. Ийнхүү хожуу ухаарлын мананд төөрчихсөн яваа энэ их санаатнуудыг яах вэ. Өөрсдөө мөрөөрөө явахгүй, хүмүүсийг уруу татаж, үзэл санааны дарамтад оруулж, ажлыг нь алдуулж байна шүү дээ. Хийх ёстой Засгийн газар нь байна, хийх ёстой УИХ, яам тамгын газар гээд байж байхад Н.Энхбаяртангууд чухам юугаа хийх гээд байгааг ойлгох юм алга. Нөгөө талд тэдэнд юу ч хийх боломж алга, эрх мэдэл ч алга. Ийм байхад юугаа яриад явна вэ.

С.УУГАНБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих