Мөнгөн ус руу мөхөл рүү…

Мөнгөн ус руу мөхөл рүү…

Ийм нэртэй нийтлэлийг миний бие одоогоос дөрвөн жилийн өмнө “Өдрийн сонин” дээр тавьж тэр үедээ бөөн сенсаци болж байсныг уншигчид зарим нь санаж байгаа болов уу. Нөгөө нинжанууд чимх алтны төлөө амь насаараа дэнчин тавин уул усыг маань мөнгөн усаар хордуулж, алдарт Хонгорын хэрэг мандаж байсан цаг үе шүү дээ.

Японы Минаматад болсон олон улсын семинарт энэ оны өмнөхөн явж ирчихээд тэнд болсон үйл явдлынх нь талаар Байгаль орчны Яамны нэгэн эрхэмтэй яриа үүсгэтэл “Та наад мөнгөн ус мусаа одоо ярихаа боливол яасийм, хүмүүс аль хэдий нь үүнээс чинь залхаж гүйцсэн шүү дээ” гэх нь тэр.

Тэгвэл түшмэл та харин том эндүүрч байна гэж би хэвлэл мэдээллээр дамжуулан хэлчихье. Хотынхны хүүхэд хөгшидгүй хахаж цацаад байгаа энэ өтгөн хар утаан дотор чинь танай тэр агаарын чанарын албаныхны улиг болтол яриад байгаа нүүрс хүчил, азот энээ тэрээгээс чинь гадна хамгийн аюултай нь ямар ч нүүрсэнд бага боловч хэмжээгээр агуулагддаг мөнөөх гайхал мөнгөн ус байдагт хамаг учир нь байгаа юм. Тэр гай чинь агууламж нь хичнээн бага хэмжээтэй ч түүхий нүүрсийг сая сая тонноор нь өвөлжингөө өдөржин шөнөжин шатаагаад ирэхээр өчнөөн төчнөөнөөрөө агаарт дэгдэж, тэр хэмжээгээрээ бидний бие организмыг аажим аажмаар чимээгүйхэн хордуулж байдгийг дахин сануулахад гэмгүй нь. Янз янзын төрлийн хортой хоргүй хавдар сүүлийн үед ихсээд байгаагийн олон шалтгаануудын нэг нь энэ гайхал мөнгөлөг металл болохыг эрдэмтэд аль хэдий нь олж тогтоосон байдаг.

АНУ-ын USGS байгууллагын 2009 онд гаргасан тайлангаас үзэхэд дэлхийн агаар мандлыг хамгийн ихээр хордуулж байгаа эх үүсвэрүүдийн нэг бол нүүрсний цахилгаан станцуудын утаатай хамт ялгарч буй мөнгөн ус гэж дурьджээ. Жил бүр 5000-5500 тонн мөнгөн усны уур нүүрсний утаатай хамт ялгарч хэдэн арван км-ээр тархан бөмбөрцөг дэлхийн маань хүн амьтан ургамлыг хөнөөж сөнөөж байна. Ганцхан грамм мөнгөн усны уур хорин га хүртэл талбайг бохирдуулж дөнгөдөг гээд бодохоор ямар их аюул руу бид хөтлөгдөөд байгааг анзаарахгүй байхын аргагүй.

Агаар мандалд цацаж буй мөнгөн усныхаа хэмжээгээр цахилгаан дулаан гаргаж авахын тулд жилд хоёр тэрбум шахам түүхий нүүрс шатаадаг манай урьд хөрш дэлхийд тасархай тэргүүлдэг орон. Утаатай хамт агаарт дэгдэж хөөрсөн мөнгөн усны уур хаачихав, сансар огторгуй руу талийгаад өгөхгүй нь мэдээж. Үүл болж хуралдан цас борооны устай холилдоод эргээд л манийнхаа дээрээс бууна. Гол мөрний усанд хуримтлагдана, хөрсөнд нь шингэнэ. Тэнд нь ургасан ургамал амьтан, далай тэнгисийн загас жараахайгаар нь бид л хооллож ундална. Ингэж гариг ертөнцөд маань химийн энэ хор дахин дахин эргэн хуримтлагдана. Түүхий нүүрснийхээ хэрэглээг багасгах судалгаа хийж, хорт утаагий нь шүүгээд ч болов дэлхий ертөнцөө аврах ариусгах ажиллагаанд анхаарлаа хандуулаачээ хэмээн хүсэмжилж энэ жил НҮБ-ийн Байгаль Орчны Хөтөлбөрөөс Хятадуудад энэ зорилгоор гурван тэрбум долларын “хандив” өргөсөн байх жишээтэй.

Нүүрсний утаатай хамт их хотын агаарт тунарч буй нүдэнд тань үл үзэгдэх өнөөх мөнгөн ус хамгийн түрүүн таны уушгиар дамжаад цусанд орно, тэгээд эд эрхтэн, тархи мэдрэл ухаан санаанд чинь нөлөөлнө, хамгийн аюултай нь эх хүний умайд тээж яваа үр удмыг тань төрөхөөс нь өмнө оюун санааг нь муужруулдаг муу ёрын эд. Бид хотын энэ хар утаанд өчнөөн олон жилээр хордож “Минамата”-гийн хоёр дахь хонгил руу уруудмааргүй л байна. Тэр тусмаа тэрбум тэрбумын төсөл хэрэгжиж тэнгэр цэлмэхийг хүлээн танхил үрсээ алдмааргүй байна.

Эцэг эхчүүд минь энэ төр засаг, далан худалчуудад итгэж найдахын оронд хүн бүхэн л үр хүүхдээ гэдэг юм чинь ядаж өглөө оройны түнэр харанхуй утааны оргил цагаар нялх үрсдээ найдвартай маск өмсгөж ясли цэцэрлэг сургуульд нь хүргэж өгч байвал эрүүл мэндэд нь учрах эрсдлийг нь бага ч гэсэн бууруулмаар байна. Манай бизнесменүүд ч гэсэн үүн дээр санаа оноогоо уралдуулах байлгүй дээ. Гэхдээ дахиад төсвийн мөнгөөр биш л дээ. Яахав үнэтэй багийг нь худалдаж авч дийлэхгүй ядарсан хэсэг нь өнгөрсөн жилийн Оросын түймрийн үеэр Москвагийнхны зүүгээд байсан давхар марлин маскийг хэрэглэбэл ядаж энэ их хорны нь 50 хувийг нь шүүж л таараа. Энэ бол аргаа ядсан санаа мэт боловч аргагүй үед хэрэглэх л ёстой арга хэмжээ юм шүү.

Ш.Пүрэвсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих