МАН-ынхан ”хадны мангаа”-гаар дарга нараа айлгаж эхэлжээ

Жаахан хүүхэд байхад “хадны мангаа” гэж нэг айхтар юмнаас үхтлээ айдаг байж билээ. Одоо ч зарим аав ээжүүд үгэнд ордоггүй хүүхдээ “хадны мангаа”-гаар

айлгасан хэвээрээ. Хадны мангаа гэж юу юм бол. Ийм хэлц үг хаанаас юунаас болж гарсныг нь мэдэхгүй ч ийм маягийн айлгах тактик Монголд аль эртнээс л байсан юм гэнэ лээ. Бүр Манжийн үед, тэрнээс ч эрт үед, сүүлд социализмын үед, энүүхэн зах зэзлийн шилжилтийн үед ч байсан. Одоо ч “хадны мангаа” байсаар л байна. Харин тэр хадны мангаа нь Н.Энхбаяр болчихоод байгаа гэж хүмүүс хошигнох юм билээ.

Харин түүнийг МАН-ынхан жинхэнэ “хадны мангаа” болгож байгаа гэнэ лээ. Сүүлийн үед МАН-ын бүлгийн хурлаас эхлээд энә намынхны хурал цуглаан болгон “хадны мангаа” руу ямар нэгэн байдлаар хальтарчихдаг болсон юм билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал л гэхэд сонгууль дөхөж буйтай холбогдуулан хэдэн гишүүн нь нэрээ дэвшүүлэхгүй бол “хадны мангаа” руу явлаа гэж дарга нараа айлгадаг болчихсон гэсэн. Намынх нь удирдлагууд 48 тойрогтой юм чинь 45 гишүүнээ бүгдэд нь нэр дэвших эрх олгоно гэж зөөллөж суугаа дуулдана лээ. МАН-ын нөлөөтэй, нөлөөгуй, том жижиг улстөрчид нь яг ийм аргаар өдөр хоногийг аргацааж, дарга нараа чичрүүлж, бүтән нойртой хонуулахгүй байгаа юм байх. Ерөнхийдөө “хадны мангаа”-тай очиж наалдчих гээд сандаргаад байдаг болчихсон намын гишүүдийнхээ юу санасан есөн хүслийг нь биелүүлэхэд бэлэн гэсэн үг. Нөгөө талд ядаж байхад “хадны мангаа” нь хүчээ авч, Монголын лидер улстөрчид тийшээ хошуураад байдаг, сонгууль дөхчихөөд байдаг. Естой л даарин дээр давс нэмэгдээд хэцүүдэж байгаа бололтой юм. Хавар болохоор гадаалж, ханш нь өсдөг Монголын улстөр сүүлийн үед “хадны мангаа”-гаар өвчилчихөөд байна.

Хүүхдийг багаас нь “хадны мангаа”, “чөтгөр” гэж айлгах нь хүмүүжилд нь муугаар нөлөөлдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Эцэг эхчүүд залхуурч, хувиа хичээснээс болж хүүхдээ айдас, түгшүүрт ингэж автуулахыг бүр ч цээрлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгвэл учраа мэддэг улстөрчид нэгнээ “хадны мангаа”-гаар айлгаж буй нь хувиа хичээсэн, эрээ цээргүй явдал биш гэж үү.

Намын удирдлагуудаа айлгах зорилгоор “хадны мангаа”-ддаг хөмсгөө зангидаж, нүдээ бүлтийлгэн, шүлсээ үсчүүлж заналхийлсэн маягаар бол хэзээ ч хол явахгүй л дээ. Намынх нь рейтинг өндөр, Н.Энхбаяр гэсэн “хадны мангаа” гарч ирээгүй байсан бол тэд ингэж суухгүй л байсан байх. Албан тушаал, эрх мэдэл хүнийг ямар болгодгийг тэднээс л харж болохоор байна. МАН-ын удирдлагууд улааныг үзэж урван, шарыг харж шарваж байгаа муусайн юмнуудыг хөөгөөд явуулчих хэрэгтэй юм биш үү. Бацаанууд хүртэл үерхэлдээ үнэнч байдаг юм шүү дээ, улстөрчид өө.

С.Онон


URL:

Сэтгэгдэл бичих