Монгол хүн бүрт илгээсэн нэхэл хатуутай ил захидал
Хүн бүрийн хүчин зүтгэлээс Монгол Улсын өдгөө хийгээд ирээдүй шууд шалтгаалах учир нэхэл хатуутай нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ гуйн хүсч, Монгол Улсын иргэн бүр ухтугай, ухаартугай хэмээн энэхүү ил захидлыг бичвэй. Нэхэл хатуутай хэмээхийн учир нь өгүүлэх зүйл буюу “архинаас аюул, сархадаас самуун” болсны хор хөнөөлийг хойч үе, хожмын өдөр нэн хатуу нэхэн бууж, Монгол үндэстний уг удамд гай гамшиг тохиохыг тодотгосон хэрэг буюу. Архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн хөөргөн нэрлэж, зүйл зүйлийн өнгө зүс, нэр гуншин, сав боодолтойгоор, хэмжээ хязгааргүй үйлдвэрлэж, хилийн чанадаас хяналтгүй оруулж, дэлгүүр бүгдэд дэлгэн худалдаж, байшин бүхэнд баар хэмээх архичны газар нээсээр байтал, цөөн хэдэн монголчууд маань архинд автах бус, живж үхэж эхэлвэй. Төр засгийн эрх мэдэлтнүүд бээр архинд живж байгааг мэдэхгүй бус мэдэж, харахгүй бус харж байгаа атал юунд эс дуугарна вэ?
Ард түмнээ хордуулж, ашиг олох нь өнөөдөртөө хэрэгтэй мэт боловч, маргааш элэг дотрын эмгэг өвчтөнөө эмчлэх гэж хэчнээн хөрөнгө зарцуулахыг наад зах нь тооцмоор юм даа. “Азийн чоно” гэх архинаас болж, арав гаруй хүн нэгэн дор амиа алдах үед долоо хоног хэр амар амгалан байсан даа. Гэвч холыг харж, алсаа бодсон арга хэмжээ аваагүй л өнгөрсөн. Төр хэмээгч зөв юманд зөөлөн хандаж, буруу зүйлд” төмөр нүүр”-ээ харуулах ёстой бус уу. “Хүн ахтай, дээл захтай” хэмээх эртний монгол ёсоо эрхэмлэдэг тул эхлээд дээд хүмүүст цөөн үгийг зориулав. Хүн бүхний мэдэж байгаагаар, өнөөдөр “архины аюул, сархадын самуун”-аас болж, өдөр бүр хүн амиа алдаж, аюул осолд орж, эрүүл мэнд, эд хөрөнгө, эв эе, ихийг бүтээх цаг заваа сүйдэлж байна. Нийгмийн элдэв сөрөг үр дагавар болсон хэрүүл тэмцэл, зодоон цохион, гэр бүлийн маргаан, хулгай дээрэм, биеэ худалдах, хууль бус хуйвалдаан зэргийн шууд шалтгаан нь бус гэхэд шалтаг өдүүлбэр нь архи л юм. Бас нэгэн зүйлийг онцлон дурдахад, архи хэмээх аюулт хор хэчнээн олон сайхан авьяас билигт хүмүүсийг орчлонгоос авч одсоныг байнга сургамж болгон санах учиртай. Архины аюулаас сэрэмжлэх арга тун амархан. Иргэн танаас ямар ч хөрөнгө мөнгө, цаг зав, ажил явдал, мэргэжил мэдлэг шаардахгүй, зүгээр л та өөрөө архи уухаа л больчих. Найз нөхөд чинь элдвээр шахаж шаардавч, аманд тань лав цутгахгүй шүү дээ. Зөвхөн тэвчээр л хэрэгтэй. Зөвхөн тэвчээр! Аяндаа найз нөхөд чинь ойлгож, харин ч таны сайн үлгэр дуурайл газар авах болно. Хүн бүр архи уухаа больчихвол, архитай холбогдсон олон зүйлийн хууль бус үйл явдал ч аяндаа унтарна: Хамгийн эрхэм нь хойч үе маань аврагдана. Энэ бүхэн монгол хүн бүрийн сэтгэлийн тэнхээ зүтгэл тэвчээрээс шалтгаална.
Үүний тул хичээнгүйлсэн МУИС-ийн профессор Шаравын ЧОЙМАА
URL: